АНУ-ын Калифорни муж улсын Сан Диего хот дахь тэнгисийн цэргийн баазад байсан байлдааны хөлөг дээр дэлбэрэлт болж, гал гарснаас 21 хүн гэмтэж, түлэгджээ. Хөлөг дээр Ням гаригт (2020.7.12) гэнэтийн дэлбэрэлт болсноос 17 усан цэрэг, дөрвөн энгийн иргэн гэмтсэн талаар АНУ-ын тэнгисийн цэргийн Номхон далайн флотын төлөөлөгч Майк Раней мэдэгджээ. Тухайн үед хөлөг дээр 160 орчим тэнгисийн цэрэг, офицер ажиллаж байсан аж.
Одоогоор дэлбэрэлт болон галын шалтгааныг шалгаж байна. Гэхдээ зарим эх сурвалжийн мэдээлснээр гал байлдааны хөлгийн доод давхрын ачааны хэсгээс эхлэн гарсан аж. Тус хэсэгт тэнгисийн цэргийн тоног төхөөрөмж, машин хэрэгслийг тээвэрлэдэг байна. Түүнчлэн агаарын даралтын өөрчлөлтөөс болж гал гарсан байх магадлалтай гэнэ.
255 метр урт байлдааны хөлөг дээрх галыг унтраахаар гал сөнөөгчид хоёр өдөр ажилласан байна.
Эх сурвалж: Associated Press
Холбоотой мэдээ