Монгол Улсын Засгийн газар 2020 оны 07 дугаар сарын 16-ны пүрэв гаригт ээлжит бусаар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг гаргав
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулах үүрэг бүхий ажжлын хэсгийг Монгол Улсын сайд ЗГХЭГ-ын сайд Л.Оюун-Эрдэнээр ахлуулан байгууллаа. Монгол улсын Үндсэн хууль, төсвийн тухай хууль болон Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн бусад баримт, бичгүүдтэй уялдуулан төслийг богино хугацаанд боловсуурлж батлуулахыг ажлын хээсэгт Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.
Соёлын яамны бүтцийг батлав
Соёлын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны хязгаарыг баталлаа.
Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичиг болон МУҮХ, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, тогтоомжид үндэслэн, дэлхийн чиг хандлага, соёлын салбарын бодит нөхцөл, үндэсний онцлогийг харгалзан төслийг боловсруулсан байна. Соёлын яамыг Стратеги, бодлого төлөвлөлт, Төрийн захиргаа, удирдлага, Соёл гэгээрэл, Урлаг уран бүтээл, Соёлын өв, Санхүү хөрөнгө оруулалт, Хяналт шинжилгээ дотоод аудитын гэх 7 газартай, нийт 78 албан хаагчийн орон тоотой байхаар төлөвлөжээ.
Шадар сайд Я.Содбаатар цаг үеийн нөхцөл байдлын талаар хуралдаанд танилцуулга хийлээ.
Баяр наадмын өдрүүдээр ихэнхи нутгаар бороо хур ихтэй, зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орсноос Төв, Хөвсгөл, Увс, Сүхбаатар аймгийн зарим сумдад хүн малд багагүй хохирол учирсан байна. Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд 110 толгой мал хорогдон, Хөвсгөл аймгийн Мөрөн, Увс аймгийн Улаангом суманд 37 айл өрхийн гэр хашаа байшин үерт автчээ.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны чиглэлийн хатуу хучилттай автозам, Мөрөн Улиастай чиглэлийн авто зам, Элсэн тасархай Хархорин чиглэлийн автозамд эвдрэл үүсч, Увс аймгийн Улаангом сумын Гашууны голын түр гүүр, Түргэн сумын “Түргэн” голын 54 метр бетон гүүр, Бага Түргэний 186 метр төмөр бетон гүүрүүдийн тулгуурын бэхэлгээ, замын далан үерийн усанд тус тус эвдэрч, Бөхмөрөн, Давст, Сагил, Түргэн сумдын чиглэлд тээврийн хэрэгслээр зорчих боломжгүй болсон байна.
Нийт хур борооны улмаас Улсын хэмжээнд 21 газарт автозамд эвдрэл гэмтэл үүссэнээс таван хэсэгт 5-30 метр сэтэрч, 16-д нь 30м-3.5 км хүртэл урт замын далан хурын усанд угаагдсан байна. Зорчих хөдөлгөөн ихтэй таван гүүр эвдэрч, хааснаас нь дөрөв нь Увс аймгийн нутагт, нэг нь Увс-Баян-Өлгийн аймгийн хилийн заагт оршиж байна. Эдгээр эвдрэлийн улмаас нийт 3,5 тэрбум төгрөгийн хохирол учирсан урьдчилан тооцоо гаргаад байна. Говь-Алтай аймгийн Халиун сумаас Цээл сумын чиглэлийн шилэн кабел гэмтэж, үүрэн холбоо болон цахим сүлжээ тасарсан байна.
Мөн хур бороо орсон эдгээр өдрүүдэд усны ослоор нийслэлд 3, Төв аймагт 3, Хөвсгөлд 3, Сэлэнгэд 1, Дорнодод 1, Говь-Алтайд 1 нийт 12 иргэн эндсэнээс 3 нь хүүхэд байжээ. Иймд иргэд үер усны аюулаас сэргийлж, үерлэсэн, ус ихтэй голоос хол байхыг анхааруулж байв.
Тарваган тахал гарсан Ховд аймгийн Жаргалант, Цэцэг сумдын орох гарах зорчих хөдөлгөөнийг нээгээгүй, тарваган тахлаар өвдсөн нь тогтоогдсон хоёр иргэний биеийн байдал сайжирчээ. Говь-Алтай аймгийн Төгрөг суманд тарваган тахлын улмаас нэг иргэн нас барж, нэг иргэн хэвтэн эмчлүүлж, нэгдүгээр хавьтлын 14 иргэн тусгаарлагдаж сумаас гарах, орох хөдөлгөөнийг хориглоод байна.
Дэд сайд нарыг томиллоо
Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах нэр бүхий албан хаагчдыг Ерөнхий сайдын санал болгосноор танхимын гишүүдийн 100 хувийн саналаар яамдын дэд сайд нарыг томиллоо.
1. БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр
2. Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай
3. Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг
4. ХЗДХ-ийн дэд сайд С.Баатаржав
5. ХНХ-ын дэд сайд С.Зүльфикар
6. БХБ-ын дэд сайд Э. Золбоо
7. БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр
8. ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ
9. Соёлын дэд сайд М.Батбаяр
10.УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал
11.ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь
12.Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай
13.Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа
Мөн өдөр өөр ажилд шилжиж байгаатай нь холбогдуулан ЗГХЭГ-ын дэд дарга М.Баярмагнай, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, ОБЕГ-ын дарга Хошууч генерал Т.Бадрал нарыг чөлөөлөв. Шинээр ОБЕГ-ын даргаар Бригадын генерал Г.Ариунбуянг, Засгийн газрын Тохируулагч агентлаг ТТХГ-ын даргаар П.Батаа нарыг тус тус томилов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ