Реал Мадрид 34 дэх удаагаа Ла лигт түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2020.07.17-нд нийтлэгдсэн

Реал Мадрид 34 дэх удаагаа Ла лигт түрүүллээ

Реал Мадрид 34 дэх удаагаа Ла лигт түрүүллээ

Испанийн Ла лигийн 37-р тойргийн тоглолтууд өчигдөр/2020.07.16/ эхэллээ. Энэ тойрогт Ла лигийн аварга тодрох шийдвэрлэх тоглолтууд явагдсан юм. Учир нь Реал Мадрид баг 36 тойргийн дараах байдлаар 83 оноотой ардаа явж байсан Барселона багаас даруй дөрвөн онооны илүүтэй бичигдэж байлаа.

  • Реал Мадрид 2-1 Вильярреал

Хэрэв Реал Мадрид энэхүү тоглолтонд ялалт байгуулвал дөрвөн онооны тэргүүллээ бататгаж, нэг тойргийн өмнө аварга болох боломжтой байлаа. Үүнийгээ ч ухаарсан Зинедин Зиданы залуус тоглолтын эхнээс өрсөлдөгч багаа илт илүүрхэж эсрэг багийнхаа хаалга руу нийт 11 удаа цохиж, 58 хувьтай бөмбөг эзэмшиж байв. Энэхүү тоглолтонд орсон гурван гоолын хоёрыг нь энэ улиралд тун гайхалтай тоглолтыг толилуулж буй Франц довтлогч Карим Бензема 29 болон 77 дахь минутуудад оруулж Реал Мадрид баг тэргүүлж эхэлсэн. Харин Вилвьярреал багаас Висенте Иборра 83 дахь минутанд хариу гоолыг оруулсан ч энэ нь тоглолтын эцсийн үр дүнд нөлөөлсөнгүй. Ийнхүү Реал Мадрид баг 2017 оноос хойшхи анхны, багийнхаа түүхэн дэх 34 дэх Ла лигийн түрүүгээ хүртлээ.

Реал Мадрид баг аваргын цомоо 81 мянган хүний суудалтай багийнхаа төв цэнгэлдэх болох Сантьяго бернабеуд бус хөл хорионоос хойш үзэгчгүй тоглолтоо зохион байгуулж буй 6 мянган хүний суудалтай Альфредо Ди Стефаногийн нэрэмжит хоёрдугаар багийнхаа цэнгэлдэхэд гардан авчээ.

Зинедин Зидан зургадугаар сараас хойш Ла лигийн хүрээнд хийсэн 10 тоглолтондоо бүгдэд нь ялалт байгуулжээ. Тэрбээр багийнхаа гайхалтай амжилтын талаар “Өнөөдөр мэргэжлийн дасгалжуулагчийн хувиар өнгөрүүлж буй гайхалтай өдрүүдийн минь нэг болж байна. Гурван сар завсарлаж энэ бүхэн болсны дараа энэ цомыг хүртэж байгаа нь гайхалтай” хэмээжээ.

  • Барселона 1-2 Осасуна

Харин тэдний мөнхийн өрсөлдөгч болох Барселона баг энэхүү тойрогт талбайдаа Осасуна багийг хүлээн авч тоглосон ч харамсалтай нь 1-2 гэсэн харьцаатай хожигджээ. Барселона багаас Лионель Месси чөлөөт цохилтоос гоол оруулж энэ улирлын Ла лигийн 23 дахь гоолоо оруулж мэргэн буучдын жагсаалтыг итгэл төгс тэргүүлж эхэлсэн. Түүний араас Реал Мадрид багийн довтлогч Карим Бензема 21 гоолтой удаалж байна. Гэвч Мессигийн оруулсан энэ гоол багийг нь ялагдлаас аварч чадсангүй. Осасуна багаас тоглолтын 15 дахь минутанд Хосе Арнайз, 90+4 дэх минутанд Роберто Торрес нар гоолдож баг нь Барселонагийн талбайгаас гурван оноотой буцжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж