Эзэд гэдийж, комисс гуйсаар…

Хуучирсан мэдээ: 2020.07.18-нд нийтлэгдсэн

Эзэд гэдийж, комисс гуйсаар…

Эзэд гэдийж, комисс гуйсаар…

Улсын Онцгой Комисс өчигдөр /2020.07.17/ хуралдаж, гадаадад гацсан иргэдээ татан авах тухай хэлэлцэх үеэр тусгаарлах байр хангалтгүй тухай дахин хөндөв.

Нэг үгээр хэлбэл, тусгаарлах байрны хүрэлцээг нэмэгдүүлэхийн тулд УОК-ынхон нь гуйж, буудлын эзэд нь гэдийсээр өнөөдөртэй золгоо юу гэлтэй.  Монгол Улс хилээ хааж, тусгай үүргийн нислэг үйлдэн, иргэдээ татан авснаас хойш бүтэн зургаан сарыг ардаа хийсэн. Тэр үед л тусгаарлах байрны асуудал хөндөгдөж эхэлсэн бөгөөд үндсэндээ өнөөдөр ч шийдвэрлэгдээгүй байна.

УОК-ын  Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр “Тусгаарлах байр бэлдэх гэж бүх л зэрэглэлийн зочид буудлын эзэдтэй уулзаж, ярилцлаа. Өдөрт гурван хоолтой, хоногийн төлбөр нь 50 000 төгрөг байх буудал олддоггүй” гэдгээ хэвлэлээр дамжуулан дайв.

Уг нь Улаанбаатар хотоор нэг зочид буудал байдаг ч цагаа тулахаар цар тахлаас сэргийлж эх орондоо ирсэн иргэдийг байршуулчих нь цөөн аж. Шаардлага хангасан нь дээд зэрэглэлийн буудал тул хоногийн 120.000-150.000 төгрөгийн төлбөртэй. Гэтэл гадаадад олон сар гацсан иргэдэд хоногт энэ хэмжээний төлбөр төлөөд тусгаарлагдах эдийн засгийн боломж байдаггүй. Цөөн тооны иргэн боломжтой байлаа ч тэднийг дээд зэрэглэлийн буудалд тусгаарлахад бүхэлд нь хамгаалалтад авахад бас ажил ундрах аж.

Харин өдрийн 50 мянган төгрөгт багтаагаад, өдрийн гурав хоног хооллоод байрлуулчих буудал нь олддог ч инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй, нийтийн бие засах газартай, зарим нь гал тогоогүй зэрэг  нь халдвар хамгааллын дэглэм сахиулахад тэнцэхгүй болж, мухарддаг байна.

Ажлын хэсгийнхан тусгаарлах байрыг нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн хугацаанд судалгаа хийхэд нийслэл болон ойр орчмын  нийт 215 зочид буудал, 45 амралтын газар хамрагдсан бөгөөд 24 хувь нь инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй, нийтийн бие засах газартай, 25 нь гал тогоогүй гэсэн дүгнэлт гарчээ. Иймээс нөхцөл боломждоо тулгуурлаж татан авалтаа хийхээс аргагүй болохоо учирлаж байна.

Одоогоор нийт 30 байрлалд 2481 хүн тусгаарлалтад байгаа юм. Нэг өрөөнд нэг хүн тусгаарлана гэсэн шаардлагаас шалтгаалан хомсдол үүсчээ. Гэхдээ байхгүйн зовлон тоочоод суултай биш зарим газарт халдваргүйжүүлэлт хийлгэн, хивс, дрожийг нь сольж, цагаан хэрэглэл, аяга таваг худалдан авч, иргэдээ тусгаарлажээ. Цэцэрлэгийн гал тогоонд хоол хийж, “Тоёоко инн” зочид буудал руу зөөж буй юм байна.

Хөндөх ёстой бас нэг асуудал байгаа нь “Сүнжин гранд”, “Вин зоу”, “Амар”,  “Тоёоко Инн” зэрэг гадаад эзэнтэй зочид буудал УОК-ынхны хүсэлтийг хүлээн авч, гадаадаас ирсэн Монгол иргэдийг буудалдаа байршуулж, өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж байгаа бол Монгол эзэнтэй зочид буудлуудад нэг ч иргэнээ буулгаж чадалгүй өнөөг хүргэжээ.

Уг нь “Баянгол”, “Чингис”, “Улаанбаатар” гээд тоочвол олон зочид буудал бий ч гэдийсээр өнөөдрийг хүргэсэн бололтой юм. Социализмын үед баригдаж, өмч хувьчлалаар улстөрчдийн гарт очсон эдгээр буудлуудад иргэдээ түр байршуулчих зохицуулалтыг Шадар сайдаасаа эхлээд хийчихэж чадахгүй өнөөдрийг хүргэсэн нь бас л гачлантай.

Ийм л үед уг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн сэлэм гялзалзаж байвал ядарсан олондоо том тус болно доо.

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХахаХаха
13
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж