Европын Сансар судлалын агентлагийн /ESA/ хөөргөсөн “Solar Orbiter” хөлөг өнгөрсөн сард нарны зургийг хамгийн ойр зайнаас буулгасан байна. Уг хөлгийг 1,5 тэрбум ам.долларын өртөгөөр бүтээсэн бөгөөд энэ оны хоёрдугаар сард АНУ-ын Сансар судлалын агентлаг NASA-ийн тусламжтайгаар хөөргөж байжээ. Хөлөг хоёр жилийн дотор наранд энэ удаагийнхаас ч илүү ойртохоор төлөвлөж байгаа ба түүхэнд анх удаа нарны туйлуудын зургийг буулгах үүрэгтэй хөөрөх гэнэ.
“Solar Orbiter” хөлөг нарны гадаргаас 77 сая километрийн зайд, Буд, Сугар гаригуудын дундах тойрог замд байрлаж эдгээр зургуудийг авсан ба эрдэмтэд зургуудыг боловсруулж дуусгаснаа өчигдөр /2020.07.16/ олон нийтэд үзүүлжээ.
77 сая километрийн зай гэдэг бол дэлхий болон нарны хоорондын зайны яг дунд байсан гэсэн үг бөгөөд NASA-гийн хөөргөсөн Parker Solar Probe хөлөг наранд үүнээс ч илүү ойртож чадсан ч тийм ойр зайнаас зураг авах ямар ч боломжгүй байдаг байна.
Энэхүү зураг дээрээс харахад нарны гадаргуу дээр олон зуун сая гал шатаж байх ба эдгээр жижиг дэлбэрэлтүүд нь нарны титэм буюу атмосферийг халааж байдаг аж. Тиймээс нарны атмосферийн температур нарны гадаргынхаас хэдэн зуу дахин их халуун байдаг гэж эрдэмтэд үзжээ. Нарны гадаргын хамгийн сэрүүн хэсэг л гэхэд багадаа 5,500 градусын халуун байдаг бол нарны титэм орчимд хамгийн багадаа нэг сая градусын халуун байдаг гэнэ.
Эх сурвалж: BBC, NATURE
Холбоотой мэдээ