Өнгөрсөн сард Их Британид болсон ялгаварлан гадуурхалтын эсрэг хөдөлгөөний үеэр жагсагчид 17-р зууны үеийн боолын наймаачин Эдвард Колстоны хөшөөг буулгаж, Эвон голд хаясан билээ. Харин түүний оронд шинэхэн хөшөө сүндэрлэсэн нь хөдөлгөөнд оролцогч, эгэл жирийн нэгэн жагсагчийн хөшөө аж.
Английн уран бүтээлч Марк Квин уг хөшөөг бүтээсэн аж. Ингэхдээ түүнийг нударга зангидан, жагсаалд оролцож, дуу хоолойгоо өргөж буйгаар дүрсэлжээ. Марк Квин дээрх хөшөөг бүтээхдээ Рэйд гэх нэгэн зурагчны гэрэл зургийг хөшөө болгон амилуулсан нь энэ юм.
Тэрбээр "Энэ бүтээл бол Рэйдийн тухайн үед мэдэрч, бодсон бүх зүйлийг илүү олон хүнд хүргэхийн тулд заавал бүтээх ёстой байсан бүтээл юм" хэмээн ярьжээ.
Хөшөөний албан ёсны нэр нь "Тэсрэлт" бөгөөд уг хөшөөг тэнд байрлуулах албан ёсны зөвшөөрөл аваагүй, ирээдүйд худалдах зорилготой ажээ. Тэд олсон ашгаа хоёр буяны байгууллагад хандивлах гэнэ. Рэйдийн хэлснээр уг хөшөө нь түүний ээжийхээ төлөө, охиныхоо төлөө, хар арьстнуудын төлөөх тэмцлийг илэрхийлж буй юм. Тэрбээр "Энэ хөшөөг хараад хар арьст хүүхдүүд өөрсдөөрөө бахархаж, энэ газар нутагт амьдрах бүрэн эрхтэй гэдгээ мэдрэх болно" гэжээ.
Өмнөх буюу Колстоны хөшөө нь 1895 оноос хойш тухайн байранд байсан билээ. Тэрбээр Атлантын боолын худалдаанд томоохон байр суурь эзэлдэг байжээ. Энэ хөшөөг буулгахыг хүмүүс өмнө нь олон удаа шаардаж байсан ч үр дүнд төдийлөн хүрдэггүй байв. Гэтэл эсэргүүцлийн жагсаал дээрх хөшөөг буулгах аятайхан боломж болж, улмаар өөр олон газарт зохисгүй гэж үзсэн олон хөшөөг буулгах хөдөлгөөн өрнөж эхэлсэн юм.
Эх сурвалж: CNN.COM
Холбоотой мэдээ