Говь-Алтай аймгийн таван суманд хөл хорио тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2020.07.14-нд нийтлэгдсэн

Говь-Алтай аймгийн таван суманд хөл хорио тогтоожээ

Говь-Алтай аймгийн таван суманд хөл хорио тогтоожээ

НЭМЭЛТ:

Говь-Алтай аймагт 15 настай хүү тарваганы мах идсэнээс болж нас барсан нь батлагдаад байна. Одоогоор тарваган тахлын нэгдүгээр хавьтлын 15 хүнийг эмнэлгийн хяналтад авч, антбиотик эмчилгээнд оржээ. Эдгээр хүмүүсийн биеийн байдал хэвийн байгааг ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэв. Түүний хэлснээр Говь-Алтай аймгийн таван суманд тарваган тахлын улмаас хөл хорио тогтоожээ. Тэрбээр “Тарваган тахлын өвчлөлийн нууц үе нь зургаан хоног тул хөл хориог тогтоогоод байна. Тарваган тахлын идэвхжил өндөр байгаа үед иргэд тарвага агнах, тарваганы мах идэхгүй байхыг анхааруулъя.

"Тарваган тахал бол коронавируст халдвараас ч аюултай. Энэ өвчний нас баралтын тоо маш өндөр. Дэлхий дахинд цар тахал үүсгэгч хоёр өвчний нэг нь тарваган тахал” гэлээ.


15 НАСТАЙ О ТАРВАГАН ТАХЛААР НАС БАРСАН НЬ БАТЛАГДЖЭЭ

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош молекул биологийн шинжилгээгээр батлагджээ. Тус аймагт тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй 15 настай О нас барсан талаарх мэдээлэл долдугаар сарын 12-нд гарсан. Нас барсан иргэн нь тарваганы мах идсэнээс гадна нас барахаасаа хоёр хоногийн өмнө мотоциклоос унасан гэсэн өгүүлэмжтэй байв. Иймээс эмгэг судлалын шинжилгээгээр цуглуулсан сорьцод ПГУ шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарч, тарваган тахлын үжил хэлбэрээр нас барсан болох нь батлагдсан талаар Эрүүл мэндийн яам мэдээлж байна.

Уг тохиолдлын 1-р хавьтлын 15 хүнийг тусгаарлаж, хяналтад авсан бөгөөд Төгрөг суманд хөл хорио тогтоож, Говь-Алтай аймгийн ЭМГ, Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжлийн баг голомтод ажиллаж байна. Иймд иргэдийг дээрх сумын чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.

Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой

Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад, бүүргээр дамжин халдварладаг тунгалгийн зангилаа, уушиг, ходоод гэдсийг зонхилон гэмтээдэг зоонозын цочмог халдварт өвчин.
Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой.

Халдвар дамжих зам :

  • Шууд хавьтал (тахлаар өвчилсөн тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх..)
  • Агаар дусал
  • Дам халдвар (мэрэгч амьтдын бөөс, бүүрэгт хазуулах)
  • Хоол боловсруулах зам (тарваганы түүхий эд, эрхтэн залгих, дутуу чанасан   мах идэх)

Нууц үе : Хэдэн цагаас 6 хоног, дунджаар 2-3 хоног
Эмнэл зүйн хэлбэр :

  • Арьсны хэлбэр
  • Булчирхайн хэлбэр
  • Уушгины хэлбэр
  • Үжил хэлбэр
  • Гэдэсний хэлбэр
  • Залгиур хоолойн хэлбэр

Шинж тэмдэг :

  • 380-400 хэм хүрч халуурах
  • Суга, цавь, хүзүү, тунгалгийн булчирхай цочих, хөдөлгөөнгүй маш их эмзэглэлтэй болох
  • Бүх бие булчингаар шархирч өвдөх
  • Толгой өвдөх
  • Ханиалгах
  • Цустай цэр гарах
  • Амьсгалахад хүндрэлтэй болох
  • Бөөлжих
  • Хэвлийгээр өвдөх
  • Суулгах

Урьдчилан сэргийлэх :

  • Тарвага агнахгүй байх
  • Тарваганы мах идэхгүй байх
  • Түүхий эд, эрхтэнг хэрэглэхгүй байх
  • Тарвагыг нохойгоор бариулахгүй байх, урхи, хавхаар агнахгүй байх
  • Тарваганы түүхий мах эд, эрхтэнг хот суурин газарт оруулахгүй байх
  • Хүүхдийг тарваганы дошон дээр тоглуулахгүй, унтуулахгүй байх
  • Шимэгчид хазуулахаас сэргийлж дайжуулагч хэрэглэх
  • Тарваган тахлын эсрэг вакцин тариулах
  • Гэр орондоо агнасан тарвага, арьс хадгалахгүй байх
  • Гэр орондоо мэрэгч амьтан орохоос сэргийлж тор хийх, май тавих..,
  • Нохойг байнга уяатай байлгах
  • Үхсэн, хөдөлгөөн удааширсан тарваганд хүрэхгүй байх
  • Үхсэн тарвага, мэрэгч амьтдын тухай зоонозын өвчин судлалын төвд  яаралтай мэдээлэх (70282853, 70284393)
  • Тарваган тахлын эрсдэлд өртсөн, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлж дуудлага өгөх.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж