Монгол Улсад өнөөдөр /2020.7.16-ны 11.00 цагаас өнмө/-ийн байдлаар Covid-19-т халдварын 261 тохиолдол бүргэгдээд байна. ДЭМБ-ын аргачлалаар Монгол Улс нь халдварын эрсдэлийн үнэлгээг есөн удаа хийсэн.
Хамгийн сүүлд ДЭМБ-ийн хийсэн үнэлгээгээр хүн амын нэг хувь буюу улсын хэмжээд 32 мянга гаруй хүн Covid-19-т халдвараар өвчлөх тооцоолол гарсан.
Хэдийгээр дотоодод халдвар гараагүй байгаа ч улсын хэмжээнд бүх эмнэлэг өөрсдийн нөхцөлд тохирсон ор зэхэж, Covid-19 халдварын эмчилгээ, үйлчилгээнд зориулсан бүтэн нэг сарын эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцтэй, ердийн үеийн хоёр сарын нөөцтэй байгаа аж. Эрүүл мэндийн салбар нь эрвийх дэрвийхээрээ зүтгэж байхад иргэд сэрэмжээ алдаж, маск зүүхээ больсон нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байна. Мөн ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүгийн хэлснээр бидний хамгийн өндөр эрсдэлтэй үе нь аравдугаар сар. Учир нь, улирлын томуугийн үе, Covid-19-тэй зэрэгцэн нөхцөл байдлыг хүндрүүлэх эрсдэлтэй аж. Эдгээр байдлыг тооцоолон наймдугаар сард дахин эрсдэлийн үнэлгээ хийх юм байна.
ДОР БҮРНЭЭ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ
Франц улсын иргэний шинжилгээнээс гуравдугаар сарын 10-нд Covid-19 вирус илэрсэн нь Монгол Улсад Covid-19 зөөвөрлөгдөн орж ирсэн анхны тохиолдол болсон билээ. Энэ мэдээ монголчуудыг түгшээж байв. Түүнээс зургаа хоногийн дараа Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн гурван иргэнээс Covid-19 илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж, улс орон даяар дахин түгшсэн. Дор бүрнээ халдвараас урьдчилан сэргийлж, гараа ариутгаж, маск зүүцгээж байв. Халдвартай хүмүүсийн тоо өдөр бүр нэмэгдсээр дөрөвдүгээр сарын 14-нд ОХУ-аас ирж тусгаарлагдсан 13 хүнд, дараа нь мөн ОХУ-аас ирсэн 18 оюутнаас, маргааш нь ОХУ-аас ирсэн 37 хүнээс Covid-19 илэрсэн. Энэ бүгдэд иргэд дор бүрнээ сэрэмжээ сулруулалгүй, маск зүүж, гараа ариутгаж байсан. Харин одоо анхаарлаа хэт сулруулж, маск зүүлгүй гадуур алхах болжээ.
113 ДАЙЧНЫ 28-Д НЬ COVID-19 ИЛЭРЛЭЭ
Монгол Улсад Covid-19-т халдварын батлагдсан тохиолдол 261 болсон бөгөөд үүний 28 нь Афганистанаас ирсэн дайчид юм. Афганистанаас энэ сарын 12, 14-нд хоёр удаагийн тусгай үүргийн нислэгээр нийт 113 энхийг сахиулагчийг эх оронд нь авчирсан. Тэдгээрээс эхний шинжилгээгээр 28-д нь Covid-19-т вирус илрээд байгаа юм. Тухайлбал, энэ сарын 12-нд ирсэн 62 энхийг сахиулагчийн 10-аас нь Covid-19 илэрсэн. Мөн энэ сарын 14-нд ирсэн 51 энхийг сахиулагчийн 18-д нь Covid-19 илэрсэн. Дээрх 51 дайчныг халдвар авсан байх эрсдэл өндөртэй гэж үзээд эх орондоо ирсэн даруйд нь ХӨСҮТ-д тусгаарласан билээ. Энхийг сахиулагчдаас үргэлжлүүлэн давтан шинжилгээ авах юм. Цэргийн хүмүүс бөөнөөрөө байрладаг тул бусад нь халдвар авсан байх магадлал өндөр байгаа юм. Түүнчлэн Монгол Улсын Шадар сайд, Я.Содбаатар гадаадаас иргэдээ татаж авах үйл ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн.
НИЙТ ТОХИОЛДЛЫН 74 ХУВЬ НЬ ОХУ-ААС ЗӨӨВӨРЛӨГДЖЭЭ
Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн Covid-19-т халдварын талаарх тоон мэдээллээр
- Гаднын орноос зөөвөрлөгдөн орж ирсэн нийт 261 тохиолдлын 85 хувийг буюу 207-г нь эмчилсэн.
- Гуравдугаар сараас тавдугаар сард өвчилсөн 193 хүн бүрэн эмчлэгдсэн. Зургадугаар сар, долдугаар сард өвчилсөн 54 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.
- Эдгэрсэн хүмүүсийн 39 нь сувилалд, 55 нь гэрийн хяналтад, 109 хүний хяналт тандалтын хугацаа дууссан.
- Батлагдсан тохиолдлын 181 нь буюу 74 хувь нь ОХУ-аас зөөвөрлөгдөн орж иржээ. Бусад нь 14 орноос ирсэн хүмүүс юм.
- Халдвартай хүмүүсийн 65 хувь нь эрэгтэй
- 70.8 хувь нь оюутан сурагчид
- 10.7 хувь нь цэрэг дайчид
- Халдвар авсан хүмүүс нь 6-80 насныхан бөгөөд 15 хүртэлх насны найман хүүхэд, 55-аас дээш насны 12 хүн байгаа юм. Мөн 65 хувь нь 16-24 насны оюутан аж.
- Халдвар авсан хүн нь дунджаар 15-60 хоног эмчлэгдэж байна.
- Алтанбулагийн боомтоор орж ирсэн 1824 жолоочид шинжилгээ хийснээс 13-т нь вирус илэрч, долоо нь эдгэрсэн.
- Нийт батлагдсан тохиолдлын 85.6 хувь нь эхний шинжилгээгээр тогтоогджээ. Харин 11.4 хувьд нь хоёр дахь, 2.4 хувьд дөрөв дэх шинжилгээгээр вирус илэрчээ.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ