МАН ургийн томилгоог үргэлжлүүлэв

Хуучирсан мэдээ: 2020.07.17-нд нийтлэгдсэн

МАН ургийн томилгоог үргэлжлүүлэв

МАН ургийн томилгоог үргэлжлүүлэв

“Хүчээ нэгтгэе” уриатайгаар УИХ-ын 2020 оны сонгуульд оролцон, 62 суудал авсан МАН Засгийн газраа эмхлэн байгуулсны дараа ургийн томилгоогоо үргэлжлүүлэв.

Тухайлбал, Шадар сайд асан, УИХ-ын гишүүн асан Ө.Энхтүвшиний хүү Э.Золбоо Барилга хот байгуулалтын дэд сайд болоод байна. Улс төр судлаач мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй хүнийг Барилга хот байгуулалтын дэд сайд болгосон нь мэргэжлийнх нь дагуу албан тушаал олдоогүй юм болов уу гэх хардлагад ч хөтлөөд буй.

Хүргэн ахын хүчээр өнгөрсөн дөрвөн жилд Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайдын алба хашсан гэдэг С.Мөнгөнчимэг энэ дөрвөн жилд Сангийн дэд сайдаар ажиллахаар болж байна. Тэрбээр УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаярын эхнэрийн дүү гэгддэг.

Шинэ намын дарга Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэд Монголын төр өртэй юм уу гэмээр заавал нэг албан тушаалд томилдог. Өнгөрсөн хугацаанд тэрбээр Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ч тус яаманд хүн амины ноцтой хэрэг гарч, төмөр зам эвдэрсний дараа сайд, дэд сайдынхаа хамтаар чөлөөлөгдсөн. Гэвч төд удалгүй Ерөнхий сайд У.Хүрэлсүх зөвлөхөөрөө дэргэдээ авсан. Харин зөвлөхийн үүргээ тун сайн гүйцэтгэсэн гэж үзэв үү, эсвэл энд өөр шалтгаан байв уу, буцаагаад Зам тээврийн хөгжлийн яаманд дэд сайд болгож, томилов. МАН Ж.Бат-Эрдэнэд өртэй байж болох ч төр уг нь түүнд өргүй л байлтай.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилогдсон С.Баатаржавыг Ц.Нямдоржийн хамаатан гэдэг яриа хөөрөө газар авч байна. Хэрэв энэ яриа баттай бол хууль зүйн салбарын ажил Ц.Нямдоржийн хараанаас холдохгүй л гэсэн үг.

Уг нь өмнөх дөрвөн жилд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаярыг Австрали улсад суух Элчин сайдад нэр дэвшүүлж, Батлан хамгаалахын сайд асан Н.Энхболдын хүү Э.Одмөнх Бээжинд Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайдын зөвлөх, консулын газрын дарга болсон мэдээ нэлээд хэл ам таталсан ч сургамж аваагүй бололтой, ургийн томилгоогоо дэд сайд нараар үргэлжлүүлэв.

Нутаг ус дагасан томилгоо ч дэд сайдыг тойрсонгүй. Архитекторч мэргэжилтэй М.Батбаяр Соёлын дэд сайд болов. Хэнтий аймгийн угшилтай байсныхаа хүчинд өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайдад зөвлөж байсан бол өнөөдөр харин дэд сайдын суудалд тухлав.

Соёлын өвийн бодлого алдагдсан Монголд барилгын мэргэжилтнээс илүүтэй салбараа л сайн мэддэг хүн тулх болж ажилламаар байлтай.

Уг нь Ардчилсан нам Засгийн эрх барихдаа 2015-2016 онд дэд сайдгүйгээр ажиллаж болохыг харуулсан. Нэг нам дангаар эрх барьж байгаа нөхцөлд илүү албан тушаал гаргаж, татвар төлөгчдийн мөнгийг үрэх шаардлагагүй. Тэр тусмаа Монгол Улсын 2020 оны төсвийн алдагдал 4 их наяд хүрсэн байхад илүү л орон тоо, илүү л зардал. Харамсалтай нь, Ардын Засгийн сайд нарын халааснаас мөнгө нь гарахгүй татвар төлөгчдийн зүтгэж олсноор дэд сайдыг цалинжуулах тул ёо гэхгүй л томилгоо хийлээ дээ.

Удахгүй агентлагийн газрын дарга нарын асуудал хөндөгдөж таарна. Цагдаагийн ерөнхий газрын дарга хэн болох вэ гэдэг дээр эрх баригч хүчнийхэн “зодолдоод” эхэлсэн сураг дуулдах. Бас нэг ураг төрөл, нутаг ус харсан томилгоо хийчихгүй байгаасай л гэж найдах үлдлээ.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж