Өмнөд Солонгосын хилийн харуулынхан өнөөдөр /I.13/ “үл мэдэх нисдэг биетийн” эсрэг гал нээжээ. Сөүлийн албаныхны сэжиглэж буйгаар энэ нь Хойд Солонгосын тагнуулын нисгэгчгүй онгоц байж магадгүй гэнэ. Өмнөд Солонгосын хилийн харуулынхан гал нээсний дараа нисдэг биет хойд зүгийг чиглэн ниссэн аж. Ёнхап агентлагт мэдээлснээр Өмнөд Солонгосын хилийн харуулынхан пулемётоор 20 сумаар бууджээ.
Хойд Солонгос өнгөрсөн долоо хоногт дөрөв дэх удаагийн цөмийн туршилтаараа устөрөгчийн бөмбөг туршсан гэж мэдээлснээр БНСУ-тай харилцаа дахин муудсан юм. Хойд болон Өмнөд Солонгосын харилцаа өнгөрсөн наймдугаар сард хил дээр болсон уулзалтаас хойш сайжирч эхлээд байсан билээ. Өмнөд Солонгосын хилийн харуулын хоёр цэрэг газрын тэсрэх бөмбөгт бэртсэний дараа хойгт хурцадмал нөхцөл байдал үүсээд байсан юм.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: REUTERS