АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын төрсөн ахынх нь охин Мэри Трамп саяхан Ерөнхийлөгч Трампын талаар “Хэтэрхий их ба хэзээ ч хангалттай биш: Манай гэр бүл дэлхийн хамгийн аюултай хүнийг хэрхэн бүтээсэн тухай” нэртэй ном гаргасан нь шуугиан тариад байгаа билээ.
Уг номонд Дональд Трампын талаар олон таагүй баримтууд дурдагдсан байгаа ба ном худалдаанд гарсан эхний өдрөө л 950 гаруй мянган хувь борлогдсон байна. Трампын эцгийн түүх, дурсамжууд, АНУ-ын ирээдүйн Ерөнхийлөгчийн сэтгэл зүй, хүмүүжил төлөвшилд хэрхэн нөлөөлснийг уг номонд өгүүлсэн аж. Номын зохиолч Мэри Трамп нь өөрөө сэтгэл судлалын докторын зэрэгтэй хүн юм байна.
Энэхүү номыг хэвлэлэсэн “Simon & Schuster” хэвлэлийн компанийн мэдээлснээр энэ нь урьдчилсан захиалга, цахим болон аудио хувилбарыг оролцуулсан тоо бөгөөд тус компанийн хувьд өмнө нь ямар ч ном эхний өдрөө ийм олон хувь борлогдож байгаагүй гэнэ. Ер нь ямар ч ном эхний өдрөө байтугай худалдаанд гарсан эхний долоо хоногтоо олон зуун мянган хувь борлогдох нь тун ховор байдаг ажээ.
Мэри Трампын номыг хэвлүүлэхийг хориглох хүсэлтийг Ерөнхийлөгчийн дүү Роберт Трамп Нью-Йорк мужийн шүүхэд гаргаж, хотын шүүх уг номыг хэвлэхийг түр хугацаагаар хориглосон ч давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг хүчингүй болгосон юм.
Үүнээс өмнө 2018 оны есдүгээр сард хэвлэгдсэн, Боб Вүүдвардын бичсэн “Айдас: Трамп Цагаан ордонд” хэмээх ном эхний өдрөө 750,000 хувь борлогдож байжээ. Мөн бүх цаг үеийн шинэ номны борлуулалтын дээд амжилтыг 2007 онд гарсан Харри Поттер цувралын хамгийн сүүлчийн бүлэг “Harry Potter and the Deathly Hallows” эзэмшдэг бөгөөд эхний өдрөө 8,3 сая хувь борлогдож байжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ