ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улс ОХУ-ын хооронд байгуулсан иж бүрэн стратегийн түншлэл болон найрсаг харилцааны тухай гэрээг соёрхон батлах тухай хуульд гарын үсэг зурлаа. Тус хууль нь хууль эрх зүйн мэдээллийн албан ёсны сайтад өчигдөр /2020.07.13/ буюу Даваа гаригт нийтлэгдсэн байна.
Монгол Улс ОХУ-ын хооронд 2019 оны есдүгээр сарын 3-нд Улаанбаатар хотноо иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү баримт бичиг нь хоёр улсын хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх улс төр, эрх зүйн үндсийг бүрдүүлж байгаа ажээ. Тодруулбал, талууд бие биеэ найрсаг улс хэмээн үзэх, итгэлцэл, иж бүрэн стратегийн түншлэлд үндэслэн харилцан ашигтай хамтарч ажиллах, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим, хэм хэмжээг баримтлах мөн гэрээнд заасан чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэгт тохиролцов. Үүнд, батлан хамгаалах болон цэрэг-техникийн салбарт, зэвсгийн хяналт, зэвсэг хураах, дэлгэрүүлэхгүй байх чиглэлээр хамтран ажиллах зэрэг орно.
Баримт бичигт "талууд бие биеийнхээ эсрэг хуйвалдаан, цэрэг-улс төрийн холбоонд оролцохгүй байх, нөгөө талын тусгаар тогтнол, хараат бус байдлын ашиг сонирхолд харшлах гуравдагч улсуудтай гэрээ байгуулахгүй байх" тухай дурджээ. Мөн ОХУ нь "Гадаадын цэрэг, цөмийн зэвсэг болон үй олноор нь устгах төрлийн зэвсгийг нутаг дэвсгэр дээгүүрээ дамжин өнгөрүүлэхгүй байх, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн" Монгол Улсын бодлогыг хүндэтгэх болно гэжээ.
Үүний зэрэгцээ, талууд терроризм, салан тусгаарлах, экстремизм, авлига болон бусад төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, Еврази болон Ази Номхон далайн бүс нутагт аюулгүй байдлыг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг дэмжих, тээврийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр хамтран ажиллах, байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллах тухай дурджээ.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ