Шууд: Онцгой байдлын ерөнхий газраас Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран мэдээлэл хийж байна
Posted by Онцгой байдлын ерөнхий газар on Wednesday, July 15, 2020
Онцгой байдлын ерөнхий газар болон Зам, тээврийн яамнаас өнөөдөр /2020.7.15/ наадмын өдрүүдэд орсон бороотой холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Наадмын өдрүүдэд усархаг бороо орж Төв, Увс, Хөвсгөл, Дархан-Уул аймагт цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрчээ. Тухайлбал, Төв аймгийн Батсүмбэрт 61 мм, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Партизан орчмоор 59 мм, Увс аймгийн Малчин, Түргэн, Улаангом сумдад 40-58 мм, Булган аймгийн Баяннуур суманд 48 мм, Дархан-Уул аймгийн Орхон суманд 41 мм, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд, Увс аймгийн Наранбулаг, Өндөрхангай суманд 34-40 мм, Төв аймгийн Эрдэнэ суманд 35 мм, Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 37 мм хур тунадас орж, цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.
Их хэмжээний усархаг, аадар бороо орсонтой холбоотойгоор хөдөөгүүр аялж, зугаалж байсан иргэд усанд осолдох тохиолдол цөөнгүй гарсан байна. Тухайлбал, долдугаар сарын 11-14-нд гурван аймаг болон нийслэлд 11 хүн усанд осолдож амь насаа алджээ. Төв аймагт гурав, Хөвсгөлд гурав, Сэлэнгэ аймагт нэг, Говь-Алтайд нэг, Улаанбаатар хотод гурван хүн энджээ. Үүний хоёр нь 2-11 насны хүүхэд аж. Нийслэлд өчигдөр /2020.7.14/ 11 настай хүүхэд живсэн дуудлагын дагуу эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Мөн Хөвсгөл нууранд 7-58 насны гурван хүн эндсэн байна.
Стандартын бус зүйл буюу хийлдэг гудас, завь ашигласнаас болж хүүхэд амь насаа алдсан тохиолдол гарсаар байна. Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нууранд 3-6 насны гурван хүүхэд завин дээр суугаад нуурын гүн рүү хөвснийг аврагчид аварчээ. Мөн моторт завь эвдэрсний улмаас Буйр нууранд долдугаар сарын 12-нд дөрвөн том хүн живснийг аврагчид эрэн хайж, улсын хилээс долоон километрийн цаанаас олжээ. Түүнчлэн Хэнтий аймгийн Баян-Овоо суманд дөрвөн хүүхэд хийлдэг гудас дээр хөвж явсныг аварсан байна. Эцэг, эхчүүд нь хүүхдээ хөвснийг мэдээгүй байжээ.
Долдугаар сарын 14-нд хүчтэй аадар бороо орсны улмаас улсын автозам, гүүрэнд эвдрэл үүсчээ. Тухайлбал, Мөрөн-Хатгал чиглэлийн А1101 дугаартай замд эвдрэл гарсан тул тус замыг хааж, түр замаар зорчуулж байна.
Мөн Мөрөн-Улиастай чиглэлийн авто замд аадар бороо орсны улмаас 3.5 дахь километрт эвдрэл гарсан тул түр зам гаргажээ. Булган-Мөрөн чиглэлийн 0902 дугаартай замд таван хэсэгт эвдрэл гарсан тул засч байгаа. Увс аймгийн Улаангом-Хандгайт чиглэлийн замын хэд хэдэн хэсэгт эвдрэл гарсан тул замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаагаад байна. Увсад үргэлжлэн бороо орж байгаа тул энэ чиглэлд зорчихдоо анхаарах шаардлагатай байна.
Зам, тээврийн хөгжлийн яамны Зам засвар, ашиглалтын хэлтсийн дарга Ч.Сугармаа “Хүчтэй усархаг аадар борооны улмаас Мөрөн сумаас Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны чиглэлийн хатуу хучилттай автозамын 3, 4, 6, 7, 9 дэх км-үүдэд зорчих хэсэг дээр үерийн ус давж урссан. Авто замын 3 дах км-т байрлах ус зайлуулах хос төмөрбетон хоолойн хэсэгт замын далан, хучилт 5 метр орчим газар тасарсан. Мөрөн-Улиастай чиглэлийн авто замын 3.5 дах км /Дулаан цахилгаан станц орчим/-т зорчих хэсэг дээр үерийн ус давж 30 метр орчим замын далан угаагдаж сэтэрсэн эвдрэлийг “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК-ийн ажилтнууд ажиллаж, автозамын хажуугийн лаг шаврыг цэвэрлэн, 2 км урттай түр зам, 4 метр өргөн, 3 метр өндөр, 50 метр урттай шороон далан шинээр байгуулж, 70 м үерийн шуудуу татсан. Эвдрэл гарсан хэсгийн хажуугаар түр зам гарган замын хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлж байна.Мөн Элсэн тасархай-Хархорин чиглэлийн авто замын 333-оос 337 дэх км-т зорчих хэсэг дээр үерийн ус давж замын хөвөө, далангын хажуу налуу угаагдаж эвдэрсэн. Хэсгийн шороо, чулууг цэвэрлэж дууссан. Одоогийн байдлаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саадгүй үргэлжилж байна” гэлээ.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ