Одоогоос 14 жилийн өмнө Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа Малайз улсад хэрцгийгээр хөнөөгдсөн хэрэг гарсан билээ. Уг хэрэг өнөөг хүртэл бүрэн шийдэгдээгүй байгаа бөгөөд талийгаачийн гэр бүл өнгөрсөн онд Малайзын Засгийн газраас 100 ринггит буюу 27 сая ам.долларын нөхөн төлбөрийг нэхэмжилж дахин тус улсын шүүхэд хандсан юм.
Тэгвэл Ш.Алтантуяа агсны амь насыг хөнөөсөн хэрэгт цаазын ял сонсоод байгаа цагдаагийн офицер Азилах Хадригийн гаргасан дахин шүүлгэх хүсэлтийн дагуу ирэх арванхоёрдугаар сарын 8-ны өдөр шүүхийн сонсгол явуулах болсныг Малайзын холбооны шүүх өчигдөр /2020.07.17/ зарлажээ.
Өдгөө Малайзын шоронд хоригдож байгаа Азилах өнгөрсөн оны сүүлээр аллагыг Ерөнхий сайд асан Нажиб Разакын заавраар гүйцэтгэсэн гэдгээ анх удаа илчилж, дахин шүүлгэх хүсэлт гаргасан нь энэ юм.
Харин Ерөнхий сайд асан Нажибын зүгээс аллагын хэрэгт өөрийг нь буруутгасан Азилахын мэдүүлгийг няцаах хүсэлтийг гаргасан бөгөөд уг хүсэлтийг 2020 оны аравдугаар сарын 21-ний өдөр хэлэлцэхээр болжээ.
Өмнө нь цагдаагийн офицер байсан Азилах нь тухайн үед Ерөнхий сайд асан Нажибын бие хамгаалагчаар ажиллаж байсан гэх ба өөрийн хамтрагч мөн цагдаагийн офицер байсан Сирул Азхар Умарын хамт 2006 онд Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, 2015 оны нэгдүгээр сарын 13-нд Малайзын холбооны шүүхээс цаазын ял сонссон юм. Сирул Азхар шүүх хурал болохоос өмнө Малайзаас дүрвэж, өнөөдрийг хүртэл Австралид амьдарч байгаа юм. Тэрбээр өнгөрсөн 2019 онд Малайз улсаас улс төрийн орогнол хүссэн ч тус улс түүний хүсэлтийг хүлээж аваагүй билээ.
Эх сурвалж: MALAISIAKINI
А.БОЛД
Холбоотой мэдээ