Хөдөө орон нутгийг зорих иргэдийн урсгал нэмэгдэхтэй зэрэгцэн зам тээврийн ослоор амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох тохиолдлууд гарч байна. Баяр, амралтын гурван хоногт авто ослоор 19 хүн амь насаа алдсаны нэг нь нийслэлд бүртгэгджээ. Орон нутагт бүртгэгдсэн ноцтой зам тээврийн ослуудыг дурдвал,
Долдугаар сарын 12-нд шөнийн 02.00 цагийн орчимд Хэнтий аймгийн нутаг, Мөрөн суманд Морь бариа гэх газарт Kia-Bongo маркийн автомашины жолооч О нь явган зорчигч эрэгтэй 34 настай М-ийг дайрч амь нас хохироожээ. Мөн өчигдөр /2020.07.13/ орой 18.00 цагийн орчимд Архангайд шороон замд Корола маркийн автомашин онхолдож жолооч 31 настай эрэгтэй Ц амь насаа алдсан байна.
Энэ долоо хоногийн сүүлээр үргэлжилсэн амралтын өдрүүдэд дуусч орон нутгаас нийслэл рүү чиглэсэн хөдөлгөөний ачаалал ихсэх хандлагатай байна. Иймд Тээврийн цагдаагийн албанаас дараах сэрэмжлүүлгийг гаргажээ.
- Хамгаалах бүсээ хэрэглэж, бага насны хүүхдийг зориулалтын суудалд суулгах;
- Шөнийн цагт тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг дүрмийн дагуу хэрэглэх;
- Тээврийн хэрэгслийн хурдыг дүрэмд тогтоосон хурднаас хэтрүүлэх байх мөн зам орчны байдалдаа хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох;
- Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг өөрийн биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх;
- Олон хоногоор тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол жолооч та амралтаа зөв зохицуулж хөдөлгөөнд оролцох;
- Зорчигч та жолоочид тогтмол хяналт тавьж байх; /хурдаа тохируулж байгаа эсэх, шөнийн цагт тээврийн хэрэгслийнхээ гадна талын гэрлээ зөв хэрэглэж байгаа эсэх, урсгал сөрж байгаа эсэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг зөв гүйцэтгэж байгаа эсэх, замд түр болон зайлшгүй зогсолт хийхдээ тээврийн хэрэгслээ зорчих хэсгийг бүрэн чөлөөлсөн эсэх, хөдөлгөөнд оролцох үедээ гар утас ашиглаж байгаа эсэх, нойрмоглож байгаа эсэхт онцгойлон анхаарахыг санууллаа.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ