Хөвсгөл аймгийн Ханх суман дахь "Agartha Resort" амралтын газар Хөвсгөл нуур руу бохироо цутгадаг гэх асуудлаар мэргэжлийн хяналт болон цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байна. Иргэдийн зүгээс нуурын ус булингартсан хэсгийн үзүүрт нарийхан цагаан зүйл харагдаж буй нь тус амралтын газрын бохир урсгаж буй хоолой хэмээн хардаж байгаа юм.
Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас холбогдох албаны хүмүүстэй хамтран ажлын хэсэг байгуулж өнөө өглөө Хөвсгөл нуурын зүүн эрэг орчмоор завьтай тандалт хийж цахим орчинд тарсан зураг дээрх газарт очжээ. Ажлын хэсэг нөхцөл байдалтай танилцахад нуурын эрэгрүү шинэс мод унасан ховил дагаж ойр орчмын шаварлаг хөрс бороо, үерийн усаар дамжин нууранд орсон байдалтай байжээ. Иймд нуурын усны болон хөрсний дээжийг авч, дроноор бичлэг хийн баримтжуулсан байна.
Шинжилгээний дүнгээр Хөвсгөлийн Балчирганат гэх газарт уулнаас шар усны үер орж байгаа нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Усны шинжилгээний албан ёсны хариу маргааш гарах юм байна. Ажлын хэсэг үргэлжлүүлэн "Агарта ресорт" амралтын газарт шалгалт явуулж хяналтын ажлыг үргэлжлүүлж байна. Мөн ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас дээрх асуудлаар шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ