ОХУ-ын нийслэл Москва хотноо өчигдөр (2020.7.15) Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцсэн жагсаалын үеэр 142 хүнийг баривчлан хорьжээ. Баривчлагдсан хүмүүсийн дунд Москва хотын зөвлөлийн гишүүн Юлия Галямина охиныхоо хамт болон ‘Agence France-Presse’ агентлагийн сэтгүүлч ч байв. Владимир Путинд Оросыг үргэлжлүүлэн 16 жил удирдах боломжийг олгосон Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцсэн жагсаалыг Юлия Галямина тэргүүлсэн аж.
Жагсагчид Москва хотноо өчигдөр бороотой байсныг үл хайхран Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцсэн хүмүүсийн гарын үсгийг цуглуулах зорилгоор Пушкины талбайд жагсаалыг эхлүүлжээ. Эсэргүүцлийн бичигт хангалттай тооны хүн гарын үсэг зурвал шүүхэд гомдол гаргахаар зэхэж байсан аж. Гарын үсэг цуглуулж байсан идэвхтнүүдийн нэг Андрей Пивоваров хэлэхдээ “Бид Путингүй Оросын төлөө орон даяар гарын үсэг цуглуулж байна” хэмээжээ. Түүнчлэн гарын үсэг цуглуулах үеэр 5000 орчим хүн цугласан хэмээн Юлия Галямина Твиттертээ бичжээ.
Өдгөө 67 настай Владимир Путин сүүлийн 20 жилийн турш Орос орныг удирдаж байна. Түүний бүрэн эрхийн хугацаа 2024 онд дуусах байсан ч Үндсэн хуулийн өөрчлөлтөөр үргэлжлүүлэн төр удирдах боломжийг нээжээ. ОХУ-д өнгөрсөн зургадугаар сард долоон хоногийн турш үргэлжилсэн бүх нийтийн санал хураалтын үр дүнд оролцогчдын олонх нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжсэн юм. Гэвч сөрөг хүчний улстөрч Алексей Навалный хэлэхдээ санал хураалт бол түүхэнд байгаагүй худал зүйл байсан хэмээн эсэргүүцжээ.
Эх сурвалж: Agence France-Presse
Холбоотой мэдээ