Дэлхий Covid-19-өөр, Монгол ослоор хүнээ алдсаар…

Хуучирсан мэдээ: 2020.07.16-нд нийтлэгдсэн

Дэлхий Covid-19-өөр, Монгол ослоор хүнээ алдсаар…

Дэлхий Covid-19-өөр, Монгол ослоор хүнээ алдсаар…

Аялал хийхээр хөдөөг зорьсон залуу хос бяцхан үртэйгээ гэртээ буцаж ирсэнгүй, хаваржаагаа зүүдэлж хоносон аавыгаа хүү нь төрсөн нутгийнх нь салхийг үнэрлүүлэхээр аян замд гарсан ч бас л гэртээ ирсэнгүй.

“Шинэ аварга төрсөн сайхан наадам боллоо, хэд хоног хөдөө агаар амьсгалчихаад ирье” гээд утсаар мэнд хүргэж байсан залуу ханхай зай үлдээгээд гэр бүлдээ хэзээ ч ирэхгүйгээр алсын алсад оджээ. Өвөөгөө, аавыгаа, хүүгээ, охиноо, ач, зээгээ ороод л ирэх юм шиг өндөлзөх хэдэн арван зүрх харуусал гашуудал дунд хоног өдрүүдийг туулж байна.

Тээврийн цагдаагийн газрын мэдээгээр Монгол Улсын хэмжээнд долдугаар сарын 9-15-нд зам тээврийн ослоор 25 хүн амиа алджээ. Тэдний дөрөв нь хүүхэд гэсэн зүрх зүссэн мэдээг дуулгав.

Харин 2020 оны эхний таван сард улсын хэмжээнд зам тээврийн осол 22594 гарч, 130 хүний амь нас хохирсны 50 нь бага насны хүүхэд байсан аж. Бэртэл гэмтэл авсан хүний тоо 338-аар яригдаж байна.

Ослын шалтгаан нөхцөлийг албаныхан техникийн бүрэн байдлыг хангаагүй, хурд хэтрүүлсэн, гэрлээ шилжүүлээгүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсонтой холбов. Үндсэндээ хүний хүчин зүйлээс хамаарч осол гарч байна гэж тодорхойлж болох юм. Тэр дундаа бусдын хариуцлагагүй үйлдлээс болж, амь насаа алдсан иргэний тоо хэдэн арваар яригдаж байна.

Сошиалд тавигдсан зарим бичлэгээр бол тэр их үерийг өнгөрөөдөггүй, машинтайгаа зүтгэж гарах гэж улайраад өндөр эрэг рүү унасан харамсалтай тохиолдол ч гарлаа. “Хүнээ буулгаад ганцаараа зүтгэ” гэх үгийг ч тоолгүйгээр муйхарлаж яваад гэр бүлийнхнээ ч эрсдэлд оруулж байна. Уг нь “замд явахад үер таарвал өнгөрөөгөөд гараарай. 15-20 минут хүлээхэд л аюул холуур өнгөрнө” гэх захиасыг ахмад буурлууд залуу үедээ дайдаг ч тусгаж авдаг нь цөөн бололтой.

Тээврийн цагдаагийн газраас өдөр алгасалгүй шахам сэрэмжлүүлэг хүргэдэг ч хүлээж авдаг нь тоотой байна. Харин сэрэмжлүүлгийг авдаг, дүрмээрээ хөдөлгөөнд оролцдог нэгэн нь өөрийгөө төдийгүй өрөөлийн амь насыг ч хамгаалсан тохиолдлууд бас бий. Жишээ татвал, орон нутгийн эргэлттэй замд жижиг тэрэгтэй давхиж явсан залуу урдахь ачааны том тэргийг гүйцэж түрүүлэхээр дөхөх үед жолооч нь зүүн гэрлээрээ “хүлээ” гэсэн дохио өгч… Залуу тэр даруй  ачааны машиныхаа ард буцаад ортол нэг “Маяты” зөрөөд өнгөрсөн байдаг. Хэрэв сагсуураад гүйцэт түрүүлэх хөдөлгөөн хийсэн бол юу болох нь ойлгомжтой. Дүрмээр хөдөлгөөнд оролцох нь бусдад ч амьдрал бэлэглэдэг гэдгийн жишээ энэ юм. Залуу ачааны машины жолоочид талархаад баршгүйгээгээ таньдаг бүхэндээ л ярьж билээ.

Ер нь автомашин барина гэдэг өөрийн төдийгүй өрөөлийн амь тээж яваа гэдгийг хүн бүр ухаарах цаг хэдийнэ болжээ.

“Приус” машин уначихаад “Лексус-570”-тай уралдсан тухай сагсуурч ярих хүмүүс ч байна. Хүчин чадлаасаа эхлээд олон зүйлээрээ “Лексус-570” “Приус”-ээсээ илүү. Гэтэл мэддэг нь цөөн байна уу гэлтэй.

Монголд өнөөдөр импортоор орж ирж буй автомашины 80 шахам хувийг шатахуун бага "иддэг" буруу талдаа хүрдтэй, "Приус” эзэлдэг тухай албаныхан ярьдаг. Насжилтын хувьд тухайн орондоо хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон байдаг. Харин Монголд үнэ хямд гэдгээрээ хамгийн их борлогддог автомашин болж хувирсан. Ийм автомашины импортыг хязгаарлах талд төрийн бодлого ч хэрэгжих шаардлага байна.

Зарим тохиолдолд тэнхлэг нь сэнсэрсэн, дугуй нь мөлгөр, гэрэл нь асахгүй, хар утаа хаясан, салхины шил нь пад хар машинууд орон нутгийн замд таарах нь бишгүй. Оношилгоогоо хийлгэсэн л байлтай гэж бодогдуулмаар… Бас үзлэгт орсон эсэхийг шалгадаг тээврийн цагдаагийн хаагуур нь өнгөрчих вэ гэмээр байдаг. Өөрөөр хэлбэл,  осол гаргаж байгаа, осолд орсон автомашин бүрийн шалтгаан нөхцлийг сайтар судалж гэмээнэ өнөөдрийн энэ их ослыг бууруулж чадна гэсэн үг.

Замын цагдаа нар зөвхөн татварын хойноос хөөцөлддөг бус хүний амь чухал гэж үзэн, автомашин оношилгоонд орсон эсэхийг шалгадаг болох хэрэгтэй байна. Мөн хараажийн зөрчилтэй автомашинд Оношилгооны төвийнхөн гарт нь хэдэн төгрөг атгуулчихаар “оношилгоонд орсон” гэдэг бичиг хийж өгдөг гэдэг үнэн худал нь үл мэдэгдэх ярианд цэг тавих цаг нь болжээ. Хүний аминаас үнэтэй автомашин байх ёсгүй.

Дэлхий дахинд Covid-19 цар тахал дэгдсэнээс хойш Монголд энэ өвчний вирусээр хүн нас бараагүй. Гэтэл автомашины ослоор 150 гаруй хүнээ алдана гэдэг бол дайн байлдаантай орнуудад ч сонсогдоогүй өндөр тоо юм.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
54
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж