Сөүл хотын дарга Пак Вон Сүн өнгөрсөн долоо хоногт ууланд амиа хорлож нас барсан билээ. Түүний амиа хорлох болсон шалтгаан нь нарийн бичгээр нь ажиллаж байсан эмэгтэйд бэлгийн дарамт учруулсан хэрэгтэй холбоотой гэж үзэж буй. Гэхдээ одоогоор Сөүлийн цагдаагийн газраас Пак Вон Сүний амиа хорлосон шалтгаан болон бэлгийн дарамт учруулсан хэргийг холбосон мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй байна. Энэ хооронд Сөүл хотын захиргаанд захирагч асан Пак Вон Сүний бэлгийн дарамт учруулсан хэргийг шалгахыг шаардсан иргэдийн дарамт шахалт нэмэгдэж байна.
Пак Вон Сүн нь хүний эрхийн хуульчаар бүх насаараа ажиллаж, ялангуяа эмэгтэйчүүдийн эрх, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн чиглэлээр голчлон ажилласан нэр хүндтэй хүн байжээ. Пак Вон Сүнтэй салах ёс гүйцэтгэх ажиллагааг хүндэтгэлтэйгээр зохион байгуулсан юм.
Хохирогч эмэгтэй цагдаагийн газар гомдол гаргаснаас хойш нэг өдрийн дараа Пак Вон Сүн нь гэрээслэл бичин үлдээж, Бугак ууланд амиа хорложээ. Түүнийг гэрээсээ гараад холбоо тасарснаас хойш таван цагийн дараа уулнаас цогцсыг нь олсон юм. Хэргийн дараа хэвлэлийн хурлын үеэр хохирогчийн өмгөөлөгч мэдэгдэхдээ Пак Вон Сүн нь 2016 оноос хойш дөрвөн жилийн турш тухайн эмэгтэйд бэлгийн дарамт учруулжээ. Энэ хугацаанд хохирогч бүсгүй тусламж хүсч олон хүнд хандсан ч бүгд үл тоосон гэнэ. Цагдаагийн газраас хэргийн эзэн холбогдогч нас барсан учраас хэргийг хаах магадлалтай байгаа ч иргэдийн зүгээс Сөүл хотын захиргаанд шахалт үзүүлж эхэлжээ. Иргэдийн зүгээс хотын захиргааг ажилтныхаа гомдлыг авч хэлэлцээгүй гэж үзэн буруутгаж байна.
Эх сурвалж: The Korea Times
Холбоотой мэдээ