Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Монгол Улсын мэргэн, үндэсний сурын спортын мастер Л.Одсайхантай ярилцлаа. Тэрбээр Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын үндэсний сурын харваанд түрүүлж Сүхбаатар аймгаас төрсөн эмэгтэй анхны Монгол Улсын мэргэн болсон юм.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө Монгол Улсын мэргэн хэмээх эрхэм цолны эзэн болсонд баяр хүргэе?
-Баярлалаа. Танд болон танай сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хувьд маш их баяртай байна. 99 жилийн дараа Сүхбаатар аймгаасаа төрөн гарсан хоёрдахь, эмэгтэй анхны Монгол Улсын мэргэн боллоо. Д.Сүхбаатар жанжин тэртээ 1921 оны улсын их баяр наадамд түрүүлж манай нутгаас төрсөн анхны Монгол Улсын мэргэн болж байлаа.
-Энэ жилийн үзэгчгүй, өмнөх наадмуудаас өөр газар зохион байгуулагдсан Улсын их баяр наадам танд ямар санагдав. Үзэгчгүй, наадамчин олны уухай түрлэг байхгүй байлаа шүү дээ?
-Ерөнхийдөө дажгүй зүгээр санагдсан шүү. XIII зуун цогцолбор газарт зохион байгуулагдсан сур харвааны талбай тэгшхэн, ногоон тал, дэнж хотойсон хуучны Монгол наадам шиг дэлгэр сайхан наадсан, сайн зохион байгуулалттай болсон.
-Анх хэрхэн сурын спорттой холбогдов. Танай удамд үндэсний сур харваагаар хичээллэдэг хүн байв уу?
-Би 2007 онд МУБИС-ийг биеийн тамирын багш мэргэжлээр төгсөөд төрөлх нутагтаа эргэн очиж Тэмүүлэл сургуульд мэргэжлээрээ ажилд орж байлаа. Тэнд л сурын спортын анхны багш болох сургуулийн бичиг хэрэг хариуцдаг байсан С.Байгальмаа багштайгаа танилцаж байсан юм. Тэр багш маань л надад “Манай нутагт эмэгтэй харваачид цөөхөн байна. Чи сурын спортоор хичээллэж үзээч” гэж санал болгоод 2008 оноос үндсэндээ сурын спорттой холбогдож эхэлсэн. Ээж маань намайг сурын спортоор хичээллэхэд их дэмжиж байсан л даа.
Тухайн үед 150 мянган төгрөгний тэтгэвэр авдаг байсан ч манай аймгийн сурын холбооны тэргүүн байсан н.Мөнхбаяр гэдэг хүнээс лизингээр нум авч өгч байлаа. Сар болгон 50 мянган төгрөг өгдөг. Тэгэж л үндэсний сураар хичээллэж эхэлсэн.
Манай удамд сур харвадаг хүн байгаагүй. Харин аав маань Монгол Улсын харьшгүй мэргэн Г.Лхагвасүрэн гэж шагайн харваагаар хичээллэдэг хүн бий. Манай гэр бүлийг ерөнхийдөө спортын гэр бүл гэж хэлж болно. Ээж маань воллейболын спортоор хичээллэдэг, спортын мастер цолтой. Л.Ганбаатар ах маань үндэсний бөхийн аймгийн начин цолтой, эгч минь хүндийн өргөлтийн Монголын анхны эмэгтэй шүүгч, ОУХМ Л.Одгэрэл гэж хүн бий. Нөхөр маань ч биеийн тамирын багш мэргэжилтэй , сумын заан, бөх тайлбарладаг хүн. Отгон дүү Л.Ганхуяг сагсан бөмбөгийн спортын мастер цолтой, биеийн тамирын багш мэргэжилтэй залуу. Багаасаа л спортын гэр бүлд өсч, амьдарч байна даа.
– Та тэгвэл их л орой үндэсний сурын спорттой холбогдож. Багадаа ерөөсөө нум, сум хоёр барьж үзээгүй хэрэг үү?
-Тийм ээ. Ямар ч анхны мэдэгдэхүүнгүй сурын спорт руу орж байлаа. Би чинь багадаа воллейбол тоглож, 80-ын бидонтой ус түрч гүйдэг байсан эгэл жирийн л амьдралтай хүүхэд байлаа.
– Анхны амжилтаа хаана, хэзээ гаргаж байв. Одоо аль багт харьяалагдаж байгаа вэ?
-2009 онд Улаанбаатар хотод очин МУГТ Монгол Улсын дархан мэргэн Ц.Хүдэрчулуун багшдаа шавь орж байлаа. Тэр цаг үеэс л хойш багшийгаа дагаж бэлтгэл сургуулилт хийн анхны тэмцээнүүддээ оролцож байсан санагдана. Хамгийн анх 2013 онд Петровис багт ороход манай нутгийн харваач Монгол улсын хүндэт мэргэн Д.Пүрэвээ эгч маань хүлээн авч Монгол Улсын даян мэргэн Д.Эрдэнэтуяа эгчийн удирдлага дор зургаан жил бэлтгэл сургуулилт хийн Петровис багийн харваачаар явж байлаа. Харин өнгөрсөн жилээс Сүхбаатар аймгийнхаа багт тамирчнаар орж өнөөдрийг хүртэл харваж байна.
– Наадмынхаа бэлтгэлээ хэрхэн базаав?
-Наадмын бэлтгэлээ эрт дөрөвдүгээр сард эхэлсэн. Энэ жил цар тахалтай холбогдуулан сорилго харваа зохион байгуулагдаагүй учир бүхий л харваачид битүү морьд байлаа. Өнгөрсөн жил ялимгүй оройтож бэлтгэлдээ гарсан тул энэ жил эрт гарахаар шийдсэн.
-Битүү морьд шиг бэлтгэлээ хийсэн учраас түрүүлнэ гэдэгтээ хэр их итгэлтэй байв?
-Наадмын өмнөх нээлтийн тэмцээн, УАШТ гэх мэт наадмын өмнөх хоёр гурван тэмцээн зохион байгуулагдаагүй байсан учир миний хэлсэнчлэн бүхий л харваачид битүү морьд байсан. Бэлтгэл дээрээ өөртөө итгэлтэй байсан шүү. Түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаагүй ч эхний гурван байрт шалгарч улсын цолонд хүрч чадна л гэж бодож байлаа. Өөрийнхөө хэмжээнд бэлтгэлээ сайн хангасан гэж дүгнэсэн.
-Үндэсний сурын спорт бол тэсвэр хатуужил шаардсан спорт. Эхэн үед шантарч, няцах үе гарч л байсан байлгүй. Энэ бүгдийг хэрхэн давж байв?
-Ер нь үндэсний сур ч гэлтгүй ямарваа нэгэн спортод нэг биш удаа шантрах үе гардаг. Би л гэхэд 13 жил тасралтгүй харвалаа. Энэ цаг хугацаанд надад 20-оос дээш харваад онохгүй үе зөндөө л гарч байлаа. Гэхдээ тэр амжилтгүй оролдлого бүрт минь гэр бүлийнхэн минь хамт байсан юм. Ах маань гэхэд л 13 жилийн турш надад анхаарал тавьж, бэлтгэл сургуулилт хэр байгааг минь асуугаагүй нэг ч удаа байхгүй. Ээж надад “Миний хүү нэгэнт л энэ спортыг сонгосон юм чинь харамсах хэрэггүй өөрийнхөөрөө явж эцсийг нь үзэж, сэтгэл амар бай. Оносон, оноогүй хамаагүй өөрийнхөө л хийх гэсэн зүйлийг л хий” гэж хэлдэг дээ. 2013 онд ханьтайгаа танилцаад 2014 онд хүүхдээ төрүүлэх үед “Үр хүүхэд, хань ижлээ зунжингаа орхиж явах хэрэг байна уу даа” гэж бодсон. Бэлтгэл хийж байх үеэр мээмний сүү асгараад, дээл хүртэл нороод “Одоо болъё доо” гэж хүртэл бодож байлаа. Гэвч энэ бүхнийг ар гэрийнхээ хүчинд л даван гарсан гэж боддог. Арыг минь найдвартай авч явдаг гэр бүлдээ баярладаг. Тэднийхээ хүчинд л өнөөдрийн энэ амжилтанд хүрсэн гэж боддог доо.
-Баяр наадам, томоохон тэмцээн уралдааны өмнө сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ. Хэдий олон жил харвасан ч гэсэн наадмын өмнө сандрал байна биз?
-Энэ жилийн хувьд Ц.Хүдэрчулуун багшийнхаа удирдлага дор байсан учир сэтгэл зүйгээ сайн бэлдсэн. Манай улсын баяр наадамд 12 жил тасралтгүй харвасан Д.Эрдэнэтуяа мэргэн багш маань сэтгэл зүйгээ аягүй сайн бэлдэж, нямбай харвадаг хүн. Тэр хүн надад “Миний хүү сум болгоноо шалгаж гаргаж бай. Бүх юмаа бэлэн болгосныхоо дараа л сумаа тавьж бай” гэж байнга зөвлөдөг. Харин Ц.Хүдэрчулуун багш “Маш зоригтой харвах хэрэгтэй. Халагласан сум нэгийг ч гаргаж болохгүй” гэж захидаг. Тэр үгнүүд л сэтгэлд хоногшсон. Харвааны үед зөвхөн харвах талаараа л боддог. Өөр зүйлийн талаар бодож анхаарлаа төвлөрүүлж чадахгүй болвол байгаа онож чадахгүй. Мөн салхиа сайн тооцоолох хэрэгтэй. Наадмын үеэр надад түрүүлэх боломж маш бага байсан. Учир нь 38-ын буурьтай нэг хүн, 37-ын буурьтай 3-4 харваач зогсч байлаа. Би дөрөв онолоо гэхэд л 36-ын буурьтай болох байсан. Тэр үед л сэтгэл зүй, гэр бүл, орчин тойрон гээд бүхий л зүйл нөлөөлсөн.
Монгол Улсын мэргэн хүнээс Монгол Улсын мэргэн шавь төрдөг юм байна гэж хүмүүс ярьж байна лээ.
Мундаг хоёр багшийнхаа далбаан дор олон жил хөдөлмөрлөж, зүтгэж явсны гавьяа гэж гаргасан амжилтаа харж байгаа.
-Үндэсний сурын спорт маань дотроо олон төрөлд хуваагдаж байна. Танд халх сур харваанаас гадна бусад сурын төрлүүдээр хичээллэх сонирхол бий юу?
-Халх, урианхай, буриад сур харваа гэж байна л даа. Урианхай сурыг эмэгтэй хүн харвадаггүй. Би бол халх сураараа л одоохондоо дагнаж байна. Ирэх жилээс буриад сураар харвах сонирхол бий.
-Харваач хүний хамгийн гол зүйл бол нум болон сум. Таны нум болон сумыг хэн гэдэг хүн урласан бэ?
-Миний нум надад дөрвөн жил болж байна. Өмнөговь аймгийн харьяат Монгол Улсын даяар дуурсах мэргэн Ж.Баттөмөр мэргэн дөрвөн жилийн өмнө миний нумыг урлаж байлаа. Харин сумыг минь Монгол Улсын гоц харваач Б.Мөнхгэрэл ах урлаж наадмын бэлтгэл хийх үеэр долдугаар сарын 4-ний өдөр гардуулсан. Нум, сум хоёр маань яахын аргагүй сайхан таарсан.
-Үндэсний сурын спортын юунд нь хамгийн их татагдаж байв?
-Анх бол хүчээр шахуу энэ спортод хөл тавьж байлаа. Сагсан бөмбөгөөр хичээллэдэг цээжиндээ тэнхээтэй байсан учир нумыг бол сайхан татаж байсан. Анхны цэц мэргэнээ сорьсон наадамдаа бараг нэг ч оноогүй санагдаж байна. Газар газрын харваачид их сайн харваж, онож байсан тул би ч гэсэн тэдэнтэй адилхан болно доо гээд л бодож явдаг байсан. Тэгээд өөртөө зорилго тавьж “Ирэх жилийн наадамд 20 онож байж түрүүлэх юм байна” гэж бодсон. Багшдаа энэ тухайгаа хэлээд “Би 20 ономоор байна. Та намайг бэлд” гээд Ц.Хүдэрчулуун багш дээрээ очсон. Тэгсэн чинь “Чи юу яриад байгаа юм бэ? 20-оос илүү ононо” гээд эхэлсэн дээ. Яг тэр цаг мөчөөс энэ спортод дурласан. Хүүхэд гаргаад нэг жил өнжье гэж бодсон ч сэтгэл нэг л тогтохгүй хэцүү ш дээ. Үндэсний спорт гэдэг бол хүнийг сайн дагуулдаг, хүмүүжүүлдэг, дурлуулдаг, эргэж гаргадаггүй өв соёл гайхамшиг гэж боддог.
-Аймгийнхаа наадамд хэдэн жил оролцов?
-Сүхбаатар аймгийнхаа наадамд 2008-2011 онуудын хооронд оролцож 2011 онд түрүүлсэн. Бусад жилүүдэд нь улсад наадсан. 2014 оны дөрөвдүгээр сард төрөөд хоёр сар гаруйтай хот явж чадалгүй аймгийнхаа наадамд оролцож түрүүлсэн. Аймгийн ой тохиовол мэдээж аймагтаа нааддаг.
-Нутагтаа гарын шавиа бэлдэж байгаа юу?
-Миний хамгийн том зорилго намайг үргэлж дэмждэг ээж, аав, ах эгч нар, хань, багш нарыгаа баярлуулж, нутаг усныхаа нэрийг өндөрт өргөх явдал байсан юм. Үүндээ бол хүрч чадсан. Мэдээж давааны цаана даваа гэж бий. Нутагтаа үндэсний сурыг хөгжүүлж, эмэгтэй харваачдыг олноор төрүүлэхийн тулд хүчин зүтгэнэ гэж бодоод байгаа. Өөрөө түрүүлээд, өөрөө харвахаасаа илүүтэйгээр дараа үеийн эмэгтэй харваачдыг бэлдье гэж хүсч байна. Тэнгэр хангай хараад цолоо ахиулах боломж гарч ирвэл ахиулна даа. Гэхдээ миний бодлоор одоо өчнөөн улсын цол горьдож байгаа харваачдыг улсын цолонд хүрээсэй гэж бодож байна. Надад бол цолоо ахиулах шунал алга.
-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Та залуустаа хандаж юу гэж хэлмээр байна?
-Дэлхий ертөнц хурдацтай даяаршиж байгаа энэ үед бид Монгол өв соёл, ёс заншил, үндэсний спортоо дээдлэн өөрөө хичээллэхгүй ч гэсэн хүндэлж анхан шаты мэдлэгтэй байх хэрэгтэй. Мөн урдаа тавьсан зорилгынхоо төлөө тууштай тэмцэж, зоригтой бай, итгэлтэй бай, бодож чадаж байвал ямар ч мөрөөдөл, зорилго чинь биелэх болно.
– Ярилцсанд баярлалаа.
Холбоотой мэдээ