УЕФА буюу Европын хөлбөмбөгийн холбооноос өнгөрөгч хоёрдугаар сард Английн Манчестер Сити багийг санхүүгийн шударга өрсөлдөөний дүрэм зөрчсөн хэрэгт буруутган, 30 сая еврогийн торгууль болон ирэх хоёр улирал УЕФА-ийн томоохон тэмцээнүүд болох Аваргуудын лиг болон Европа лигт оролцох эрхийг нь хассан. Үүнийх нь хариуд Манчестер Сити баг CAS буюу Спортын арбитрын шүүхэд хандан эрхээ сэргээлгэх талаар давж заалдсан юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Спортын арбитрын шүүхээс мэдэгдэл гарган Манчестер Сити багийн Европын клубуудын томоохон тэмцээнүүд болох Аваргуудын лиг болон Европа лигт оролцох эрхийг нь сэргээн, 30 сая еврогийн торгуулийг нь 10 сая евро болгон буруулжээ.
Энэ талаар Английн Премьер лигийн Ливерпүүл багийн дасгалжуулагч Юрген Клопп өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Би үүнийг хөлбөмбөгт тохиосон сайхан өдөр гэж бодохгүй байна. Санхүүгийн шударга өрсөлдөөний дүрэм бол сайхан санаа. Үүний хүчинд л аль нэг баг нь их хөрөнгө мөнгө зарцуулалгүй цэвэр өрсөлдөж, бусад багууд болон тэмцээнүүдийн үнэ цэнийг өндөрт байлгаж байгаа. Харин Манчестер Сити баг дараа улиралд Аваргуудын лигт тоглох болсонд баяртай байна. Хэрэв тэд дараа улирал 10 юм уу 12 тоглолт хийвэл энэ лигт тэднийг хожих баг байгаа гэж харахгүй байна” хэмээжээ.
2008 онд Арабын Нэгдсэн Эмират улсын тэрбумтан Шейх Мансур Манчестер Сити багийг худалдан авч тэр цаг үеэс хойш 2019 он хүртэл нийтдээ 278 тоглогчид 1.52 тэрбум фунт стерлингийг зарцуулжээ. Харин 280 тоглогчийг багаасаа явуулж 452.4 сая фунт стерлингийн ашиг орлого олсон байна. Гэвч зөрүү нь -1.18 тэрбум фунт стерлинг. Тэд маш их алдагдалтай ажилласан ч баян эзнийхээ хүчээр ямар нэгэн санхүүгийн хямралд ороогүй гэсэн үг.
Дэлхийн томоохон хөлбөмбөгийн аналистуудын зүгээс Манчестер Сити багийн эрхийг сэргээсэн нь тун буруу үйлдэл гэж харж байна. Учир нь санхүүгийн шударга өрсөлдөөний дүрмийг үнэгүйдүүлсэн мөн удахгүй Манчестер Сити шиг баян эзэнтэй олон баг гарч ирэн тамирчдыг өндөр үнээр худалдан авч багтаа тоглуулж, томоохон тэмцээн уралдуунуудад мөнгөөр түрүүлэхийг урьтал болгоно хэмээн харж байна.
Холбоотой мэдээ