“Монголд 210 хүн тарваган тахлаар өвчилж, 83 нь нас барсан”

Хуучирсан мэдээ: 2020.07.17-нд нийтлэгдсэн

“Монголд 210 хүн тарваган тахлаар өвчилж, 83 нь нас барсан”

“Монголд 210 хүн тарваган тахлаар өвчилж, 83 нь нас барсан”

Өнгөрсөн жил Баян-Өлгий аймагт гэр бүлийн хоёр тарваган тахлаар нас барж, 2-12 насны гурван хүүхэд өнчирсөн эмгэнэлт үйл явдал тохиосон. Энэ жил Говь-Алтай аймагт 15 настай хүү тарваган тахлаар нас барсан харамсалтай үйл явдал тохиолоо. Мөн Ховд аймагт ах дүү хоёр тарваган тахлаар өвчилж, ойрын хавьтал болох 650 хүнийг эрсдэлд оруулсан. Мэргэжилтнүүд цаг алдалгүй арга хэмжээ авснаар тахлын эрсдэлийг намдааж амжсан юм. Энэ он гарснаар тарваган тахлын сэжигтэй гэх таван тохиолдол бүртгэгдсэнээс гурван тохиолдол нь лабораториор батлагдлаа. Мэрэгч амьтнаас хүнд халдварладаг энэ өвчнийг эмчлэхэд нэг тохиолдолд 60-100 сая төгрөг зарцуулдаг юм байна.

Урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой ч жил бүр бүртгэгдэж амь нас, эрүүл мэнд, эдийн засгийн хохирол учруулж буй энэ өвчний талаар ЗӨСҮТ-ийн дэд захирал Б.Амгаланбаяртай ярилцлаа.


-Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудад ямар арга хэмжээ авч байна вэ?  

-Энэ жил тарваган тахлын сэжигтэй таван тохиолдлын гурав нь батлагдсан. Үүний хоёр тохиолдол нь Ховд аймагт эмчлэгдэж байгаа. Говь-Алтай аймгийн Төгрөг суманд долдугаар сарын 11-нд 15 настай хүү тарваган тахлаар нас барсан. Энэ тохиолдлын ойрын хавьтал 15 хүнийг цаг алдалгүй тусгаарлалтад оруулж, эмчилгээнд хамруулсан. Ховд аймгийн хоёр тохиолдлыг, ойрын хавьтлыг ч мөн адил цаг алдалгүй тусгаарлаж шаардлагатай эмчилгээнд хамруулсан тул хавьтлуудаас тарваган тахлаар өвчлөөгүй.

-Тарваган тахалтай холбоотойгоор Говь-Алтай аймгийн таван суманд хөл хорио тогтоосон. Хөл хорио хэдэннийг хүртэл үргэлжлэх вэ?

-Энэ өвчний нууц хугацаа зургаа хоног байдаг. Бид цаг алдалгүй хавьтлуудыг тусгаарласан тул долдугаар сарын 18-наас эхлэн хөл хориог цуцлах асуудлыг тус аймгийн Онцгой комисс шийдвэрлэнэ. Эрүүл мэндийн байгууллагын зүгээс хөл хориог цуцалж болох талаарх саналыг хүргүүлдэг.

-Баян-Өлгийд гарсан сэжигтэй тохиолдлын сорьцийн хариу үгүйсгэгдсэн. Өвчтөн юунаас шалтгаалан өвчилсөн байсан бэ?

-Энэ тохиолдолд лабораторийн шинжилгээ гартал тарваган тахлын үеийн хариу арга хэмжээ авсан. Учир нь, сэжигтэй гэж үзэж байгаа бол тарваган тахал гарсантай адил хариу арга хэмжээ авдаг. Тухайн өвчтөнд нянг устгах эмчилгээ, биеийн ерөнхий байдлыг сайжруулах эмчилгээ хийсэн. Биеийн байдал сайжрахын зэрэгцээ, лабораторийн шинжилгээний хариу үгүйсгэгдэж гарсан. Хамгийн гол нь шинж тэмдэг нь адил төстэй байснаас гадна тарваганы мах идсэн гэсэн өгүүлэмжтэй байсан болохоор сэжигтэй тохиолдол гэж үзсэн юм. Тухайн өвчтөний байсан бүс нь нэлээд сэрүүн байсан болохоор хоолой нь өвдсан байсан.

-Нэг тохиолдлыг эмчлэхэд 60-100 сая төгрөг зарцуулдаг гэсэн. Энэ мөнгийг хаанаас гаргадаг вэ?

-Нэг тохиолдол илрэхэд эрүүл мэндийн салбараас гадна өөр олон салбар зэрэг хөдөлдөг. Сүүлийн жилүүдэд хийсэн судалгаагаар нэг тохиолдлыг эмчлэхэд 60-100 сая төгрөг зарцуулж байна. Нэг тохиолдлоос халдвар цааш тархвал үүнээс их мөнгө зарцуулна. Энэ мөнгө төрөөс гардаг.  Тарваган тахлын нэг тохиолдлыг ч дэгдэлт гэж авч үзээд тусгайлсан хариу арга хэмжээ авдаг.

-Тарвага агнаснаас үүдэн тахлаар өвчилсөн хүнд өөрт нь ямар хариуцлага тооцох вэ?

-Хууль бус ан агнасан гэдэг утгаар нь хариуцлага тооцох боломжтой ч халдвар тараасан гэдэг дээр нь тооцох хуулийн заалт байдаггүй. Хуулийн дагуу тарвага агнахыг 2017 оны есдүгээр сарын 22-ноос эхлэн гурван жилээр хориглосон. Гэтэл баяр наадмын өдрүүдээр иргэд тарвага агнаж, тахлын эрсдэлийг нэмэгдүүлж байна.

-Тарвага агнасан талаарх мэдээллээ цахим орчинд байршуулсан хүмүүсийг шалгаж байгаа гэж мэдээлж байсан?

-Бид тандалт явуулсан. Амралтын өдрүүдэд иргэд орон нутгаар аялахдаа, тарвага агнасан талаарх мэдээллээ өөрийн цахим хуудсанд байршуулж байна. Тэр дундаа твиттер, болон фэйсбүүк хуудаснаа олон дагагчтай хүмүүс. Энэ нь бусдыг тарвага агнахад уриалга болж байх магадлалтай. Ийм тохиолдлуудад цагдаагийн байгууллагаас шалгалт явуулахаар болсон.

-Тарвагаас гадна харх тахал үүсгэх эрсдэлтэй гэсэн?

-Тарваган тахал үүсгэгч нянг зөвхөн тарваганд л байдаг гэсэн ойлголт иргэдийн дунд байдаг юм билээ. Энэ нян нь бүх мэрэгч амьтдад байдаг. Бидний хийсэн судалгаагаар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд харханд тарваган тахал үүсгэгч нян байсан. Мөн бөөс, бүүргээр дамжин халдварлрах эрсдэлтэй. Тухайлбал, тахалтай тарвага хазсан бөөс, бүүрэг нь хүнийг хазахад тахал үүсэх эрсдэлтэй. Бидний хийсэн судалгаагаар 17 аймгийн 137 суманд тарваган тахлын голомт бий. Тэр дундаа баруун аймгуудад, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увст тарваган тахлын идэвхжил нэлээд өндөр байна.  Сүүлийн жилүүдэд тарваган тахлын өвчлөл тасралтгүй бүртгэгдэж, нас барах тохиолдол гарч байна.

-Уг нь тарваган тахлаас урьдчилан сэргийлж болохоос гадна энэ өвчин эмчлэгддэг. Гэвч Монголд хэчнээн хүн энэ өвчнөөр нас бараад байна вэ?

-Тарваган тахал нь уушгины хэлбэрт шилжсэн тохиолдолд хүнээс хүнд халдварлаж, нас баралтын төвшин 30-100 хувь байдаг. Өөрөөр хэлбэл, халдвар авсан 10 хүний 3-10 нь нас барах өндөр эрсдэлтэй. Монгол Улс нь 1970 оноос эхлэн тарваган тахлыг бүртгэж, мэдээлсэн байдаг. Үүнээс хойш одоогоор 210 хүн тарваган тахлаар өвчилж, 83 нь нас барсан байна. Манай оронд тарваган тахлын нас баралт 39.6 хувьтай байна. Уг нь эмчлэгддэг өвчин атал нас баралт өндөр байгаа нь хууль бус ан хийсэндээ гэмшээд эмнэлгийн тусламж үйлчилгээг оройтож авдагтай холбоотой. Тиймээс тарваганы мах идсэн, тарвага агнасан, тарвагатай харьцсан тохиолдолд халуурах, толгой өвдөх, бие сульдах, булчирхай цочих зэрэг ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад утсаар дуудлага өгөх хэрэгтэй.

-Ховдод гарсан тохиолдлын нэгдүгээр хавьтлын ихэнх нь эмч нар байсан гэсэн үү?

-Ховд аймагт гарсан эхний тохиолдол нь тарвага агнасан талаараа эмч нарт хэлэлгүй, нууцалсан. Цэцэг сумын эмнэлгийн бүх эмч нарт үзүүлээд дараа нь түргэнээр аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байгаа юм. Бас л үнэнээ хэлээгүйгээс маш олон эрүүл мэндийн ажилчид нэгдүгээр хавьтал болсон. Ховд аймагт гарсан хоёр тохиолдол нь уушгины хэлбэрт шилжсэн, хүнээс хүнд халдварлах эрсдэл маш өндөр байсан. Covid-19-ийн үеийн бэлэн байдалтай холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагынхан маск зүүж бэлэн байдлыг бүрэн хангасан байсан тулдаа эмч, эмнэлгийн ажилчид халдвар аваагүй. Эмнэлгийн тусламж авахаар өөрөө очих нь олон эмч, иргэдийг эрсдэлд оруулна. Тиймээс энэ тохиолдолд утсаар дуудлага өгч, тарвагатай холбоотой мэдээллээ нууцлахгүй байх шаардлагатай.

-Монголоос өөр хэчнээн оронд тарваган тахал гарч байна вэ?

-XIII, XVII, XVIII зуунд тарваган тахал дэлхий нийтийг хамарч хүн амын олон хувийн амь насыг авч одсон. Сүүлийн 10 жилд буюу 2010-2019 онд 11 улсад тарваган тахал бүртгэгдсэн. Тухайлбал, өнгөрсөн жил зургаан оронд тарваган тахлын 148 тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ жилийн хувьд Монголтой хил залгаа орнуудад буюу ОХУ-ын горный Алтайн нутаг дэвсгэрт, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах оронд идэвхжил өндөр байна.

-Уламжлалт анагаах ухаанд амьтны эд эрхтнийг ашиглан өвчнийг анагаах техник байдаг уу?

-Амьтны эд эрхтнийг түүхийгээр нь ашиглан өвчнийг анагаадаг технологи орчин үеийн анагаахын шинжлэх ухаанд байдаггүй. БНХАУ-ын ардын эмчилгээнд  тодорхой хэмжээнд ан амьтны эд эрхтнийг үйлдвэрийн зориулалтаар боловсруулаад, халдваргүй болгосон нөхцөлд эм болгон үйлдвэрлэдэг жор байдаг. Энэ бүхнийг лабораторийн шинжилгээтэй хийдэг. Харин амьтны эд эрхтнийг түүхийгээр нь хэрэглэж, цус уух нь байж болохгүй үйлдэл.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж