Японы сүмогийн холбооноос энэ долоо хоногт мэдэгдэл хийж, энэ долдугаар сард зохион байгуулагдах нагоя башёг Токио хотын сүмогийн ордонд үзэгчидтэй зохион байгуулахаа зарлалаа. Тус холбооны зүгээс ирэх долдугаар сарын 19-нд Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд зохион байгуулагдах башёд өдөрт 2500 гаруй үзэгчийг оруулах гэнэ.
Япон улсад сүмогоос гадна мэргэжлийн бэйсбол болон хөлбөмбөгийн лигүүд тодорхой үзэгчдийн хязгаарлалттай үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн билээ.
15 өдөр үргэлжлэх нагоя башё угтаа долдугаар сарын 5-нд Нагоя хотод зохион байгуулагдах байсан ч цар тахлын улмаас нийслэл Токио хот руу шилжсэн юм. Өнгөрөгч гуравдугаар сард зохион байгуулагдсан хаврын башё Осака хотын "Эдион арена Осака" ордонд үзэгчгүй зохион байгуулагдаж Хакүхо Шоо 44 дэх түрүүгээ хүртсэн билээ. Харин тавдугаар сард зохион байгуулагдах байсан нацү башё цар тахлын улмаас цуцлагдсан. Японы сүмогийн холбоо цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авч, бөхчүүдийг тогтоосон зөвлөмжийн дагуу гадуур явахыг хориглож, өөр дэвжээнд бэлтгэл хийхгүй байхыг анхааруулжээ.
Холбоотой мэдээ