Дэлхий даяар төрөлт багасч байгаа нь юунд хүргэх вэ?

Хуучирсан мэдээ: 2020.07.16-нд нийтлэгдсэн

Дэлхий даяар төрөлт багасч байгаа нь юунд хүргэх вэ?

Дэлхий даяар төрөлт багасч байгаа нь юунд хүргэх вэ?

Дэлхийн олон оронд шинэ төрж буй хүүхдийн тоо мэдэгдэхүйц цөөрч байгаа нь ирээдүйн нийгэмд “нүд орой дээр гармаар” эрс нөлөө үзүүлнэ хэмээн судлаачид үзэж байгаа гэнэ. Ийнхүү шинээр хүүхэд төрөх нь цөөрөх болсноор энэ зууны сүүлч гэхэд бараг бүх улсын хүн ам эрс багассан байх аж.

Ялангуяа Япон, Испани тэргүүтэй 23 улс 2100 он гэхэд одоо байгаагаасаа хоёр дахин бага хүн амтай болсон байх аж.

Мөн үүнийгээ дагаад хүн төрөлхтний дундаж наслалт нэмэгдэж, ихэнх хүн 80-аас дээш насалдаг болох гэнэ.

ЮУ БОЛОВ?

Шинэ төрөлт буюу өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх нь сүүлийн үед эрчимтэй цөөрч байна. Ийнхүү цөөрсөөр эмэгтэйчүүдийн хүүхэд төрүүлэх тоо 2.1-ээс цөөн болбол дэлхийн хүн ам багасч эхэлнэ гэсэн үг юм. Харьцуулж үзвэл 1950 онд эмэгтэйчүүд дунджаар 4.7 хүүхэд төрүүлдэг байсан байна.

Харин эрүүл мэндийн салбарын статистик гаргадаг Вашингтоны их сургуулийн судлаачдын танилцуулснаар 2017 онд дээрх тоо бараг хоёр дахин буурч, 2.4 болсон байна. Цаашлаад 2100 он гэхэд энэ тоо 1.7 болж буурна хэмээн тооцоолжээ.

Улмаар судлаачдын үзэж буйгаар бол 2064 оны үед дэлхийн нийт хүн ам 9.7 тэрбум болж өсөх ч, энэ зууны сүүл гэхэд эргээд 8,8 тэрбум болтлоо буурах аж. “Энэ их том асуудал. Дэлхийн ихэнх оронд хүн амын тоо цөөрөх тийшээ хандаж байна. Үүнийг хэр чухал зүйл гэдгийг ойлгох байтугай төсөөлөхөд ч бэрх байгаа байх. Чухамдаа үүний үр дүнд одоогийн нийгэм үндсээрээ өөрчлөгднө гэсэн үг юм” хэмээн судлаач профессор Кристофер Мюррэй ярьжээ.

ЯАГААД ?

Төрөлт гээд ярихад эр бэлгийн эсийн тоо зэрэг эрүүл мэндийн шалтгаан бодогдож байж болох ч одоо болж байгаа энэ үйл явдал үүнтэй огт хамаагүй аж. Харин эсрэгээр эмэгтэйчүүд өдгөө илүү их боловсрол эзэмшиж, ажил хийж, түүгээр зогсохгүй том амжилтад хүрч байгаа нь амьдралдаа цөөхөн хүүхэд төрүүлж, ажилдаа илүү анхаарах шалтгаан болж байна. Ялангуяа дээд удирдлагын албан тушаал хашдаг, асар өндөр амжилтад хүрсэн эмэгтэйчүүд нэг эсвэл огт хүүхэдгүй байх нь олон болсон гэнэ.

АЛЬ УЛСАД ТӨРӨЛТ ХАМГИЙН ИХЭЭР БУУРЧ БАЙНА ВЭ?

Японы хувьд 2017 онд хүн ам 128 сая байснаас хойш тасралтгүй буурсаар байгаа бөгөөд энэ зууны сүүл гэхэд 53 саяас бага болох төлөвтэй байна. Мөн Италийн хувьд мөн ижил хугацаанд 61 саяас буурч, 28 сая болох аж.

Дээрх хоёр орон бол мөн ижил байдлаар энэ зууны сүүл үе гэхэд хүн амын тоо хоёор дахин болон түүнээс илүүгээр буурах Испани, Португал, Тайланд, БНСУ тэргүүтэй 23 улсын ердөө л жишээ аж.

Түүнээс гадна БНХАУ өдгөө дэлхийн хамгийн олон хүн амтай улс бөгөөд дөрвөн жилийн дотор 1,4 тэрбум иргэнтэй болох тооцоо бий ч 2100 он гэхэд бараг хоёр дахин цөөрч, 732 сая болох ба оронд нь Энэтхэг хамгийн олон хүн амтай орон болох гэнэ. Их Британийн хувьд 2063 оны үед 75 сая хүн амтай болох ч 2100 онд энэ тоо 71 сая болон буурах аж. Энэ нь зөвхөн дээрх улсуудын хүн ам буурч байгаа хэрэг гэхээс илүү дэлхийн асуудал юм. Тухайлбал 195 орны 183-т нь шинэ төрж буй хүүхдийн тоо нас барагсдын тоог нөхөх хэмжээнд хүрэхгүй байна.

ТӨРӨЛТ БАГАСАХ НЬ ЯАГААД ТОМ АСУУДАЛ ВЭ?

Хүн төрөлхтний тоо цөөрснөөр байгаль орчинд эерэг нөлөөтэй байж болох юм. Жишээ нь хүн амын тоо багассанаар хүлэмжийн хийн хэмжээ мөн буурч, тариалангийн төлөө ой устгах явдал үгүй болох болно. Хамгийн гол асуудал бол дээрх үйл явдлын улмаас өнөөгийн нийгмийн насны ангиллын хэлбэр эсрэгээрээ болж өөрчлөгдөх юм. Энэ нь нийгэмд хөгшчүүд ихэсч, залуус цөөрнө гэсэн үг юм.

Тухайлбал, 2017 оны байдлаар 5-аас доош насны хүүхэд 681 сая байсан бол 2100 онд 401 сая болох юм. Тэгвэл эсрэгээр 2017 онд 80-аас дээш насныхны тоо 141 сая байсан бол 2100 онд 866 сая болж өсөх аж.

Профессор Мюррэйн санааг зовоож буй гол асуудал бол түүний найман настай охиныг том болох үед нийгэм яаж өөрчлөгдөх бол гэх асуулт юм. Өөрөөр хэлбэл 866 сая 80-аас дээш насныхантай нийгэмд хэн татвар төлж, тэдний эрүүл мэндэд анхаарч, хэн тэднийг асрах бол? Ер нь хүмүүс тэтгэвэрт гарах гэдэг зүйл байх болов уу?

ШИЙДЭЛ БАЙГАА БОЛОВ УУ?

Их Британи зэрэг орнууд багасч буй төрөлтийн эсрэг цагаачдын асуудлыг овжин ашигласаар ирсэн. Гэвч энэ нь бүх орны хувьд асуудлыг шийдэх арга болж чадахгүй гэдэг нь ойлгомжтой.

“Бид өдгөө хилээ нээх эсэх талаар асуудлаас ирээдүйд цагаачдыг булаацалддаг болох нийгэмрүү шилжих гэж байна”

Зарим орнууд дээрх асуудалтай илүү улс төрийн зохицуулалтын аргаар тэмцэж байгаа. Жишээ нь шинэ хүнээ өлгийдөн авсан эцэг эхэд илүү урт хугацааны цалинтай чөлөө өгөх, хүүхдийг нь үнэгүй асарч, сувилах, санхүүгийн болон ажлын байрны тусламж гэх мэт. Гэвч эдгээр арга үр дүнгээ өгнө гэсэн найдвар одоохондоо алга байна.

Ямартай ч Швед улс дээрх аргаар төрөлтийн тоогоо 1.7-гоос 1.9 болгон өсгөж чадсан гэнэ. Гэвч шинэ хүүхдүүдийн төлөө олон янзын арга хэрэглэсэн бусад орнууд асуудалтай хэвээр байна. Жишээ нь Сингапурт нэг эмэгтэй 1.3 хүүхэд төрүүлж байгаа гэнэ. “Үүнийг сонсоод зарим хүмүүс шоолдог. Учир нь тэд үүнийг үнэн гэж хүлээн зөвшөөрч чаддаггүй. Тэд дээрх байдлаар улсаас дэмжлэг үзүүлбэл бүх эмэгтэйчүүд л олон хүүхэд төрүүлэхээр шийднэ хэмээн боддог. Гэвч бодит туршлага дээр тийм биш байна. Хэрвээ бид зөв шийдэл олж, дорвитой арга хэмжээ авахгүй бол ойын биш ч ирээдүйд хүн төрөлхтөн мөхөх болно” хэмээн Мюррэй ярьжээ.

Харин Сахар, Африкийн нутагт хүн амын тоо 2100 он гэхэд гурав дахин өсч, гурван тэрбум болох төлөвтэй байна. Улмаар Нижер 791 сая хүн амтай буюу дэлхийн хоёр дахь хамгийн том улс болох гэнэ.

“Дэлхийн маш олон оронд ирээдүйд Африк гаралтай хүмүүс амьдрах болно. Улмаар өнөөгийн нийгмийн арьс өнгөөр ялгаварлах асуудал орвонгоороо өөрчлөгдөх юм”

УЛС ОРНУУД ЮУ ХИЙЖ БАЙНА ВЭ?

Судлаачид эмэгтэйчүүдийн жирэмслэлтээс хамгаалах, боловсрол эзэмшихийг зогсоохгүй байхыг уриалж байна. Тухайлбал профессор Стейн Эмил Воллсет “Төрөлт багасч буй асуудал олон орны хувьд улс төрийн тулгамдсан асуудал болж байгаа бололтой. Гэвч тэглээ гээд аль ч орон эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үйлс, хичээл зүтгэлээ зогсоож болохгүй” хэмээн хэлсэн аж.

2.1 ГЭДЭГ НЬ ЯАГААД ЗОХИХ ДООД ХЭМЖЭЭ ВЭ?

Хүн амын тоо тогтвортой байхын тулд нэг айлд 2 хүүхэд байхад болох ба тэгснээр тэд эцэг эхийнхээ тоог нөхөхөд хангалттай хэмээн зарим хүмүүс бодож байж магадгүй.

Гэвч аль ч улсын эрүүл мэндийн салбар хичнээн сайн хөгжсөн байлаа гээд хүүхэд бүр насанд хүртлээ амьд явж чаддаггүй. Тиймээс 2.1 гэдэг бол хөгжингүй орнуудын хувьд хүн амын тоог тогтвортой байлгах доод хэмжээ юм. Тэр байтугай эрүүл мэндийн салбарын хөгжил муутай орнуудын хувьд бол энэ нь харин ч хангалтгүй тоо аж.

МЭРГЭЖИЛТНҮҮД ЮУ ЗӨВЛӨЖ БАЙНА ВЭ?

Лондоны их сургуулийн профессор Ибрахим Абубакар “Хэрвээ дээрх байдлаар хүн амын тоо хоёр дахин буурвал цагаачлалыг хүлээн зөвшөөрөх нь бүх улсын хувьд сонголт биш хэрэгцээ болно. Үүнийг зөв зохицуулахын тулд олон улсын улс төрийн зохион байгуулалтыг шинэчлэх хэрэгцээ гарч ирнэ. Хөдөлмөрийн насны хүмүүсийн тархан суурьших талаар асуудал нь хүн төрөлхтөн ирээдүйд орших уу, эс орших уу гэдэг асуудлыг шууд шийдэхүйц чухал зүйл юм” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж