Япон улс коронавирусийн цар тахлын улмаас зогсоогоод байсан зарим олон улсын нислэгүүдээ удахгүй шат дараатай сэргээж эхлэхээр төлөвлөж байгаа талаар тус улсын Засгийн газрын эх сурвалж мэдээлжээ.
Эхний ээлжинд Австрали, Шинэ Зеланд, Тайланд, Вьетнам улсуудаас тодорхой тооны зорчигч хүлээж авах яриа хэлэлцээг долдугаар сарын 18-нд эхлүүлэхээр болсон байна. Харин дараагийн ээлжинд Хятад, Өмнөд Солонгос, Тайвань зэрэг Азийн 10 улстай хилээ нээх яриа хэлэлцээ хийхээр төлөвлөсний дотор Монгол улс багтжээ. Түүнчлэн Бруней, Камбож, Лаос, Малайз, Мьянмар, Сингапур улсуудаас мөн зорчигч хүлээн авах яриа хэлэлцээг хийж эхэлнэ гэжээ.
"Коронавируст цар тахлын тархалт, халдварыг амжилттай таслан зогсоож, тогтоон барьж буй улс орнуудаас эхлээд бид олон улсын нислэгээ үе шаттайгаар эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн эдгээр улсууд нь Япон улстай эдийн засгийн хувьд нягт холбоотой улсууд юм" гэж Японы Гадаад хэргийн сайд Тошимицү Мотэги Токио хотод болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.
Уг ажлын хүрээнд тус улс ирэх есдүгээр сар гэхэд нисэх буудлуудад хийгдэх “PCR” оношилгооны тоог өдөрт 10 мянга болгон нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Одоогийн байдлаар Японы олон улсын нисэх буудлууд өдөрт 2,300 орчим хүнийг оношилж байна.
Япон улс нь коронавирусийн тархалтыг хязгаарлах зорилгоор дэлхийн 129 орны иргэдийг хилээрээ нэвтрүүлэхийг хориглоод байгаа ажээ. Мөн сүүлийн 14 хоногт эдгээр 129 улсаар дамжин өнгөрсөн, зорчсон бусад улс орны иргэд ч Япон улс руу нэвтрэх боломжгүй байгаа юм.
Эх сурвалж: The Japan Times
Холбоотой мэдээ