Энэ жилийн үндэсний их баяр наадмыг тойрсон асуудлууд эхнээсээ гарч эхэллээ. Тодруулбал, эрийн гурван наадмын нэг хурдан морины уралдаан дээр эрлийз болон монгол адууг тойрсон асуудал үүсчээ. Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны хурдан морины салбар хороо эрлийз болон Монгол адууг ялгаж чадахгүй байгаа нь уяачдын дунд бухимдал төрүүлээд байна.
Өчигдөр/2020.07.12/ даага насны морьдын уралдаанд 242 хурдан үрээ бүртгүүлсэн боловч ердөө нь 40 гаруй нь гарааны зурхай руу хөдөлжээ. Ийнхүү эрлийз болон үүлдвэрлэг байдлаар нь ялгаж чадахгүй байгаа хурдан морины салбар хороонд Монгол морин спорт уяачдын холбоо/ММСУХ/-ноос шаардлага хүргүүлжээ.
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ
ЗОХИОН ХОРООНЫ ХУРДАН МОРИНЫ САЛБАР ХОРООНД
Шаардлага хүргүүлэх тухай
Монголын морин спорт, уяачдын холбоо нь Дэлхийн морин уралдааны холбоо, Азийн морин уралдааны холбоо, Дэлхийн үндэсний спортын холбоо, Монголын үндэсний олимпын хорооны гишүүн бөгөөд 21 аймаг, 330 сум, нийслэл түүний 6 дүүрэгт салбартай 120 гаруй мянган гишүүнтэй үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн спортын холбоо юм.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины салбар хороо нь Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулж эрлийз, монгол морьдыг ялгаж уралдуулахдаа сэрвээний өндрийг огт хэмжихгүйгээр хасч байгаа нь олон мянган уяачдын бүтэн жилийн хөдөлмөрийг үгүйсгэж, холбогдох хууль, тогтоомжийг зөрчин, ашиг сонирхлын зөрчилтэй, авлигалын шинжтэй үйл ажиллагаа зохион байгуулж байгаа талаар олон нийтийн дунд хар мэдээ, мэдээлэл ихээр гарах боллоо. Монголын морин спорт, уяачдын холбоо нь уяачид наадамчдын дунд маргаантай байдаг эрлийз, монгол морьдыг ялгаж уралдуулах асуудлыг холбооны 7 дугаар их хурлаараа хэлэлцэн зөвхөн сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулахаар шийдвэрлэж хурдан морины уралдааны дүрмээ баталсан юм.
Иймд хурдан морины уралдааныг олон нийтэд ил тодоор хөндлөнгийн хяналтын оролцоог хангаж зөвхөн сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулах, мэргэжлийн спортын холбооны дүрэм, журам, оролцоог хангаж зохион байгуулах, уяачдын бүтэн жилийн хөдөлмөрийг хүндэтгэж холбогдох хууль тогтоомжийг зөрчихгүй ажиллахыг шаардаж байна.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахдаа эрийн гурван наадмын бөх, сурын харвааны комисст тухайн спортын мэргэжлийн холбооны төлөөллийг оруулдаг. Үнэн хэрэгтээ тэдгээр мэргэжлийн холбоод нь наадмын тухайлсан төрлөө зохион байгуулдаг билээ. Гэтэл ганцхан хурдан морины уралдааныг ММСУХ-г огт оролцуулахгүйгээр "Төрийн наадмыг төрийн комисс зохион байгуулна" гэх нэрээр ашиг сонирхолд хөтлөгдсөн байж болзошгүй нөхдүүд будлиантуулж байгаа нь хурдан морины соёлын хөгжилд саад тотгор учруулж байгааг анхаарууштай.
МОНГОЛЫН МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБОО
Холбоотой мэдээ