“Монгол Ганжуур”: Эргэн судлууштай эртний судар

Хуучирсан мэдээ: 2020.07.16-нд нийтлэгдсэн

“Монгол Ганжуур”: Эргэн судлууштай эртний судар

“Монгол Ганжуур”: Эргэн судлууштай эртний судар

Монголчууд Энэтхэг оронтой  эртнээс соёл, оюун санааны  хэлхээ холбоотой явж  ирсэн нь өвлөж үлдсэн урлаг, утга зохиол, гүн ухаанд төдийгүй ширээсэн ган, ширгээсэн эм, барьж байгуулсан орд харш бусад олон зүйлээс харагддаг.

Ноёны агь Гаутам Сидхарта 2500 жилийн тэртээ Бодь модны дор 108 хоног бясалган сууж гэгээрлийг олсны эцэст зуны дунд сарын тэргэл сарны гэрэлд амьдралын бодь мөрийг таван шавьдаа анх айлдсаныг энэтхэгчүүд “Номын хүрдний өдөр” хэмээн өнөө хэр хүндэтгэн тэмдэглэдэг. Бидний өвөг дээдсийн сурч судалж, авч өөриймшүүлсэн “Ганжуур” хэмээх 108 боть хөлгөн судрыг Энэтхэг улс орчин цагийн дэвшилтэт технологийг ашиглан үзэмжтэй сайхан хэвлэснээ саяхан мөнөөх “Номын хүрдний өдөр” Монгол улсад ёслол төгөлдөр хүлээлгэн өгсөн тухай  www.news.mn сайт мэдээлсэн.

“Монгол Ганжуур” буюу “Өргөө Ганжуур” хэмээх 108 боть бол Буддын сургаалыг найман зууны тэртээ Хубилай сэцэн хаан зарлигаар төвөд хэлнээс таширлан хөрвүүлсэн монгол хөлгөн судар юм. Энэхүү хөлгөн судрыг монгол хэлнээ хөрвүүлэх ажил XIV зуунд эхэлж XVIII зууны эх хүртэл дөрвөн зууныг өртөөлөн олон эрдэмтэн мэргэдийн хичээл зүтгэлээр биеллийг олж гар аргаар бүтээсэн цаасан дээр 1720 онд модон бараар хэвлэгдсэн байна. Эртний, нэн ховор ном судруудыг цахим хэлбэрт хамтран буулгах саналыг  энэтхэгчүүд 2015 онд Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд тавьсан. Чингэвээс, энэ мэт оюуны олон бүтээл тод сайхан хэвлэгдэхээс гадна судалгаа шинжилгээний эргэлтэд орж хэн, хаана суудгаас үл хамааран судалж мэдэх өргөн боломж бүрдэх учиртай.

Анхны эхээс нь гэрэл зургаар татахын тулд тусгай дуран авайг ХБНГУ-д  захиалж хийлгэсэн, Энэтхэгийн Соёлын яам, Судар бичгийн үндэсний төв, Индира Гандийн нэрэмжит Үндэсний урлагийн төв, Энэтхэг улсад суугаа Монгол Улсын ЭСЯ зэрэг олон талаас хамтран оролцсон гэхээр багагүй чармайлт шаардсан, бас ч гэж нэлээд нүсэр ажил болсон нь ойлгомжтой.

Алт, мөнгөөр бичигдсэн эх бичвэрийг хамгаалах зорилгоор тусад нь хэвлэсэн судрын хуудсуудыг хосоор нь нэг нүүрэнд буулгасан агаад тэр бүхэнд “Ном дор мөргөмү, Лам дор мөргөмү, Бурхан дор мөргөмүү” хэмээх гурван эрдэнийн тарни шигтгэсэн нь бичвэр тасалдаж үрэгдээгүйг илтгэхээс гадна өндөр гэгээн Занбазар бээр эзэн Чингисийн өлгий нутагт бурхны сургаал түгэн дэлгэрэхийг билэгдэж бүтээсэн гэлцдэг Ногоон дарь эх бурхны сэрэг дүрээр ботиудыг чимэглэсэн аж.

Буддын сургаалыг  монгол хэлэнд хөрвүүлэх ажил Юань гүрэнд Хайсан хүлэг хааны цаг дор Чойжин Одсэр тэргүүтэй мэргэд (1308-1311 он) эхэлж, улмаар  Түмэдийн Алтан хаан (1507-1582 он)-ы үед мэргэн дайчин тайж, гүүш Сэрэгцүү ноён  үргэлжлүүлж 1628-1629 онд буюу Лигдэн хаан (1604-1634 он)-ы үед эрдэнийн Ганжуур нэрт 113 боть монгол эхийг бүтээсэн. Гараар хуулж олшруулахад нүсэр, их ажил учир Лигдэн хааны эмхэтгэсэн эх төдийлөн түгж тараагүй ч түүхэн сурвалжуудад тэмдэглэгдсэн бөгөөд Нэчин тойны намтарт (1739 он) Лигдэн хааны “Бадамын Алтан Ганжуур” судрыг Дорнод Монголын ханд өргөн барихаар1650 онд хуулбарласан, Дорнод Монголын хишигтэн хошууны Гэлэграбайн (Dge.legs.rab,rgyal) ноёнд үе уламжлагдсан өв хэмээн дурдсан байдаг.

Манжийн хаан Каншийн зарлигаар өөрчилж хянан тохиолдуулан монголчуудын хүсэлтээр 1717-1720 онд хэвлэсэн “Бээжин Ганжуур” гэх  эх  бас байдаг бөгөөд түүний 108 дахь ботийн 23а талд хэвгүй учир хэвлэгдэж өргөн тараагүй монгол Ганжуурыг өмнөх түвд эхтэй тулган харьцуулж хэвлэсэн гэсэн байдаг ч Лигдэн хааны эмхэтгэсэн чухам аль эхтэй тулгасан нь тодорхойгүй гэж судлаачид үздэг аж.

Энэхүү ажилд олон хошуудаас монгол бичиг сайн мэддэг хүмүүсийг дайчлан оролцуулснаар нэлээд ахиц гарсан чадмаг бичээчдийг Долнуурын хийдэд 1718 оны зун цуглуулж Лигдэн хааны хэвлүүлсэн 113 ботийг ихэд өөрчлөлгүй, билэг дэмбэрлийг бодож 108 ботиор 1720 онд хэвлүүлсэн нь “улаан шунхан Ганжуур” гэж нэршсэн байна.

Энэтхэгийн нэрт эрдэмтэн Рагу Вира (1902-1963 он) хинди, самгарьд, перс, араб, англи, урду, бенгал, маратхи, тамил, телегу, пенжаб хэл мэддэг хэл шинжээчийн хувьд 1956 онд Монгол оронд зочлон эртний зохиолуудыг эрж хайх явцдаа Энэтхэгт үгүй болсон, 1161 самгард зохиолын монгол хэл дээрх эмхэтгэлийг Монгол, Энэтхэгийн соёлын хэлхээ холбооны илрэл гэж үзээд авч цуглуулсан боловч 1963 онд замын ослоор өөд болсон. Түүний хүү др.Локеш Чандра  тэрхүү эмхэтгэлийн боть бүрийг тусгай дэвтэр болгон эмхэтгэн 1973 онд хэвлүүлсэн нь Монголд төдийгүй ОХУ-ын Санкт Петербург, Буриад, Халмиг, Хятад, Япон, АНУ, Европт танил болжээ.

Бурхан Буддагийн сургаал 2500 жилийн дараа  эх нутагтаа эгэн очиж дахин хэвлэгдсэнд билгүүн номч Б.Ренчин бэлгэшээн “Монголын утга зохиолын сувдан сондор” гэж нэрлэсэн юм гэдэг.

Монгол оронд 1990-ээд оноос үндэсний түүх, соёлоо сэргээн хөгжүүлснээр  сүм хийдүүд олноор нээгдсэн тул эртний ном судруудын 108 боть энэхүү эмхэтгэлийг эх нутагтаа эгүүлэн залах хүсэлтийг эрдэмтэд, шашин соёлын зүтгэлтнүүд Энэтхэгийн талд уламжилсан.

Тэр дагуу хөлгөн судрыг шинэчлэн хэвлэх ажил нэрээ нийтлэхийг эс хүссэн буянтны дэм тусаар биеллээ олж монголч эрдэмтэн хатагтай др. проф. Шашбала хянан тохиолдуулсан байна.

Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди, Соёлын сайд Прахлад Сингх Пател, Залуучууд, Спорт, Үндэсний цөөнхийн сайд Киран Рижижү, Соёлоор харилцах Энэтхэгийн зөвлөлийн ерөнхийлөгч, Парламентын гишүүн, др.Винай Сахасрабуддэ, Буддын шашинтны Олон улсын Нэгдсэн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, ламтан Дхармапияа болон Энэтхэгийн төр, засгийн газрын удирдах ажилтнууд, нийгэм, соёл, шашны  зүтгэлтнүүдийг байлцуулан 2020 оны долдугаар сарын 4-ний өдөр хэвлэл мэдээлэл, түүний дотор телевизийн сувгууд болон цахимаар олон улсад шууд дамжуулан мэдээлж байгаад уг хөлгөн судрыг Монголын ард түмэнд гардуулсан. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны есдүгээр сард Энэтхэг улсад хийсэн төрийн айлчлалыг болон түүнийг  эрхэм хүндтэй зочны хувиар өөрийн орд өргөөнд урьж тавтай тухтай ярилцсан тухайгаа элэгсэг дотно дурсаад “Өдгөө цагийн Сарнатх хотын Бугатай цэцэрлэгт Будда өөрийн ухаарч мэдсэнийг хүн төрөлхтөнд түгээсэн зуны дунд сарын тэргэл сартай тэрхүү үдшийг хинду, жайнчууд төдийгүй дэлхийн 36 улсад суугаа Бурханы шашинтнууд хүн төрөлхтний олон соёлын баяр  болгож ёслон тэмдэглэдэг  болсон байна. Эх болсон зургаан зүйлийн хамаг амьтныг энэрч хайрлах, хүчирхийлэхийг үгүйсгэх, зовлон, зовлонгийн үндсийг гэгээрэлд хүргэх зөв үзэл, зөв санаа, зөв үг, зөв үйл, зөв амьдрал, зөв чармайлт, зөв зорилго, зөв бясалгалыг эрхэмлэн, сувдаг шунал, үзэн ядалт, хүчирхийлэл, атгаг санааг  таягдан хаяснаар арилгах тухай Буддын сургаал өнөө үед ч ач холбогдолтой хэвээр байна” хэмээн өгүүлсэн билээ.

Ерөнхий сайд Н.Моди өдгөө дэлхий дахинд тулгараад байгаа цар тахал гэх мэт амаргүй сорилт бэрхшээлийг даван туулах арга зам Буддын сургаалд бий. Итгэл олгодог энэхүү сургаал өнгөрсөн үед төдийгүй, өнөө цагт ядуусыг, охид эмэгтэйчүүдийг хүндэтгэх, амар амгаланг, үл хүчирхийлэх ёсыг дээдлэх шаардлага хурцаар тавигдаж байгаа, нийтээр тогтвортой хөгжих зорилт чухлаар тавигддаг болсон үед улам ч ач холбогдолтой болж байна. Итгэл найдвар, зорилго, зорилтыг хамгаас эрхэмлэдэг Буддын сургаал шинэ зууны залууст амьдрал, ажил үйлсийн гарааг эхлүүлэх, цаг үеийн бэрхшээл хүндрэлийг  даван туулах уриа дуудлага болох учиртай. Монголчуудын эрхэмлэдэг “Монгол Ганжуур”-ыг гардуулах болсонд ихэд баяртай байна. Бурхан Буддагийн гэгээрсэн, сургаал номоо айлдсан түүхт газрыг олон улсын аялал жуулчлалын төв болгоно гэж мэдэгдсэн болно.

Буддын шашинтны олон улсын нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга ламтан Дхармапаяа Буддын судлалаар их, дээд сургуулийн үндсэн ангиудад суралцах манай оюутан залууст тэтгэлэг олгохоор шийдвэрлэснээ мөн мэдэгдсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны есдүгээр сард Энэтхэгт төрийн айлчлал хийх үеэр Энэтхэг Улсын Засгийн газар Сарнатх, Лехийн Буддын судлалын их сургуулиудад 2020-2021 оны хичээлийн жилд элсэн суралцах Монголын оюутан залууст 10 тэтгэлэг олгох тухай мөн зарласан. Хүн төрөлхтний  шимтэн судалдаг гүн ухааны цөөн том урсгалын нэг гэдэг утгаар суралцах, судалгааны арга барил, хэд хэдэн гадаад хэл, хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролыг төгсөлтийн өмнөх болон дараах түвшинд эзэмших боломж ийнхүү  нээгдэж байна.

Төв, орон нутгийн сүм хийд, байгууллагууд Монголын бурхны шашинтны төвд хандсанаар манай ард түмний мэдлэг оюуны өв, буддын шашны эртний, нэн ховор судрын дээж “Монгол Ганжуур” хөлгөн судрыг залах боломж ийн бүрдэв.

Монгол, Энэтхэгийн дипломат харилцааны 65 жилийн ойн өмнө энэхүү боломж бүрдсэн нь биеэ хөдсөөр ороодог атал судраа торгоор барингтладаг  монгол түмний таалалд орших буй заа. 

Г.Ганболд,  Шинэ Дели хот

2020 оны долдугаар сарын 14

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж