Замын чанар ганцхан зуны настай юу?

Хуучирсан мэдээ: 2020.07.17-нд нийтлэгдсэн

Замын чанар ганцхан зуны настай юу?

Замын чанар ганцхан зуны настай юу?

Аялал зугаалгын сар эхэлсэн энэ үед нийслэлээс хөдөө орон нутгийг чиглэсэн иргэдийн урсгал нэмэгддэг. Энэ хэрээр зам тээврийн осол, үер усанд золгүй байдлаар амь насаа алдах тохиолдол цөөнгүй. Зөвхөн баяр наадмын өдрүүдэд 25 хүн зам тээврийн ослоор  нас барсан бол үер олон хүний амь насыг авч одохуйц аюул дагуулав. Энэ сарын 15-нд орсон хүчтэй аадар борооны улмаас Увс аймгийн Улаангом суманд Гашууны голын гүүр эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсны улмаас 3000 автомашин, 15186 иргэн үерт боогдсон. Үерт урсч амь насаа ч алдах эрсдэлтэй байдалд орсон эдгээр хүмүүсийг Онцгой байдлын алба хаагчид эсэн мэнд аварснаар золоор хүний амь нас эрсдээгүй.

Харин Хөвсгөл аймгийн Хатгал сумыг чиглэсэн автозам үерт урсч, сэтэрсний улмаас Prius маркийн автомашин онхолдсон ноцтой осол гарсан. Энэ нь хурд хэтрүүлсэн жолоочийн буруу байж болох ч нөгөө талаас автозамын чанарын асуудалтай шууд холбоотой.

Борооны улмаас үерт автозам урсч эвдэрсэн асуудал жилийн жилд яригддаг энэ зун илүү борошиж байгаа нь сүүлийн жилүүдэд тавигдсан зам, гүүрийн бат бөх, чанарыг шалгаж байна.

ЭВДЭРСЭН ЗАМУУД ТЭРБУМ ХОЛ ДАВСАН ХОХИРОЛ ДАГУУЛАВ

-Увс аймагт энэ сарын 13-ны өдрийн 18.00 цагаас орж эхэлсэн аадар бороо үргэлжлэн орсны улмаас гол горхиуд үерлэж, онцгой нөхцөл байдал үүсээд байна. Тодруулбал, Улаангом-Хандгайт чиглэлийн автозамын 19 дэх км-т байрлах Шургадгийн сайрын 54 мeтр урт төмөр бeтон гүүр болон 32 дахь км-т байрлах Бага Түргэний 186 мeтр урт төмөр бeтон гүүрнүүдийн тулгуурын бэхэлгээ, замын далан үерийн усанд угаагдаж гүүрийн дамжих хавтан усанд унажээ. Ингэснээр аймгийн төвөөс Түргэн, Давст, Сагил, Бөхмөрөн сумыг холбодог автозам хаагдаад байгаа юм. Увс аймаг зарим автозам, гүүрийг засч шинэчлэх ажилд өнгөрсөн 2019 онд 13.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Тухайлбал, Гашууны голын төмөр бетон гүүрний их засварын ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн. Гэтэл урт удаан үргэлжилж байгаа Гашууны голын гүүрний засварын ажил дуусаагүй байхад гол үерлэж, аймгийн төвөөс урд зүг рүү хот хооронд зорчих хөдөлгөөн бартаатай болжээ. Үер буусны улмаас гүүр сэтэрч, зам хагарч тээврийн хэрэгсэл, ОХУ-аас ирэх ачаа тээвэр зорчих боломжгүй онцгой нөхцөл байдал үүсээд буй. Зам хаагдсаны улмаас Улаанбаатараас ирж Баян-Өлгий аймгаар аялж, амарч байсан 500 гаруй иргэд Сагил, Түргэн сумын нутаг дэвсгэрт усанд боогдсон байна.

-Төв аймагт энэ сарын 9-нд орсон түр зуурын хүчтэй борооны улмаас Лүн, Эрдэнэсант сумын ойролцоох замын зорчих хэсэгт эвдрэл үүсч, зарим хэсэгт зам хаагдсан. Үүний улмаас тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болоод байв. Тус чиглэлийн замыг маргааш нь буюу долдугаар сарын 10-нд нээсэн ч жил бүр бороо орох бүрт эвдэрдэг гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн жилийн зургадугаар сард 20 гаруй км газрын 19 хэсэгт эвдрэл үүсч, улсад 1.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Мөн 110-113 км-т засмал зам цөмөрч, зарим газарт далан нурж, 1300 орчим зорчигч, 28 автобус усанд боогдож байсан юм.

-Баян-Өлгий аймагт энэ сарын 14-нд орсон түр зуурын хүчтэй аадар борооны улмаас Буратын гүүр нурснаар тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болоод байна. Иймд зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаагаад байгаа юм. Тухайн зам нь ОХУ руу явах хилийн боомтыг чиглэдэг ч ийнхүү тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ.

-Хөвсгөл аймагт энэ сарын 13-нд орсон хүчтэй аадар борооны улмаас Мөрөн сумын Элст багийн Хилэнтийн гүүрний чиглэлд, мөн Эрчим багт Мөрөн сумаас Алаг-Эрдэнэ сум чиглэлийн хатуу хучилттай автозам эвдэрч мөн л тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон. Мөн аймгийн Хатгал-Мөрөнгийн чиглэлийн замд Мөрөнгөөс дөрвөн км орчим зайд замын зорчих хэсэг гурван метр орчим сэтрээд байна.

ҮЕРТ АВТОЗАМ ЭВДЭРЧ БАЙГАА НЬ ОЛОН ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ ХОЛБООТОЙ

Үерт автозам урсч эвдэрсэн асуудал жилийн жилд яригддаг ч өнөө зун тэрбумаас хол давсан хохирол дагуулаад байгаа нь энэ. Жилийн жилд орон нутаг төдийгүй нийслэлд автозам, гүүр үерт урсч эвдэрдэг эл асуудлын цаана автозамын чанар стандартад анхаардаг уу гэх асуудал хөндөгдөж буй. Албаны хүний тайлбарласнаар үерт урсч эвдэрсэн замууд нь олон жилийн насжилттай тул ашиглалтын хугацаа нь дууссан гэнэ. Их засварт орох ёстой ч хөрөнгө төсөв багатайгаас урсгал засвар хийгддэгтэй ч холбоотой аж. Автотээврийн үндэсний төвийн Орлогч даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Мөнх-Од “Автозам барихад мэдээж тогтсон стандартыг баримтална. Гэхдээ олон жилийн өмнө баригдсан замууд нь борооны ус зайлуулах шугам, хоолой, далан байдгүйгээс үерт урсч, эвдэрч байна. Нөгөө талаас автозамыг шинэчлэх, засварлах хөрөнгө төсөв багатайгаас шалтгаалж байна. Орон нутаг төдийгүй нийслэлд ч бас арваад жилийн өмнө баригдсан ус зайлуулах шугамгүй автозам олон бий. Эдгээрийг шинэчлэх шаардлага зайлшгүй бий болсон”  хэмээв.

Автозамын тухай хуулиар тухайн замын засвар, арчилгаа, үйлчилгээний ажлыг эхний 1-3 жилийн хугацаанд зам барьсан компаниуд хариуцах учиртай бол гэрээний хугацаа дуусмагц улсын төсвийн хөрөнгөөр замын арчилгаа үйлчилгээг хариуцдаг байна.

Гэтэл үе үеийн Засгийн газар, сайд дарга нарын барьж ашиглалтад оруулж байсан автозамууд нь ганцхан зуны борооны ая даахгүй бол, хөгжил дэвшилд хөтлөх бус улсынхаа хөгжлийг ухраасаар байх нь.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж