Хятадын Шинжаан-Уйгур бүс нутгийн нийслэл Өрөмч хотод өчигдөр орой (2020.7.16) гэнэт хөл хорио тогтоожээ. 3,5 сая оршин суугчтай тус хотод 149 хоногийн дараа коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээр хөл хорио тогтоосон байна. Сэжигтэн эрэгтэй нь Өрөмч хотоос Хятадын зүүн хэсгийн Зежянь мужид очсоныхоо дараа халуурсан гэж албаныхан мэдэгджээ. Үүний зэрэгцээ 24 настай худалдагч эмэгтэй хоолой нь өвдсөн зовиуртай өнгөрсөн Баасан гаригт эмнэлэгт очсон ба дөрөв хоногийн дараа коронавирусийн халдвараар оношлогджээ.
Улмаар Өрөмч хотын ганц метрог зогсоож, онгоцны нислэгүүдийг цуцалж, нисэх буудалд хүмүүсийн хөлийг хязгаарлажээ. Хөл хорих тухай мэдээлэл цацагдсаны дараа зарим дүүрэгт сандралдсан хүмүүс дэлгүүрт бөөгнөрсөн байна. Мөн зарим оршин суугчид ердөө ганц тохиолдол бүртгэгдсэнээс болж метрог зогсоож, нислэгүүдийг цуцалсныг шүүмжилж Вэйбо сайтад бичжээ.
Эх сурвалж: South China Morning Post