Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нарын холбогдох албаныхан өчигдөр /2020.07.17/ Чингэлтэй уулын энгэр бэлд байрлах олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэхүү хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбай нь 108×72метр, 400 метрийн тойрог бүхий гүйлтийн 6 зам, дугуйн зам, галын техникийн спортын олон төрөлт олон улсын тэмцээнийг зохион байгуулах бүрэн боломжтой 2000 хүний суудал, 80 мянган га талбай ногоон орчин бүхий бүтээн байгуулалтын ажил юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан энэ үеэр “Энэхүү талбайд олон улсын тэмцээн уралдааныг зохион байгуулах бүрэн боломжтой болж байна. Хөл хорио тавигдсаны дараагаар тэмцээн уралдаан, урлагийн арга хэмжээг зохион байгуулах томоохон цогцолбор бий болсон. Улмаар аялал жуулчлалыг хөгжүүлэх орчиныг бүрдүүлэх бүрэн боломжтой юм. Нийслэлийн зүгээс иргэддээ зориулсан амралт зугаалга, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх ийм бүтээн байгуулалтыг хийхийн төлөө ажиллаж байна. Иргэдийнхээ дэмжлэг, хяналттайгаар тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудыг хийх хэрэгтэй. Солонгорсон эдийн засагтай болохын тулд аялал жуулчлал, спортоор дамжуулан эдийн засгаа хөгжүүлэх зорилго тавьж байгаагийн хүрээнд урлагийн задгай тайз, спортын талбайгаа иргэддээ сурталчлан таниулах хэрэгтэй байна” гэсэн юм.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл “Бид талбайн аюулгүй байдлыг хангах үүднээс камержуулах ажлыг судалж, анхаарч ажиллаж байна. Энэхүү талбайгаа жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулдаг болгох, аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлэхэд анхаарч ажиллах болно. Задгай театрт соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулах, Чингэлтэй уул руу алхах замыг бий болгох гээд төлөвлөсөн олон ажлууд бий” хэмээлээ.
Иргэдийн зүгээс хог хаях, нийтийн өмчид ариг гамгүй хандах асуудал байгааг холбогдох албаныхан хэлж байлаа. Харин нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хог хаяхгүй байх, нийтийн эзэмшилд анхаарал, хяналттай байхыг иргэддээ уриалж ажиллах, иргэдтэйгээ хамтарч ажиллах шаардлагатай гэдгийг хэлэв.