Улсын онцгой комиссын шийдвэрээр гадаад дахь иргэдээ татах ажил үргэлжилж байгаа. Тэгвэл өнөөдөр /2020.07.17/ гадаад дахь иргэдээ татан авахаар энэ сард нэмэлтээр гурван нислэг үйлдэхээр болсон талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр,
-Улсын онцгой комиссын шийдвэрээр долдугаар сард 10 нислэг үйлдэхээр төлөвлөсөн байсан ч өнөөдрийн байдлаар 7 нислэг үйлдэж, 1927 иргэнээ эх орондоо татан авчирсан. Долдугаар сарын 20, 21, 27-ны өдрүүдэд нислэг хийхээр төлөвлөж, ажиллаж байна. Шинээр нэмэгдүүлж байгаа гурван нислэг нь Сөүл рүү хоёр удаа, Австрали руу нэг нислэг үйлдэж, 690 иргэнийг татан авчрахаар төлөвлөж байна. Гадаадаас иргэдээ авахдаа дотоодын нөхцөл байдал, тусгаарлах байрны нөөц, эрүүл мэндийн салбарын ажилчдын хүртээмж зэргийг бодолцож, хүмүүсээ татаж байгаа. Улсын онцгой комисст 10513 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ тавьсан байгаа. Цаашид үе шаттай, дотоодын нөөц бололцоогоо харж, шалтгаан нөхцөлийг үндэслэж татан авах ажил үргэлжилнэ. Өнгөрсөн хоёр, гурав, дөрөвдүгээр сард 934-1400 орчим иргэдээ татан авч байсан бол тавдугаар сард 2300, зургадугаар сард 2433, долдугаар сард гурван нислэг хийсний дараа 1400 орчим иргэнээ татан авах нөхцөл бүрдэнэ гэлээ.
Холбоотой мэдээ