Роалд Даал
Хатагтай Фостер бол галт тэрэгнээс, онгоцноос тэр байтугай театрын үзвэрээс юу юугүй хоцрох нь хэмээн ямагт адгаж явдаг, тэр нь бараг эмгэг шинжтэй болчихсон хүн. Учиргүй цухалдуу зантай биш боловч юунаас ч юм хоцрох нь гэдэг сандралд автахаараа шазвалдаж татагнаад эхэлдэг юм. Уг нь сүртэй ч юм биш, зүүн нүдний нь захын булчин чангарснаас нууцхан ирмэлт маягийн таталт өгдөг төдий. Гэвч тэрхүү ирмэлт галт тэрэг, онгоц гээд юунаас болсон түүндээ хоцролгүй орж сууснаас хойш цаг орчим болж байж намждаг нь түвэгтэй.
Галт тэрэгнээс хоцрох вий хэмээх хэнд ч байх түгшүүр мэтхэн зарим хүмүүсийн хувьд ийм ноцтой эмгэг болчихдог нь үнэхээр хачирхалтай. Галт тэрэгний буудал руу хөдлөхөөс наад зах нь хагас цагийн өмнө хатагтай Фостер хүрмээ өмсөж, малгайгаа тавьчихаад бээлийгээ хүртэл углан шатаар бууж ирнэ. Тэгээд адгууг нь сайтар мэдэх нөхөр нь өрөөндөө бүгж бүгж арай гэж нэг юм цухуйгаад, хөндий хүйтнээр “одоо хөдлөсөн нь дээр үү, үгүй юу” хэмээн асуух хүртэл байж суух аргагүй дэгэлзэн, дэвэлзэн хэдэн өрөөгөөрөө түгшүүртэйгээр нааш цааш хөлхдөг юм.
Ноён Фостер эхнэрийнхээ энэхүү утгагүй зуршилд эвгүйцэх эрхтэй байж мэдэх ч түүний урхагт эмгэгийг дэврээхгүйн тулд их хүлээлгэхгүй байж болох шүү дээ. Гэвч ноёнтны үйлдэх нь ямагт чанд няхуур. Хамтдаа гадагш гарах бүрт нэг хоёр минут төдийхөн заавал хоцрох бөгөөд түүн шиг боловсон хүн хөөрхий эмэгтэйг санаатайгаар тарчлаан зовоодог гэж итгэхэд бэрх. Мань эрийн гарцаагүй мэдэх бас нэг зүйл гэвэл хатагтай түүнийг хэзээ ч дуудахгүй, бас яаруулах учиргүй. Үүнийг тэрээр хатуу журамлан мөрдүүлдэг юм. Сүүлчийн мөч хүртэл хүлээлгэх нь эмэгтэйг галзуурахад хүргэнэ гэдгийг ноёнтон мэдэхгүй байх аргагүй. Хамтын амьдралынхаа сүүлийн хэдэн жилд тэрээр хөөрхий эмэгтэйн гачлант байдлыг улам хурцатган тамлах зорилгоор галт тэрэгнээс зориуд хоцроохыг завдсан нэг хоёр онцгой тохиолдол ч бий.
Нөхөр нь үнэхээр өөдгүй (гэвч хэн ч итгэлтэй хэлэх аргагүй), түүний хандлага зөвтгөх аргагүй байлаа ч энэхүү засрашгүй гүжир, жижиг дутагдлыг үл харгалзан хатагтай Фостер хэзээ ямагт хайр татсан, сайн эхнэр байсаар ирсэн. Гуч гаруй жил нөхөртөө үнэнчээр хичээнгүйлэн үйлчилсээр өдий хүрчээ. Энэ бол маргашгүй үнэн. Даруу номхон хүний хувьд, сэтгэлийн нь мухарт сэжиглэж таамаглах тодорхой үндэслэлүүд байвч нөхөр нь түүнийг зориудаар тамладаг гэдэгт хэзээ ч итгэж байсангүй, гэвч сүүлийн үед өөрийн эрхгүй тийн бодол толгойд нь хэд хэдэн удаа харван орж ирсэн нь аргагүй тээнэгэлзэхэд хүргээд буй.
Дал шүргэж яваа ноён Эгиен Фостер, эхнэрийн хамт Нью Йорк хотын Зүүн 66 дугаар гудамд байх зургаан давхар том байшинд амьдардаг бөгөөд тэднийх дөрвөн үйлчлэгчтэй. Зожигдуухан энэ айлаар зочин гийчин ч ховор. Харин нэгдүгээр сарын энэ онцгой өдрийн өглөө эртээр эднийд хөл хөдөлгөөн эхэлсэн бөгөөд ингэж сандралдан гүйлдэх гайхалтай учир шалтгаан байсан нь мэдээж. Нэг үйлчлэгч тоосноос хамгаалсан хуйлаатай бүтээлгүүд өрөө бүрт оруулж, харин нөгөө нь тавилгууд дээгүүр дамнуулан бүтээнэ. Ахлах туслах чемодануудыг доош буулган, үүдний танхимд өрнө. Тогооч гал зуухнаас байн байн цухалзан, ахлах туслахтай үг шидэлцэх зуурт хатагтай Фостер хуучин загварын үслэг хүрэм углаж, толгой дээрээ хар малгай тавиад, өрөөнөөс өрөө дамжин энэ бүх ажлыг удирдах маяг үзүүлнэ. Үнэндээ бол түүний толгойд нөхөр нь ажлын өрөөнөөсөө даруйхан гарч ирж явцгаахгүй бол онгоцноос гарцаагүй хоцрох нь гэхээс өөр бодол үгүй.
“Цаг хэд вэ, ахлах аа” хэмээн ахлах туслахын дэргэдүүр өнгөрөхдөө хатагтай асуув.
-Есөн цагаас арван минут өнгөрч байна, мадам.
-Унаа ирчихсэн үү?
-Тийм ээ мадам, хүлээж байгаа. Би одоохон ачаагаа машинд оруулаадахъя.
-Айдлвайлд хүрэхэд нэг цаг. Миний суух онгоц 11 цагт хөөрнө. Харин би тэнд цаг хагасын өмнө бүртгүүлэхэд бэлэн очсон байх учиртай. Би хоцрох нь. Хоцрох маань гарцаагүй болж таарлаа.
-Танд хангалттай цаг байгаа гэж бодож байна. Би ноён Фостерт таныг 9 цаг 15 минутад хөдлөх учиртайг сануулсан юмсан. Таван минутын зай үлджээ хэмээн ахлах туслах зөөлөн хариулав.
-Тиймээ Валкэр мэдэж байна, мэдэж байна. Ямар ч гэсэн чемодануудыг хурдан ачаатхаарай, тэгнэ үү.
Ингээд хүлээлгийн танхимаар өөд уруугаа алхалж эхэлсэн бөгөөд ахлах туслахыг ойртох бүрт цаг лавлана. Яасан ч хоцрох учиргүй нислэг юм шүү хэмээн амандаа байн байн үглэж байв. Нөхрийгөө зөвшөөрүүлэх гэж хэдэн сарын ажил болсонсон. Хэрвээ нислэгээс хоцрох аваас нөхөр нь бүх төлөвлөгөөг цуцалж орхихоо сийхгүй. Хамгийн зовлонтой нь тэр онгоцны буудал орж гаргаж өгнө хэмээн зарлигдсан явдал.
“Бурхан тэнгэр минь” хэмээн тэрээр дуу алдаад, “Би мэдээд байсан юм аа, хоцорно гэдгээ, би хоцрох нь” хэмээн чангаар хэлэв. Зүүн нүдний нь буланд хэзээний таталт өгөөд эхэлчихэж. Хоёр нүдний нь аяганд юу юугүй нулимс мэлтэгнэх нь.
-Цаг хэд вэ, Валкэр?
-Арван найман минут өнгөрчихлөө, мадам.
-За хоцрох минь гарцаагүй боллоо. Ээ, тэр гараад ирдэг ч болоосой.
Энэ бол хатагтай Фостерын хувьд тун чухал аялал. Тэр өөрийн биеэр Парис орж, франц эртэй гэрлэсэн ганц охиноо эргэнэ. Хатагтай Фостер харь нөхрийг нь сүртэй анхаардаггүй ч охиндоо туйлын хайртайн дээр хамгийн чухал нь, гурван зээгээ харах асар их хүсэл нь сая нэг биелэх юм. Тэднийгээ шуудангаар хүлээж аваад гэрээрээ нэг тарааж өрсөн гэрэл зургуудаас харсан төдий. Хачин хөөрхөн хүүхдүүд. Шинэ зураг ирэх бүрт хатагтай зайдуухан суугаад, нэгбүрчлэн сонжиж, тэр жижигхэн царайнуудаас уг удмынхаа ижил төстэй шинж байдлыг ихэд нямбайлан эрж хайдаг билээ. Харин сүүлийн үед түүнд хүүхдүүдээ эргэж тойрох, гадуур хамт алхан бэлэг сэлт авч өгөх, өсч өндийж буйг нь харах боломжгүй ийм хол амьдармааргүй санагдах болжээ. Мэдээж, нөхрийгөө амьд сэрүүн ахуйд ийнхүү бодох нь үнэнч бус, буруу бодол гэдгийг тэр сайн мэднэ. Бас нөхөр нь ихэнх ажил хэргээсээ холдож хөндийрсөн ч Нью Йоркийг орхин, Парист амьдрахыг хэзээ ч зөвшөөрөхгүй гэдгийг мэднэ. Хаа очиж түүнийг зургаан долоо хоног ганцаараа Парис ороод ирэхийг зөвшөөрсөн нь аз. Санаагаар болдог бол хүүхдүүдтэйгээ үргэлж хамтдаа амьдарч, ойрхон байхыг хэчнээн их хүснэ вэ!
-Валкэр цаг хэд вэ?
-Хорин хоёр минут өнгөрчихлөө, мадам.
Туслахын хариулахтай зэрэгцэн хаалга нээгдэж, ноён Фостер үүдний танхимд бууж ирлээ. Ноёнтон түр саатан, эхнэрээ гярхай гэгч тогтоон ажихуйд хатагтай атигар боловч хэзээний хээнцэр, Андрью Карнегийн өлгөөтэй зураг шиг уйтгартай, нүүр дүүрэн сахалтай царайг хариу ширтэв.
“За аа” хэмээн ноён Фостер үгээ зөөн “чи тэр онгоцондоо амжих санаатай байгаа бол миний бодоход бид даруйхан хөдөлсөн нь дээр болов уу, тийм үү” гэв.
-Тиймээ, хонгор минь, тийм. Бүгд бэлэн. Унаа хүлээж байгаа.
-Болж байна.
Тэр хүзүүгээ гилжийлгэн эхнэрээ няхуур гэгч ажина. Толгойгоо хачин жигтэй өргөөд, дараалсан огцом хөдөлгөөнөөр эрүүгээрээ өлийв. Огцом хөдөлгөөн хийгээд хоёр алгаа нийлүүлэн цээжин тушаагаа хавсран атгасан байдал нь цэцэрлэгт хүрээлэнд зогсож байдаг ухаалаг шаламгай, хөгшин хэрмийг яагаад ч юм санагдуулах аж.
-Валкэр хүрмийг чинь аваад ирлээ. Алив өмсөөрэй хонгор минь.
Гэтэл ноёнтон “Би одоохон буцаад ирье” гэснээ эргэн “гараа угаачхаад ирнэ” хэмээн үгээ гүйцээгээд, цааш алхлаа.
Хатагтай хүлээсээр, ард нь өндөр том биетэй ахлах зарц нь ноёны хүрэм болон малгайг барьсаар зогсоно.
-Валкэр, би хоцрох уу?
-Үгүй ээ, мадам. Та амжина гэж би бодож байна.
Тэгж байтал ноён Фостер ирж, Валкэр хувцсыг нь өмсгөв. Хатагтай Фостер яаран гарч, захиалгын кадиллакт суулаа. Нөхөр нь араас нь ер яарсан шинжгүй алхах мөртөө шатаар уруудах замдаа зогсож, тэнгэр ажин, өглөөний сэрүү татсан агаараар урт амьсгалж үзнэ.
“Манан ихтэй байна даа” хэмээн эхнэрийнхээ дэргэд зэрэгцэн суунгаа хэлэв. “Онгоцны буудал хавь ямагт эндэхээс дор байдаг. Онгоц хэдийн цуцлагдчихсан байвал би лав гайхахгүй.”
-Хонгор минь, тэгж л битгий хэлж үзээрэй, гуйя.
Машин Лонг Айланд хүрэх голыг гатлах хүртэл тэд дахин үг сольсонгүй.
Ноён Фостер “Би үйлчлэгч нарын асуудлыг бүгдийг зохицуулсан” хэмээгээд “Бүгд өнөөдөр явцгаана. Зургаан долоо хоногийн хагасаар бодож цалинг нь тавьсан. Буцааж ирүүлэх үедээ Валкэрт цахилгаан утас илгээчихнэ.”
-Тийм ээ мэднэ, надад хэлсэн.
-Би бүлгэмийн байр луу өнөө орой нүүнэ. Тэнд хэсэг амьдрах нь сайхан өөрчлөлт байх вий.
-Тэгэлгүй яахав, хонгор минь. Би чамд бичнэ ээ.
-Би үе үе гэр лүү залгаж, байдал хэвийн эсэхийг шалгангаа шуудангаа авчихаж байя.
-Уг нь Валкэр тэнд байнга сууж, юм хумыг маань харж байсан нь дээргүй юу хэмээн хатагтай Фостер хүлцэнгүй бувтнав.
-Утгагүй юм. Ямар ч шаардлагагүй. Тэгвэл яалт ч үгүй цалинг нь бүтэн олгож таарна.
-Тийм шүү, нээрээ тэгэх нь.
“Цор ганцаараа байшинд үлдчихвэл хүмүүс яадгийг чи ямар мэдэх биш” гээд ноён Фостер навчин тамхи гарган, мөнгөлөг захыг нь тасдаж хаяад, алтан асаагуураа гарган асаав.
Хатагтай Фостер хоёр гараа чанга атгаад, хивсэнд шигтгэсэн чигтээ сууна.
-Чи над руу бичих үү?
“Харж л байя” гэснээ ноёнтон үргэлжлүүлэн, “За даа, юу л бол. Гарцаагүй учир л биш бол үзэг цаас нийлүүлэх дургүйг минь чи мэдэхгүй биш” гэв.
-Тиймээ, мэднэ хонгор минь, санаа зоволтгүй дээ.
Тэд давхисаар Күинс өргөн чөлөөг өнгөрөн, Айдлвайлд баригдсан намагт талбайг зүглэх үес манан улам өтгөрч, машин эрхгүй хурдаа хасав.
-Хонгор минь, яана аа. Би хоцрох нь тодорхой боллоо. Цаг хэд болж байна?
“Битгий муу амлаад бай” хэмээн хөгшин эр бувтнаад “хоцорсон ч ямар хамаатай юм. Цуцлагдсан нь гарцаагүй. Иймэрхүү цаг агаарт тэд хэзээ ч нисдэггүй. Чи ер нь яах гэж наашаа зүглэснийг би ойлгохгүй нь.”
Хатагтай итгэлтэй байх аргагүй ч, өвгөний хэлэх үгний байдалд ямар нэгэн шинэ өнгө аяс цухалзах шиг санагдахуйд түүн лүү толгойгоо эргүүлэн ажиглав. Их үс ноосны нь араас царайд нь чухам ямар өөрчлөлт орсныг олж магадлахад бэрх. Ялангуяа ам нь. Зөвхөн амыг нь харахсан гэж тэр хэчнээн удаа хүсэж байв аа. Уур хилэнтэй байхаас бусад үед харц нь ямар ч илэрхийлэлгүй байдаг юм.
“Мэдээж” хэмээн нөхөр нь үгээ сунжруулан эхлээд “онгоц чинь нисэх боллоо гэхэд чамтай санал нийлж таарах нь. Чи амжихаа өнгөрсөн. Одоо хоцорно гэдгээ хүлээн зөвшөөрчихвөл яасан юм” гэв.
Хатагтай Фостер цааш эргэн, машины цонхоор үзэгдэх өтгөн мананг нэвт шувт ажиглаж явав. Тэднийг нааш хөдөлсөнөөс хойш манан улам өтгөрөөд, одоо замын хашлага хийгээд түүний цаадах ногоон зүлэгний хаалт л бүрэлзэх төдий харагдана. Нөхөр нь өөрийг нь нүд цавчилгүй ажиглаж байгааг тэр мэднэ. Нөхөр лүүгээ зэрвэс харах агшинд харц нь зүүн нүдний нь буланд татваганан буй булчинг тэгэхээс тэгэх гэж хараа салгалгүй гөлөрч буйг анзааран агдасхийв.
-Чи амжихгүй биш үү?
-Би юунд амжихгүй гэж?
-Нислээ гэхэд чи хоцорсон гэдэгт эргэлзэх юм алга. Бид энэ хар манантайд хурдан давхиж болохгүй.
Тэр дахин дуугарсангүй. Машин урагш мөлхсөөр. Замын хажуугийн шар гэрлүүд жолоочид дэм болон зүглүүлж байв. Бусад цагаан бас хар гэрлүүд манан дундаас ээлжлэн анивалзана, тэр дунд нэгэн хурц цаашлах тусам тодорсоор байв.
Гэнэт машин тоормозлов.
“Хэлээгүй юу” хэмээн ноён Фостер чарлаад, “Бид гацаж орхилоо. Би мэдээд байсан юм аа” гэв.
“Үгүй ээ, ноёнтоон” хэмээгээд жолооч толгойгоо эргүүлэн, “Бид амжсан. Онгоцны буудал дээр ирчихлээ” гэв.
Хатагтай Фостер ганц үг хэлэлгүй үсэрч буугаад, буудлын гол хаалгыг зүглэн яаравчлав. Буудал хөл хөдөлгөөн ихтэй, дүнсгэр голдуу царайлсан хүмүүс тасалбар шалгагчийн тавцан хавиар шаваастай. Тэрээр бас зүтгэлэн дөхөж очлоо.
“Тийм ээ. Таны нислэг түр хугацаагаар саатсан. Гэхдээ хол явахгүй байхыг хүсье. Бид цаг агаар тун удахгүй дээрдэнэ гэж найдаж байгаа.”
Хатагтай машинд үлдсэн нөхөр дээрээ эргэж очин, мэдээг дуулгав. “Гэхдээ хонгор минь, чи хүлээх хэрэггүй ээ. Ямар ч шаардлагагүй” хэмээн төгсгөлд нь хэллээ.
-Би хүлээх бодолгүй байна. Жолооч намайг хүргэж өгөхөөс хойш харих минь. Намайг буцааж хүргэнэ биз, жолооч оо?
“Тэгье ээ” хэмээн жолооч хариулав.
-Ачааг нь буулгасан уу?
-Тийм ээ, эрхэм ээ.
-Баяртай хонгор минь гээд хатагтай Фостер бүхээг рүү өнгийн, нөхрийнхөө буурал үс сөрдийсөн хацар дээр хальт үнсэв.
-Баяртай. Сайхан аялаарай.
Машин хөдөлж, хатагтай Фостер ганцаар хоцорлоо.
Хар дарсан зүүд шиг өдөр өнгөрөв. Тэр тасалбар шалгагчтай аль болох ойр суудал олж аваад, хагас цаг бүр босч очин, байдал өөрчлөгдсөн эсэхийг лавлаж байв. Тэр бүртээ манан хэзээ мөдгүй арилж мэдэх тул хүлээж бай гэсэн нэг янзын хариулт авна. Ингэсээр оройн 6 цаг өнгөрөх үест буудлын чанга яригчаар онгоц дараа өдрийн 11 цаг хүртэл хойшлогдсоныг зарлав.
Энэ мэдээг сонсоод хатагтай Фостер яахаа мэдэхгүй хэсэг балмагдав. Тэр суудалдаа дахин хагас цаг хэртэй шигдэн суугаад, ядарч туйлдсан ухаандаа хаана очиж хоног төөрүүлж болох тухай эргэцүүлнэ. Онгоцны буудлаас холдож явахыг үнэхээр тэвчишгүй. Нөхрөө яасан ч хармааргүй. Энэ тэр аргаар нөхөр нь түүнийг Франц явуулахгүй байхаар зугуухан зохицуулж мэднэ гэхээс жихүүдэс төрнө. Тэр ерөөсөө энэ байгаа газартаа сандалдаа шигдэн суусаар шөнийг өнгөөрөөхийг илүүд үзэж байлаа. Хамгийн аюулгүй арга бол энэ. Гэвч тэр хэдийн эцэж ядарсан байх бөгөөд ингээд суугаад байх нь настай хүнд дэндүү ахадсан хэрэг гэдгийг ухаарахад их цаг орсонгүй. Эцэст нь босож утас олоод, гэр өөдөө залгав.
Бүлгэмийн байр луу хөдлөхөд бэлэн болоод байсан нөхөр нь өөрөө харилцуурыг авав. Хатагтай юу болсоныг дуулгаад, зарц нар явчихсан эсэхийг лавлав.
-Бүгдээрээ явчихсан.
-Тэгвэл би, хонгор минь, өөрөө нэг өрөө олоод хоноглочихъё. Чи энэ талаар огтхон ч санаа зовох хэрэггүй.
-Тийм тэнэг юм байж таарахгүй ээ. Энд бүхэл бүтэн байшин чиний мэдэлд байхад. Гэртээ ирэлгүй дээ.
-Гэхдээ, хонгор оо, гэр эзгүй шүү дээ.
-Би тэгвэл өөрөө чамтай үлдье.
-Хоол унд байхгүй, хэн ч байхгүй шүү дээ тэнд чинь.
-Наанаа юм олж идчихээд хүрээд ирэхгүй юу. Битгий тэнэгрээд байгаарай, эмэгтэй. Хийж байгаа бүхэн чинь нэг л будилаан хутгасан шинжтэй байна гэж мэдээрэй.
-Уучлаарай. Би хавчуургатай талх олж идчихээд одоохон яваад очъё оо.
Манан шингэрсэн ч машинууд удаан гэлдэрсэн хэвээр, Жаран хоёрдугаар гудамжин дахь байшиндаа нэлээн оройтож хүрэв. Чимээнээр нөхөр нь ажлын өрөөнийхөө үүдэнд гарч ирэв.
-За, Парис тэгээд ямар байв даа?
-Бид өглөө 11 цагт ниснэ… Бүр яг таг.
-Манан арилсан тохиолдолд магадгүй л юм.
-Одоо бараг арилж байна оо, салхи ч эхэлчихэж.
-Чи жигтэйхэн ядарчээ. Хэцүү өдөр байсан бололтой.
-Амар өдөр байгаагүй ээ… За би шууд ор луугаа явлаа.
-Би машин захиалчихсан. Яг есөн цагт.
-Баярлалаа хонгор минь. Чи намайг гаргаж өгөхөөр хамт явж өөртөө түвэг удахгүй байх гэж найдаж байна.
Нөхөр нь “үгүй ээ” хэмээн сунжруулаад “тэгэхгүй болов уу гэж бодож байна. Харин чи намайг замаараа бүлгэмийн байранд буулгачихад болохгүй юмгүй биз дээ” гэв.
Хатагтай нөхөр лүүгээ өлийн харах агшинд цаадах нь түүнээс хэтэрхий хол ямар нэг тусгаарлалтын цаана зогсож байх шиг санагдав. Гэнэтхэн тэртээ тэнд харагдах жижигхэн амьтны юу хийж байгааг, юу бодож байгааг, тэр бүү юу гэдгийг нь таахын аргагүй мэт санагдлаа.
-Бүлгэм чинь хотын төвд… Нисэхийн замд биш шүү дээ.
-Гэсэн ч хонгор минь чи хангалттай амжина. Намайг бүлгэмийн байр хүргэхдээ дургүй байгаа юм биш биз?
-Яалаа гэж, хүргэлгүй яах вэ.
-Тэгвэл сайнсан. За тэгвэл өглөө есөд уулзацгаая.
Хатагтай хоёрдугаар давхарт байрлах унтлагын өрөөндөө ороод, өдрийн явдалд эцсэнээс хэвтсэн даруйдаа нойрслоо.
Дараа өглөө нь хатагтай Фостер эртээ босоод, найм хагас гэхэд хөдлөхөд бэлэн, үүдний өрөөндөө бууж ирэв.
Ес дөнгөж өнгөрөөгөөд нөхөр нь, “Чи кофе чанаагүй биз?” гэсээр гарч ирэв.
-Үгүй ээ хонгор минь. Чамайг бүлгэм дээр тухтай өглөөний цай уучихна гэж бодсон юм. Унаа бэлэн. Хүлээж байгаа. Би аль хэдийн хөдлөхөд бэлэн болсон.
Тэд үүдний танхимдаа уулзацгаав. Дандаа л эндээ уулздаг болж. Хатагтай хүрмээ углаж, малгайгаа өмсөөд, гар цүнхээ барьжээ. Харин нөхөр нь эдуардын үеийн өндөр захтай дэгжин хийцтэй хүрэмтэй.
-Ачаа чинь?
-Онгоцны буудал дээр үлдсэн.
-Нээрээ тийм л дээ. Мэдээж шүү дээ. За хө, чи намайг бүлгэм дээр эхлээд буулгана гэвэл, бид одоо эртхэн хөдөлсөн нь дээр гэж үзэж байна, тийм биш үү?
“Тэгэлгүй яахав” хэмээн хатагтай орилоод “Тэгье, тэгж үзээрэй” гэв.
-Би хэдэн навчин тамхи аваадахъя. Чи машиндаа орж байгаарай, би одоохон яваад очно.
Хатагтай эргэн жолоочийн зүг алхахад нөгөөх нь машиныхаа хаалгыг дэлгэн угтав.
“Цаг хэд болж байна” хэмээн хатагтай жолоочоос асуув.
-Есөн цаг арван таван минут болох нь.
Таван минутын дараа ноён Фостер гарч ирээд, шатаар удаан гэгч уруудахуйд бариу өмдтэй алхаж ядах хөл нь яг ямааных шиг харагдаж байв. Урьд өдрийн адил шатны дунд ирээд агаар амьсгалж, тэнгэр шинжихээр түр зогслоо. Цаг агаар сайнгүй, тэнгэр бүрхэг ч манан дундаас нарны туниа муутай туяа тусна.
“Магадгүй энэ удаад чи азтай байна байх” гэнгээ тэрээр хатагтайн дэргэд суулаа.
“Хурдалж үзээрэй” гэж хатагтай жолоочид хэлээд “Энэ шалавчинд санаа зоволтгүй ээ. Би өөрөө эвийг нь олоод суучихна. Хурдхан хөдөлж үз. Би хоцрох нь” гэв.
Жолооч эр эргэн, жолооныхоо ард суугаад, хөдөлгүүрээ асаав.
“Түр хүлээгээрэй” хэмээн ноён Фостер гэнэт хэлэв. “Жаахан азнаж болох уу, жолооч оо, болно биз дээ?”
Хатагтай гадуур хүрэмнийхээ халаасыг ухах нөхөр лүүгээ эргэн “яасан бэ, хонгор минь” гэхэд “Элинд бэлдсэн жаахан бэлэг байсан юм” хэмээн хариулаад “хаашаа алга болчихдог байна аа. Доошоо буух үед гарт байсан юмсан” гэв.
-Чамайг юм барьсан байхыг би хараагүй. Ямар гээч бэлэг байсан юм бэ, тэр чинь?
-Цагаан цаасанд ороосон жижигхэн хайрцаг. Би өчигдөр чамд өгөхөө мартчихсан байсан. Өнөөдөр харин мартмааргүй байна.
“Жижигхэн хайрцаг аа” хэмээн хатагтай орилоод, “Би тийм хайрцаг огт үзээгүй” гэснээ машины арын суудлыг галзуурсан мэт ухаж төнхөв.
Нөхөр нь халаасаа эргүүлж тойруулан онгичсоор. Хүрэмнийхээ товчийг тайлан хослолынхоо халаасанд үзэв.
-Будилж гүйцжээ. Би тэрийг унтлагын өрөөндөө орхисноос зайлахгүй. Би одоохон.
-Алив гуйя. Бидэнд цаг алга! Тэрийгээ орхиж үз! Шуудангаар явуулж болно шүү дээ. Тэгээд ч тэр чинь тэнэг самнаас өөр юу л байв гэж. Чи тэрэнд дандаа сам л өгдөгдөг.
“Сам яагаад өгч болохгүй гэж, чамаас асууж байна” хэмээн нөхрийгөө заналтай
хэлэхэд хатагтайн ухаан санаа сая эргэн ирэх шиг болов.
-Тэгэлгүй яахав, өгч болно, хонгор минь. Би зүгээр…
“Эндээ хүлээж бай” хэмээн ноён Фостер тушаагаад “би юмаа аваад ирье” гэв.
-Хурдалж үзээрэй! Бушуулаарай даа, гуйж байна шүү!
Хатагтай суусан чигтээ хүлээсээр хүлээсээр байлаа.
-Жолооч оо, цаг хэд болж байна?
Жолооч бугуйн цагаа байн байн шагайна.
-Бараг есөн цаг хагас болчихлоо.
-Бид цагийн дараа гэхэд онгоцны буудал хүрч амжих уу?
-Бараг л.
Яг энэ үед хатагтай Фостер нөхрийнх нь сууж байсан суудлын буланд ямар нэг цагаан өнгийн юм хавчуулагдан цухуйж байхыг олж харлаа. Тэр гараа сунган, цагаан цаасанд боодолтой жижигхэн хайрцгийг суга татан гаргаж ирэхдээ хэчнээн гүн, нягт нямбай шургуулсныг нь анзаарахгүй байж чадсангүй.
“Энэ л байна шүү дээ!” хэмээн хатагтай орилоод “Би олчихлоо. Одоо өнөөх чинь тэнд хаа сайгүй энийгээ хайж байгаа! Жолооч оо, алив хурдан гүйгээрэй, түүн дээр очоод аваад ир, тэгнэ үү?”
Дуулгаваргүй, ирланд хэлбэрийн жижигхэн амтай жолооч өрнөж буй үйл явдлын нарийн учрыг анзаарсан шинжгүй машинаасаа үсрэн бууж, байшингийн үүдний шатаар өгсөн гүйв. Тэгснээ дорхноо буцаад ирэв.
-Хаалга цоожтой байна. Танд түлхүүр бий юу?
-Байгаа. Одоохон.
Хатагтай галзуу юм шиг цүнхээ онгичив. Жижигхэн нүүр нь бачимдаж сандарсандаа мурийж, уруул нь яг гогцоо шиг унжралджээ.
-Олчлоо! Алив, би өөрөө. Би илүү хурдан. Тэрний хаана байгааг би мэдэж байна.
Тэр машинаас буун, байшингийн шатаар нэг гартаа түлхүүрээ атгасан чигтээ зүтгэлээ. Түлхүүрээ нүхэнд хийн нэг түлхэн эргүүлэх мэт болоод зогсчихов. Толгойгоо өлийсөн чигтээ, хөдөлгөөнгүй, түлхүүрдээд л биеэ татан орохоор хэлбэрт таг гацаастай, зогссоор, тав, зургаа, долоо, найм, ес, арван минут, зогссоор. Толгойгоо өргөн, биеэ хураасан маягтай зогсож буй нь хормын өмнө байшингийн цаад булангийн хаа нэгтээгээс гарсан ямар нэг чимээ авианы давтамжийг анирдан чагнаархаж буй мэт.
Тийм ээ, тэр ямар нэг чимээ чагнаж буй нь тодорхой. Бүх л биеэрээ сонордон буй нь илэрхий. Тэр өрөөсөн чихээ хаалганд улам ойртуулан чагнана. Хаалганд бүр тулж, дахин хэдэн хором болов. Толгой гэдгэр, чих хаалган дээр, түлхүүр гарт, орох гэж байгаа мэт боловч оролгүй, байшингийн цаад булангаас гарах чимээг чагнаархан шинжилж байх шиг.
Гэнэтхэн тэр амь орох шиг хаалганаас түлхүүрээ сугалж аваад, шатаар уруудан гүйлээ.
“Хэтэрхий оройтчихлоо!” хэмээн жолооч руу орилов. “Би тэрнийг хүлээж чадахгүй нь, чадахгүй ээ. Би онгоцноос хоцрох нь. Алив, хурдлаарай, жолооч оо, хурдал! Онгоцны буудал руу!”
Жолооч сайн ажиглаж байсансан бол хатагтайн царай хувхай цайж, янз байдал нь эрс өөрчлөгдсөнийг анзаарах л байсан юм. Нөгөө зөөлөн, сул дорой төрхөөс юу ч үлдсэнгүй. Өвөрмөц, хүйтэн байдал эзэмджээ. Унжуу голдуу харагддаг жижигхэн ам нь чанга гэгч жимбийж, нүд нь гялалзан, ярих үед нь нэг тийм захирангуй шинэ өнгө тодроно.
-Хурдлаарай жолооч оо, хурдал!
“Нөхөр чинь хамт явах биш билүү” хэмээн гайхсан эр асуув.
-Тийм юм байхгүй ээ! Би түүнийг бүлгэмийн байр хүргэх байсан юм. Тэр яах вэ. Нөхөр маань ойлгоно. Өөр машин барьчихна. Олон юм яриад суугаад байлгүй хөдлө. Явъя! Би Парис хүрэх онгоцонд амжих учиртай!
Ийнхүү хатагтай Фостер арын суудлаасаа зааварласны хүчинд жолооч хамаг хурдаараа давхисаар онгоцны буудал хүрч, онгоц нисэхээс хэдэн хормын өмнө амжиж ирэв. Удалгүй хатагтай тэртээ өндөрт, Атлантын далай дээгүүр дүүлээд, онгоцны тухлаг суудалд моторын хүржигнэх чимээ чагнанхан Парисыг чиглэн нисч явлаа. Сэтгэл санааны нь шинэхэн байдал хэвээр. Тэрээр этгээд гэмээр ер бусын эрэлхэг сэтгэгдэл тээсээр явна. Гайхалтай. Ахархан хугацаанд амьсгаа нь давчдаж ирсэн ч юу хийж орхисноо хачирхан гайхсан төдий. Онгоц Нью Йоркийг, Зүүн жаран зургадугаар гудамжийг орхин холдох тусам гайхамшигтай гүн тайвшрал бүх биеийг нь эзэмдэв. Онгоц Парис хотноо газардахуйд тэрээр мөрөөдөж л болохуйц хүчирхэг, ажиггүй нэгэн болсон байлаа.
Зээ нартайгаа уулзав. Тэдний амьд халуун төрх гэрэл зурган дээр харагддагаасаа хавьгүй илүү сайхан аж. Түүнийхээр бол яг л сахиусан тэнгэрүүд шиг гоо үзэсгэлэнтэй. Зээ нартайгаа өдөр бүр хамт гадуур алхаж, амттан идүүлж, бэлэг сэлт авч өгөн, бас сэтгэл татам сонирхолтой түүхүүд ярьж өгч байлаа.
Долоо хоног бүрийн мягмар гаригт халуун дулаан үгтэй, илэн далангүй, сонин сайхан хийгээд хов жив дүүрэн захидлыг нөхөртөө илгээнэ. Захидал бүрээ, “хоолоо тогтмол идэж байгаарай хонгор минь, дэргэд чинь байхгүй үед санааг минь зовоодог зүйл тэр шүү” хэмээн төгсгөнө.
Зургаан долоо хоног өнгөрч түүний нөхөр лүүгээ буцах цаг болсонд хэн хүнгүй харамсаж байв. Хэн хүнгүй гэдэг нь түүнээс бусад нь гэсэн үг. Хачирхалтай нь тэр бусдын тооцож байсан шиг гунигласангүй. Нэг нэгээр нь баяртай хэмээн үнсэхдээ ааш аяг хийгээд хэл үгэнд нь удахгүй эргэж уулзах магадлалтайг илтгэх санаа цухалзаж байв.
Ямар ч гэсэн үнэнч шударга эхнэр хүний ёсоор хоног хугацаа хэтрүүлсэнгүй. Ирснээсээ хойш яг зургаан долоо хоногийн дараа нөхөртөө цахилгаан утас урьдчилан илгээгээд, Нью Йорк буцах онгоцонд суулаа.
Айдлвайлдад газардахад нь унаа угтаж аваагүйд гайхав. Магадгүй түүнд бага зэрэг хөгжилтэй санагдсан байхыг ч үгүйсгэхгүй. Ямар ч гэсэн хатагтай хачин тайван байж, чемоданыг нь ачиж, өөрийг нь таксинд суулгаж өгсөн эрд илүү мөнгө төлсөнгүй.
Нью Йорк Парисыг бодвол сэрүүн байлаа. Бөөгнөрч дагтаршсан бохир цас замын ховилоор энд тэндгүй овоорчээ. Такси Жаран зургадугаар гудамжин дахь байшингийнх нь өмнө ирэхүй хатагтай түүний хоёр тээшийг дээш нь хаалганд хүртэл хүргэж өгөхийг жолоочоос хүсэв. Тэгээд мөнгөө төлж бармагцаа хонхоо дарлаа. Хаалга онгойхыг хүлээв, хариу алга. Улам баттай болгох үүднээс, дахин хонхдов. Хонхны чимээ байшингийн арын мухарт хүртэл сонсдохоор цангинана. Гэвч хэн ч ирсэнгүй.
Тэрээр аргагүйдэн, өөрийн түлхүүрийг гарган түлхүүрдэж, хаалгаа нээв.
Хамгийн эхлээд нүдэнд торсон юм гэвэл шуудангийн хайрцагт шургуулсаар дүүрч, шалаар унаж хөглөрсөн захидлууд. Үүдэнд хүйтэн, харанхуй байх аж. Тоосноос хамгаалсан даруулга босоо цагийг бүтээсэн янзаараа. Хүйтнээс гадна жигтэй хүнд, хөндий байдал ноёлжээ. Мөн урьд хэзээ ч үнэртэж байгаагүй хачин содон үнэр байшингаар нил ханхийнэ. Тэр үүдний танхимаар алхлан зүүн буланд очоод, хэсэг зуур алга болов. Хөдөлгөөн нь нэг тийм санаатай гэмээр, эмэгтэй хүн ямар нэг сэжиг таамаг аваад, шалгаж мөшгих мэт. Хэдэн мөчийн дараа эргэж ирэхдээ сэтгэл ханамжийн оч царайд нь туяарчээ. Танхимын голд хэсэг саатан, цаашид юу хийхээ эргэцүүлэв. Тэгсэнээ огцом эргэн нөхрийнхөө ажлын өрөөнд оров. Ширээн дээр байсан хаягийн дэвтрийг нээн ямар нэгэн утас хайж байснаа олов бололтой утсаа шүүрлээ.
“Байна уу” хэмээгээд, “Жаран зургадуур гудамжны … тиймээ, зөв. Нааш нь аль болох яаралтай хүн явуулаач, болно биз дээ? Тийм ээ, хоёр гуравдугаар давхрын дунд л ямар нэг гацаа үүссэн шиг байна… Ямартаа ч илрүүлэгч тэгж зааж байна. Одоохон уу? Өө ямар сайн юм. Хөл минь олон шат дамжиж барахааргүй муу юм л даа. Маш их баярлалаа. Баяртай.”
Хатагтай харилцуураа тавиад, нөхрийнхөө ажлын ширээний ард цахилгаан шат засахаар удахгүй ирэх хүмүүсийг тэвчээртэйгээр хүлээн суув.
Орчуулсан С.ЭНХЦЭЦЭГ
Холбоотой мэдээ