Ноён урваач, нохой шарваач гэж

Хуучирсан мэдээ: 2016.01.14-нд нийтлэгдсэн

Ноён урваач, нохой шарваач гэж

Улс төрийн урвалт, шарвалт бараг ердийн үзэгдэл болж хувирав. Үзэл бодол, ёс зүйн талаар тэдэндтэй яриад ч хэрэггүй. Өнгө мөнгө, эрх мэдэл, ашиг хонжоо хаана байна тэнд насан туршийн дайснууд хүртэл нэгдэж, нийлдэг нь бичигдээгүй хууль хойно доо.

Сонгууль ойртох тусам урвалт, шарвалт, хагарал тэмцэл хаа сайгүй л нүүрлэх бололтой. Улс төрийн өрнөлийг харахад бизнесийнхэн Хөдөлмөрийн үндэсний намыг сонгох нь Монголын төрд татсан МАНАН-г сарниулах боломж гэж харж байгаа бололтой. Ялангуяа МАН-аас ХҮН руу урваж, шарваж зугатаж, гүйх нь ихэссэн.

С.Ганбаатарын араас энэ намд элсэхээр зарим нэг бие даагч хэдийн бие халаалтаа эхлүүлсэн гэх. Ямар ч байсан ХҮН-аас Г.Уянгыг намдаа элсээч гэсэн хүсэлт тавиад байгаа гэнэ.

Тэгвэл МАН-аас МАХН руу, МАХН-аас МАН руу орохоор төлөвлөж байгаа улстөрч цөөнгүй байгаа гэх “бор шувуу” улс төрийн хүрээнээс нисч байна.

2012 оны сонгуулийн өмнө МАН-аас гарч МАХН буюу Н.Энхбаяр намд орсон Д.Тэрбишдавга, Ч.Улаан нар сүүлийн үед Тусгаар тогтнолын ордон хавиар эргэлдэх болсон сурагтай. Тэд МАН болон МАХН-ын эвсэх нэгдэх асуудлыг илэрхий дэмжиж байгаа ч Н.Энхбаярын зүгээс ямар нэгэн тоймтой хариу өгөхгүй байгаа нь МАН-ыг эргэлзэхэд хүргээд буй гэх. Хоёр Энхболдын хооронд “жороолох” Н.Энхбаярын алсын санаа, далд бодлогыг АН, МАН-ынхан олж мэдэх гээд ч чадахгүй байгаа аж.

Нэг харахад З.Энхболдтой гар барих гээд нөгөө харахад М.Энхболдын бугуйг барих ч юм шиг Н.Энхбаярын улс төрийн тоглолт урьдчилан таамаглахад төвөгтэй байгаа учраас МАН-ын дарга нар ч МАХН-тай сүжрэх сонирхол нь буурсан гэлтэй, нэгдэх эвсэх тухай ярихаа ч больжээ.

МАХН-аас нэр дэвших дэмий гэж үзсэн үү, эсвэл жагсаалтад оруулахгүй гэж Н.Энхбаяр хэлсэн үү, эсвэл илүү том шалтгаан байгаа ч юм уу энэ жилийн сонгуулийн Д.Тэрбишдавга, Ч.Улаан нар буцаад МАН-даа элсэх тухай яриа ч чих дэлсэх боллоо.

Д.Тэрбишдавга, Ч.Улааны хувьд Н.Энхбаярыг дагаж самбагнасан учраас тэдэнд МАН тойрог өгнө гэхэд хэцүү. Олон жил СХД-т ялалт байгуулсан Д.Тэрбишдавга энэ удаад Архангайгаас нэр дэвшихээр төлөвлөж байгаа гэхээр түүний нэр хүнд энэ дүүрэгт шалдаа унасан гэсэн үг. Иймээс л том нам бараадаж, УИХ-д суух гэсэн “доошоо харж, дорой дуугарсаар” төрхөмдөө буцан очихоор төлөвлөж байгаа бололтой. Гэхдээ ямар нүүрээрээ МАН-д буцад орох вэ гэж Ардын намынхан ад үзэж байгаа гэнэ лээ.

Ийнхүү сонгууль ойртохын хэрээр ноёд урваж, нохой шарвах нь улам л ихсэх байх даа.

А.ШАРХҮҮ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж