Сөүл хотын захирагч агсан Пак Вон Сун гэж хэн байв?

Хуучирсан мэдээ: 2020.07.16-нд нийтлэгдсэн

Сөүл хотын захирагч агсан Пак Вон Сун гэж хэн байв?

Сөүл хотын захирагч агсан Пак Вон Сун гэж хэн байв?

“NEWS” агентлаг долоо хоног бүрийн пүрэв гаригт “Хүмүүс” буланг уншигч та бүхэндээ хүргэдэг билээ. Энэ долоо хоногийн буландаа Сөүл хотын захирагч агсан Пак Вон Суныг онцолж байна. Тэрээр өнгөрөгч долоо хоногт гэнэт сураггүй болж, олон цаг эрэл хайгуул зохион байгуулсны эцэст ойд өөрийнхөө амийг егүүтгэсэн байдалтай олдсон нь тус улсын ард иргэдийг төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татсан юм.  Үүнээс гадна насаараа хүний эрхийн хуульчаар, тэр дундаа эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн чиглэлээр ажиллаж олонд танигдсан тэрээр бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх гомдол түүнийг алга болохоос ганцхан цагийн өмнө цагдаагийн байгууллагад ирсэн нь бүр ч илүү анхаарал татсан явдал байв.


ГЭРЭЭСЛЭЛ БА ГЭНЭТИЙН АМИА ХОРЛОЛТ

БНСУ-ын нийслэл Сөүл хотын захирагч Пак Вон Су долдугаар сарын 9-ны өглөө гэрээсээ гараад сураггүй таван цаг гаруй болсны эцэст охин нь цагдаагийн байгууллагад хандан, түүнийг эрэн хайх ажиллагаа эхэлсэн юм. Ингээд эрэн хайх ажиллагаа долоо цаг үргэлжилсний эцэст түүний цогцосыг Сөүл хотын хойд хэсгийн Бугаксан уулын Сукчонмун гарцны ойролцоогоос олсон байна.

Охиных нь мэдэгдсэнээр тэрээр гэрээсээ гарахдаа гэрээслэл шиг зурвас үлдээгээд гарсан гэх бөгөөд удалгүй уг зурвасыг олон нийтэд дэлгэжээ. Пак Вон Суны зурвасыг түүний нарийн бичгийн дарга Гу Хан Сёк гэр бүлийнхнээс нь зөвшөөрөл авч, хэвлэл мэдээллийнхэнд өгсөн.

Уг зурваст,

“Бүгдээс нь уучлалт гуйж байна. Миний амьдралын туршид надтай хамт байсан, эргэн тойрны бүх хүмүүстээ талархаж байна. Харин миний хамгийн хүнд цаг үеүдэд намайг орхилгүй надтай хамт байсан гэр бүлийнхнийхээ өмнө би үргэлж буруутай мэт санагддаг байсан. Намайг чандарлаад эцэг, эх хоёрын минь дэргэд оршуулж  өгөхийг хүсье. Бүгдээрээ баяртай” гэж бичжээ.

ХҮЧИРХИЙЛЭГЧ ҮҮ ХАМГААЛАГЧ УУ?

Пак Вон Суныг алга боллоо гэх мэдээ цацагдахаас яг нэг цагийн өмнө түүний удирдлага дор ажилладаг байсан нэг эмэгтэй ажилтан нь түүнийг бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутган цагдаад гомдол гаргасан нь олны анхаарлыг ихэд татав. Тэр алга болохоосоо өмнө дээрх гомдлын дагуу цагдаагийн газар байцаалт өгсөн байсан аж. Түүнийг цагдаад мэдэгдэж гомдол гаргасан хүн нь 2017 оноос хойш хамт ажиллаж байгаа Сөүл хотын тамгын газрын ажилтан эмэгтэй бөгөөд Пак Вон Суны эсрэг гаргасан цагдаагийн мэдүүлэгтээ Телеграм мессенжерээр харилцсан мессеж зэргийг баримт болгон хавсаргасан байсан байна. Эмэгтэйн гомдолд дурдсанаар Пак Вон Сун дөрвөн жилийн турш тэр эмэгтэйг дарамталж, дотуур өмдтэй зургаа илгээж хотын захиргааны байранд байрлах өөрийн амралтын өрөөнд дуудаж, хамт унтахыг шаарддаг байсан гэнэ. Бүсгүй эхэндээ хүнд хэлэлгүй тэвчиж, ажилладаг хэлтэс, албаа сольсон ч энэ байдал үргэлжилсээр байжээ.

Одоогоор уг хэргийг шалгаж байгаа ба Пак Вон Сун хүний эрхийн хуульчаар насаараа ажилласан бөгөөд ялангуяа эмэгтэйчүүдийн эрх, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн чиглэлээр ажиллаж олонд танигдсан түүнийг ийм хэрэг үйлдсэн гэдэгт маш олон хүн итгэхгүй байгаагаа илэрхийлж байгаа ч хэргийн үнэн мөнийг олж, шийдвэрлэхийг цөөнгүй хүмүүс шаардаж байна.

ПАК ВОН СУН ГЭЖ ХЭН БЭ?

Пак Вон Сун нь 1956 оны гуравдугаар сарын 26-нд Өмнөд Солонгосын Кёнсан мужийн Чанён хотод төрсөн  ба Кюнги ахлах сургуулийг 1974 онд төгсчээ. Ингээд Сөүлийн их сургуулийн Хэл, соёл судлалын сургуульд элсэн суралцаж байх үедээ тухайн үеийн Ерөнхийлөгч Пак Чун Хигийн дарангуйллын эсрэг хөдөлгөөнд элсч, эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцож дөрвөн сар хоригдож байсан байна. Үүнээс үүдэн Сөүлийн их сургуульд үргэлжлүүлэн суралцах боломжгүй болсон Пак Дангук их сургуульд суралцаж бакалаврын зэрэгтэй төгссөн байна. Дараа нь 1991 онд Лондонгийн их сургуулийн Эдийн засгийн сургуулийг Олон улсын хуульч мэргэжлээр суралцан төгсчээ.

Залуу насандаа эрх баригчдын эсрэг, хүний эрхийн төлөөх олон ч эсэргүүцлийн хөдөлгөөн, жагсаал цуглаанд гар бие оролцож, дуу хоолойгоо хүргэж байсан түүнийг хүний эрхийн хуульч гэдгээр нь Өмнөд Солонгосын ард иргэд илүү сайн мэднэ. 1982-1983 онуудад Кёнсан мужийн Дэгү хотын шүүхэд шүүгчээр ажиллаж байгаад Сөүл рүү шилжин суурьшиж, хувийн өмгөөлөгчийн товчоог нээн ажиллуулж эхэлсэн байна. Энэ хугацаандаа маш олон улс төрийн идэвхтнүүдийг амжилттай өмгөөлж байжээ.

Ингээд 1993 онд Харвардын их сургуулийн Хууль зүйн сургуулийн Хүний эрхийн хөтөлбөрийг амжилттай дүүргэж, 1994 онд тэрээр засгийн газрын үйл ажиллагааг хянах, авлигатай тэмцэх үүрэг бүхий “Ардчиллын төлөөх ард түмний хамтын нийгэмлэг” хэмээх байгууллагыг үүсгэн байгуулсан байна. Мөн 2002 онд сайн дурын ажил, олон нийтийн үйлчилгээг сурталчлах, орлогын тэгш бус байдлын асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн “The Beautiful” хэмээх буяны санг үүсгэн байгуулжээ.

Тэрээр Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн анхны бэлгийн хүчирхийллийн хохирогчийг өмгөөлж, ялалт байгуулснаар олны хайр хүндэтгэлийг ихэд хүлээсэн явдал болсон ба үүгээрээ ч тэр ард иргэдэд ихэд танигдсан нэгэн байв.

1986 онд Бучон хотын нэгэн их сургуулийн оюутан эмэгтэй цагдаагийн офицерт хүчирхийлүүлсэн хэмээн гомдол гаргасан нь тус улсын түүхэн дэх бэлгийн хүчирхийллийн анхны хэрэг болон бүртгэгджээ. Уг хэргийн хохирогч Квон Их Сук хэмээх бүсгүйг Пак Вон сун амжилттай өмгөөлсан юм. Түүнчлэн Япончуудын колоничлолын үед бэлгийн хүчирхийлэлт өртөж байсан эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах кампанит ажил өрнүүлж байсан зэрэг нь түүний нэр хүндийг өндөрт өргөсөн юм.

Эхнэр, хүү охинтойгоо амьдардаг гэдгээс цааш түүний хувийн амьдралын талаар мэдээлэл бараг л байдаггүй.

Тэрээр Өмнөд Солонгосын хамгийн нэр нөлөө бүхий улстөрчдийн нэг байсан. 2011 оноос хойш Сөүл хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байсан ба одоогийн Ерөнхийлөгч Мүн Жэ Иний Либерал Ардчилсан намын гишүүн, 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа хамгийн их найдвар төрүүлж буй, Ерөнхийлөгчийн дараа хоёрдугаарт бичигдэх нэр хүндтэй улстөрч байжээ. Эдийн засгийн тэгш бус байдал, халамжийн хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлсэн Пак Вон Сун хотын захирагчаар ажиллаж байх хугацаандаа улс төрд шинэчлэлийн бэлгэ тэмдэг болж байв.

Түүний үхэл маш олон хүмүүсийг цочроосон төдийгүй Өмнөд Солонгосчуудыг хоёр талцуулаад байгаа бөгөөд тэр үнэхээр хүчирхийлэгч байсан уу эсвэл түүний нэр хүнд хэн нэгэнд саад болсон учир ийм зүйл тохиолдов уу гэж хүмүүс эргэлзэж байна. Нийт 500 мянга орчим хүн Пак Вон Суны оршуулгыг хотын захиргааны түвшинд зохион байгуулах ёсгүй хэмээн эсэргүүцэж цахим орчинд гарын үсгээ зурсан бол хотын захиргаанаас таван өдрийн гашуудал зарлаж, энэ хугацаанд 20 мянга гаруй Сөүлчүүд зорин ирж Пак Вон Сунд хүндэтгэл үзүүлж, эмгэнэлээ илэрхийлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж