Наадам 2020: Шинэ цолтнуудын хэн нь хэн бэ? | News.MN

Наадам 2020: Шинэ цолтнуудын хэн нь хэн бэ?

Наадам 2020: Шинэ цолтнуудын хэн нь хэн бэ?

Наадам 2020: Шинэ цолтнуудын хэн нь хэн бэ?

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаан ярих зүйл ихтэй, сонирхолтой сайхан болж өндөрлөлөө. Энэ жилийн улсын их баяр наадмаар долоон улсын начин цолтон, гурван улсын харцага цолтон, нэг улсын заан цолтон, нэг улсын аварга цолтон төрч түмэн олноо баясгасан.


УЛСЫН НАЧИН ЦОЛ ХҮРТСЭН БӨХЧҮҮД

Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Даян” дэвжээний бөх Монгол Улсын начин Төрмөнхийн Дүгэрдорж нь 2016 онд Дорноговь аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Аймгийн начин" цол, 2018 онд Бүх цэргийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн "Цэргийн харцага" цол хүртэж байлаа. Харин өнгөрсөн 2019 онд Бүх цэргийн баяр наадамд улсын начин Б.Цэдэнсодномоор найм даван түрүүлж "Цэргийн арслан" цол, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамд 27 насандаа улсын заан Н.Жаргалбаяраар дөрөв, тавын даваанд Завхан нутгийнхаа улсын гарьд Б.Гончигдамбаар тав давж "Монгол улсын начин" цолыг хүртсэн. Тэрбээр үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхийн спортоор хичээллэдэг.

Түүний ах улсын харцага Төрмөнхийн Бэгзсүрэн бөгөөд ах дүү анх 2014 онд Завхан аймгийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд үзүүр түрүүнд үлдэж байлаа.

Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээний бөх Монгол Улсын начин Доржхандын Хүдэрбулга нь анх 2011 онд Төв аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Аймгийн начин" цол, 2012 онд Төв аймгийн баяр наадамд зургаа давж шөвгөрөн "Аймгийн харцага" цол, 2014 онд Төв аймгийн баяр наадамд аймгийн арслан Г.Ганжадаар найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол тус тус хүртэж байлаа. Тэрбээр үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхөөр хичээллэж 2016 оны Рио де Жанейрогийн зуны XXXI олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож байсан юм. Өдгөө 28 настай түүний хувьд Ази тивийн чөлөөт бөхийн -97 килограммын жинд шилдгүүдийн нэгт тооцогддог бөгөөд 2013 оны Шинэ Делид зохион байгуулагдсан Азийн АШТ-ий хүрэл медаль, 2014 оны Астанагийн Азийн АШТ-нд алтан медаль, 2014 оны Иньчонийн Азийн наадамд -97 кг жиндээ хүрэл медаль хүртэж байжээ. Д.Хүдэрбулаг Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамд дөрвийн даваанд улсын начин Э.Дашаар, тавын даваанд Төв аймгийн Баянхангай сумын харьяат улсын заан Б.Батмөнхөөр тав давж "Монгол улсын начин" цолыг хүртсэн.

Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Даян” дэвжээний бөх Шархүүгийн Пүрэвгарьд нь анх 2013 онд 21 насандаа Завхан аймгийн баяр наадамд улсын начин Б.Бадамсүрэнгээр найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртэж олны анхаарлыг татаж байлаа. Ийнхүү аймгийн арслан цол хүртсэнийхээ дараа 2014 онд "Аймаг цэргийн цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан" Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдахад тухайн үедээ аймгийн арслан цолтой зодоглож байсан О.Хангайг даван түрүүлж байжээ. Жил жилийн улсын их баяр наадамд улсын цолонд хүрэх бөхчүүдийн тоонд явдаг байсан тэрбээ ийнхүү 28 насандаа Монгол Улсын начин цолны болзлыг улсын начин Л.Лха-Очироор тав даван биелүүллээ.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Булган хангай” дэвжээний бөх Хутагийн Цогтгэрэл нь 2013 онд Булган аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Аймгийн начин", 2017 онд Булган аймгийн баяр наадамд аймгийн заан Б.Түмэндэмбэрэлээр найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртэж байлаа. Өнгөрсөн онд зохион байгуулагдсан Булган аймгийн Бүрэгхангай сумын харъяат "Дүүгүүр" хэмээх улсын начин Дандарын Гомбосүрэнгийн нэрэмжит аймгийн цолтой бөхчүүдийн барилдааны наймын даваанд аймгийн хурц арслан С.Очирбатыг давхар ачих мэхээр давж түрүүлсэн юм. Аймгийн арслан цол хүртсэнээсээ гурван жилийн дараа Ардын хувьсгалын 99 жилийн ойн дээр , улсын аварга Г.Эрхэмбаяраар тав давж Монгол улсын начин хэмээх эрхэм цолны эзэн боллоо.

Та бүхэн түүнийг Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяагийн нөхөр гэдгээр нь мэдэх биз.

Увс аймгийн Тэс сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Цэдэндоржийн Мөнхбаяр 2013 онд Дархан-Уул аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн аймгийн начин цол, 2014 болон 2015 онуудад Увс аймгийн баяр наадамд аймгийн харцага болон аймгийн арслан цолнуудад дараалан хүрч улсын цолонд ойрхон гэдгээ харуулж байлаа. Тэрбээр 2014 онд Увс аймгийн оюутны холбооноос санаачлан зохион байгуулсан “Увс аймгийн харьяат оюутнуудын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан"-д  аймгийн начин цолтой зодоглож зургаагийн даваанд  тухайн үедээ аймгийн арслан цолтой байсан улсын заан Н.Жаргалбаярыг даван түрүүлж байжээ. Өдгөө 27 настай түүний хувьд ийнхүү Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамд улсын харцага Т.Баасанхүүгээр дөрөв, түрүүлэх бөхийн тоонд явж байсан улсын арслан Ц.Содномдоржоор тав давж Монгол Улсын начин цолыг хүртлээ.

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөх Нурланы Мустафа өнгөрөгч 2019 оны Ардын хувьсгалын 98 жилийн ойн улсын их баяр наадмын тавын даваанд тухайн жилийн түрүү бөх Э.Оюунболдод өвдөг шороодон Монгол Улсын начин цолыг атгаад алдаж байлаа. Өдгөө 27 настай түүний хувьд анх 2012 онд Баян-Өлгий аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн “Аймгийн начин”, 2014 болон 2015 онуудад нутгийн баяр наадамд дараалан үзүүр түрүүнд үлдэж аймгийн заан, арслан цолны болзол хангаж байсан юм. Н.Мустафаг бөх сонирхогчид олон жил улсын цолонд хүрнэ хэмээн итгэж байсан бөгөөд тэрбээр 2018 онд зохион байгуулагдсан Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул, улсын начин С.Дангаасүрэнгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой шилдэг 128 бөхийн барилдаанд болон Наурызын баярт зориулсан барилдаанд дараалан түрүүлж өлгий нутгийн дараагийн хүчтэн гэдгээ харуулж байсан. Харин энэ  жил санасандаа хүрч Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамд дээшээ үзэх таамагт явж байсан улсын харцага Н.Золбоогоор дөрөв, улсын өсөх идэр начин Э.Энхбатаар тав давж "Монгол улсын начин" цолыг хүртлээ.

Баян-Өлгий аймгаас хамгийн сүлд Б.Серик 2017 онд Монгол Улсын начин цолны болзол хангаад зогсохгүй хамгийн залуу начинд олгодог хурдан удмын дааганы эзэн болж байлаа.

Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ энэ жил Монгол Улсын начин цолны болзол хангасан хамгийн залуу бөхөөр 25 насандаа тодорч хурдан удмын даага хөтөлсөн. Тэрбээр анх 2016 онд Архангай аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Аймгийн начин", 2019 онд Орхон аймгийн баяр наадамд аймгийн арслан Б.Уртбаяраар найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол тус тус хүртсэн. Мөн өнгөрсөн 2019 онд зохион байгуулагдсан Чингэлтэй хайрханы тахилга наадамд улсын начин Ш.Дарханбатыг давж түрүүлж байлаа. Арын сайхан хангай нутгийнхаа хүчит бөхчүүдийн залгамж болон гарч ирж буй тэрбээр энэ жилийн улсын их баяр наадмаар улсын харцага Н.Батзаяагаар дөрөв, улсын аварга С.Мөнхбатаар тав даван тун үнэ цэнэтэй Монгол Улсын начин цолны эзэн болсон.

УЛСЫН ХАРЦАГА ЦОЛ ХҮРТСЭН БӨХЧҮҮД

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Говийн хүчтэн” дэвжээний бөх Цэдэнбазарын Одбаяр анх 2011 оны улсын их баяр наадамд улсын харцага Г.Ганхуягаар дөрөв, улсын харцага Л.Пүрэвжаваар тав давж " Монгол улсын начин " цолыг хүртэж байлаа. Тэрбээр 2009 онд Өмнөговь аймгийн баяр наадамд аймгийн начин Д.Хүрэлбаатараар найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртэж, ердөө хоёр жилийн дотор улсын цолонд хүрсэн юм. Гэвч улсын цолоо ахиулах гэж есөн жил болжээ. Монгол бөхийн босоо цагаан хийморь түүнийг энэ жил ивээж Ц.Одбаяр улсын аварга Ч.Санжаадамбаар тав, цэргийн арслан Т.Дүгэрдоржоор зургаа давж 33 насандаа “Монгол улсын харцага" хэмээх хүндтэй цолны эзэн боллоо.

Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хонгор нутаг” дэвжээний бөх Батсуурийн Бат-Орших энэ жилийн улсын их баяр наадмын таамгыг үндсэндээ эвдсэн хүн гэхэд буруудахгүй. Дөрвийн даваанд түрүүлэх бөхийн тоонд явж байсан улсын харцага Д.Анарыг, тавын даваанд улсын начин цолны төлөө тунасан аймгийн арслан Ц.Сандагдоржийг, зургаагийн даваанд энэ жил цолоо ахиулах бөхчүүдийн тоонд явсан Б.Орхонбаярыг тус тус өвдөг шороодуулан Монгол Улсын харцага цолны болзол хангасан. Өдгөө 33 настай түүний анх хувьд 2006 онд 19 насандаа Баянхонгор аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн " Аймгийн начин”, 2012 онд Баянхонгор аймгийн баяр наадамд аймгийн харцага М.Батцэнгэлээр найм даван түрүүлж “Аймгийн арслан" цол хүртэж байлаа.

Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх билэгт” дэвжээний бөх Батсүхийн Зоригтбаатар энэ жилийн улсын их баяр наадмаар цахиур хагалсан. Анх 2016 онд 21 насандаа бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн "Цэргийн начин" цол хүртэж тухайн жилдээ улсын их баяр наадамд зодоглон аймгийн хурц арслан Б.Мижидсүрэнгээр гурав давж, дөрвийн даваанд улсын аварга С.Мөнхбатад өвдөг шороодсон. Тэрбээр өнгөрсөн 2018 онд Орхон аймгийн баяр наадамд аймгийн харцага О.Мөнх-Ирээдүйгээр найм даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртэж, улсын цолонд ойрхон гэдгээ харуулсан. Харин Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамд улсын начин Б.Бадамсүрэнгээр дөрөв, цэргийн арслан Г.Жамбалдоржоор тав, аймгийн арслан Д.Хүдэрбулгатай тунан зургаа давж Монгол Улсын харцага цол хүртсэн. Улсын цолны төлөө аймаг, цэргийн арслан цолтнууд хоорондоо тунан барилдан гэдэг ямар нэгэн будлиан маргаангүй тунчиг сайхан билээ.

УЛСЫН ЗААН ЦОЛ ХҮРТСЭН БӨХ

Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх Билэгт” дэвжээний бөх Мягмарын Бадарчийг энэ жилийн улсын их баяр наадмын их шөвөгт үлдэнэ гэж нутгийн зон олноос нь өөр хүн таамаглаагүй байх. Өдгөө 29 настай тэрбээр 2012 онд Архангай аймгийн баяр наадамд сумын заан Б.Мөнх-Эрдэнээр найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн бол 2017 оны улсын их баяр наадамд улсын заан Б.Соронзонболдоор дөрөв, улсын гарьд Ж.Бат-Эрдэнээр тав, улсын начин Ч.Батчулуунаар зургаа даван Монгол Улсын харцага цолны болзол хангаж байлаа. Харин энэ жилийн улсын баяр наадамд аймгийн арслан Н.Хүрэлсүхээр тав, аймгийн арслан Х.Цогтгэрэлээр зургаа, улсын арслан Р.Пүрэвдагваар долоо давж Монгол Улсын заан цолны болзол хангасан юм.

Та бүхэн Монгол Улсын 25 дахь аварга Увс аймгийн Давст сумын харьяат П.Бүрэнтөгсийн талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХөөрхөнХөөрхөн
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-07-13 64.119.25.2

Улсын их баяр наадамдаа зодоглон шинээр төрсөн улсын цолтонууддаа баяр хүргэе. Бяр хүч нь тэгш, мэх нь уран, зориг золбоо төгс, шударга, наадамчин олноо баясган цэнгүүлж явахын ерөөл өргөе.

Avatar

Бөх сонирхогч 2020-07-13 202.131.225.197

хэдээс нь допинг гарах бол гэдгээс айж байна шүү. Мөнхэрдэнэ том цолонд хүрнээ

Avatar

зочин 2020-07-13 103.229.121.97

Цолны даваанд нутгийнхаа хүнийг давж цол авсан юмнуудыг эртэй иртэйдээ тодорлоо гэж үзэхгүй. Нутгийн хүнээ дэмжсэн нэртэй ч цаанаа бас л мөнгөө

Avatar

Бөх сонирхогч 2020-07-13 66.181.161.40

Дараа жил Ховдын Хангай Монгол улсын Аварга цолонд хүрч наадамчин олон түмнийг баясгах биздээ. Сайхан сайхан.

Avatar

Бөх сонирхогч 2020-07-13 66.181.161.40

Энэ 2020 наадмын бөх үнэхээр сайхан болсон. Хүрэх ёстой цолондоо хүрсэн манай бөхчүүд. Элдэв найраагүй булхайгүй сайхан цэвэрхэн болсон. Зоригтбаатар Мөнхэрдэнэ Одбаяр Бадарч нар сайхан урамтай барилдаж наадамчин олноо баясгалаа. Увсын Бүрэнтөгс энэ жил тун сайн бэлтгэлтэй хүчтэй байгаа гэдгээ харуулж Монгол улсын аварга цолонд хүрсэнд халуун баяр хүргэе. Аварга хүн аваргаараа төрдөг нь үнэн юм байна. Бас Увсын Батсуурь аварга ямархан сайн бөх гэдгээ харууллаа. Монгол наадам сайхан боллоо.

Avatar

Зочин 2020-07-13 103.57.95.246

допинггүй л бол авах ёстой хүмүүс нь цол авчээ.

Avatar

Зочин 2020-07-13 202.126.90.149

Мөнхэрдэнэ чадлаараа гарч ирсэн

Avatar

1 2020-07-13 192.82.64.216

Өсөхбаяр аварга унаж өгөө биз дээ

Avatar

ганаа 2020-07-13 150.129.143.93

Бөх сайхан боллоо баяр хүргэе. Хүрэх ёстой цолондоо хүрцгээлээ.

Avatar

Tsoodol referent 2020-07-13 212.47.229.4

Эрхэм сайд Хүрэлээ ажлын байрны элдэв дарамтаа эмэгтэй ажилтанд үзүүлдэгээ хэзээ болих вэ? Bolie

Avatar

Tsoodol referent 2020-07-13 212.47.229.4

Эрхэм сайд Хүрэлээ ажлын байрны элдэв дарамтаа эмэгтэй ажилтанд үзүүлдэгээ хэзээ болих вэ?

Avatar

Tsoodol 2020-07-13 212.47.229.4

Эрхэм сайд Хүрэлээ ажлын байрны элдэв дарамтаа эмэгтэй ажилтанд үзүүлдэгээ хэзээ болих вэ?

Avatar

123456 2020-07-13 49.0.212.215

Манай допингчид

Avatar

Зочин 2020-07-13 43.228.131.151

Morini uraldaand nairaa baidaggvi yumaa.Komisst ni l yavdal baidagiim.

Avatar

Зочин 2020-07-13 202.126.88.218

Найрааныхан зайл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж