Британийн тагнуулын газраас ОХУ-ын хакерууд коронавирусийн вакцины судалгааны мэдээллийг хулгайлахыг завдаж буй талаар анхааруулга гаргажээ. Гэхдээ вакцины судалгааны ажлаас ямар нэгэн ноцтой мэдээлэл алдагдаагүйг мөн мэдэгдсэн байна. Тус байгууллагын мэдээлснээр, ОХУ-ын дэмжлэгтэй хакерууд сүүлийн үед АНУ, Их Британи, Канад зэрэг улсуудын коронавирусийн вакцин бүтээж буй байгууллагуудын мэдээллийн сан руу халдаж, мэдээлэл хулгайлахыг оролдсон байна. Британийн Кибер аюулгүй байдлын төвөөс эдгээр хакеруудыг Оросын Засгийн газраас дэмжлэг авдаг гэдэг нь бараг тодорхой болсон “APT29” хакерын бүлгийнх гэж үзэж байгаа аж.
“APT29” бүлэг нь “Dukes”, “Cozy Bear” зэрэг нэрээрээ алдартай бөгөөд 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ардчилсан Намын мэдээллийн санд халдаж, сонгуулийн дүнд нөлөөлсөн гэж үздэг.
Британийн гадаад хэргийн сайд Доминик Рааб энэ талаар “Их Британи болон бидний холбоотнууд дэлхий нийтийн эрүүл мэндийг хамгаалах вакцин бүтээхээр хөдөлмөрлөж байхад зарим улс орнууд зөвхөн өөрсдийн ашиг сонирхлыг нэгт тавьж явуургүй үйлдэл хийх боллоо. Иймд бид энэ байдалтай цаашид хатуу тэмцсээр байх болно” хэмээн хэлсэн байна.
Харин ОХУ-ын Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Британийн талын мэдээлийг эрс няцаасан байр суурийг илэрхийлж, цахим халдлагад Оросын Засгийн газар оролцсон гэх баримтаа дэлгэхийг шаарджээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ