Б.Баттүшиг Олон улсын олимпийн хорооны гишүүнээр сонгогдлоо

Хуучирсан мэдээ: 2020.07.18-нд нийтлэгдсэн

Б.Баттүшиг Олон улсын олимпийн хорооны гишүүнээр сонгогдлоо

Б.Баттүшиг Олон улсын олимпийн хорооны гишүүнээр сонгогдлоо

Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Батболдын Баттүшиг Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ны гишүүнээр сонгогдлоо. ОУОХ-ны 136 дахь чуулган өчигдөр/2020.07.17/ цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулагдаж өндөрлөв. Тус чуулганаар ОУОХ нь шинээр таван гишүүнийг баталснаар нийт 103 гишүүнтэй боллоо.

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах “Залуучууд болон эмэгтэйчүүдийн төлөөлөл ОУОХ-ны удирдах түвшинд нэмэгдэж буйд баяртай байна. Тэдний мэдлэг, туршлага нь нийт Олимпийн хөдөлгөөнд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгдэв.

ОУОХ-ны шинэ гишүүдээр МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэлхийн бадминтоны холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Б.Баттүшигээс гадна Олон улсын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч, Олимпийн аварга Себастьян Коэ, Хорватын Ерөнхийлөгч асан Колинда Грабар-Китарович, Саудын Арабаас АНУ-д суугаа Элчин сайд, гүнж Рима Бинт Бандар Аль-Сауд, Кубын ҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Олимпийн аварга Мария де ла Каридад Колон Руэнес нар сонгогдсон байна.

Чикагогийн их сургууль, Харвардын их сургуулийг төгссөн Б.Баттүшиг нь Олимпийн хөдөлгөөний түншлэл-хамтын ажиллагаа, технологи-инновацийн чиглэлд онцгойлон анхаарал хандуулан ажиллаж буй спорт-олимпизмийн залуу зүтгэлтэн, боловсон хүчин билээ.

Б.Баттүшиг нь 2017 онд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж эхэлсэн бөгөөд мөн “Токио-2020” Олимпийн наадамд оролцох Монголын багийн ахлагчийн үүргийг гүйцэтгэж буй. Тэрбээр 2018 онд ОУОХ-ны Маркетингийн комиссын гишүүнээр томилогдож, 2020 онд улиран сонгогдсон билээ.

Монгол улсаас өмнө нь, спортын олондоо “Олимпийн өвөө” хэмээн хүндлэгдсэн Ш.Магван нь ОУОХ-ны гишүүний албыг 2007 оныг хүртэл гүйцэтгэн өдгөө ОУОХ-ны Хүндэт гишүүн болоод буй.

Б.Баттүшиг нь 2015 онд Монголын бадминтон сонирхогчдын холбооны ерөнхийлөгч, 2017 оны Дэлхийн бадминтоны холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүний сонгуульт ажлыг хүлээн авч, тус спортыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуусыг татан оруулах, материаллаг баазыг нэмэгдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

ЭХ СУРВАЛЖ: MNOC, olympic.org

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
17
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж