Хуучирсан мэдээ: 2016.01.13-нд нийтлэгдсэн

Хүнд суртал баяртай

Улаанбаатар хотод өнөөдөр нэг сая иргэн аж төрж буй нь хүн амын гуравны нэг нь нийслэлд төвлөрсөн гэсэн үг. Хүн ам төвлөрсний хэрээр зарим төрийн үйлчилгээ авахад хүндрэл чирэгдэл үүсэх тохиолдол бий. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хүнд суртлыг халах зорилгоор Улаанбаатар хотын гурван цэгт “Төрийн үйлчилгээний супер маркет” ажиллуулж эхэлснээр нэг удаад 180, өдөрт 2400-4320 үйлчлүүлэгч хүлээн авч үйлчлэх боломжтой болжээ. Олзуурхууштай нь дээрх үйлчилгээгээр дамжуулж иргэд 223 нэр төрлийн үйлчилгээг нэг дор авахын зэрэгцээ 55 үйлчилгээг шууд шийдүүлэх юм байна.

Ажлаасаа чөлөн аван байж асуудлаа шийдүүлэхээр зорьж очиход нэг бол тухайн асуудлыг хариуцсан мэргэжилтэн нь байхгүй, эсвэл “Бид мэдэхгүй, даргаас асууна” гэхчлэн хойш нь тавих. Эсвэл нэг ажил хөөцөлдөхийн тулд олон газрын хаалга татах хэрэгтэй болж, даргын үүд сахин суух нь ч энүүхэнд. Зарим тохиолдолд төрийн үйлчилгээ авах биш элдвээр хэлүүлэн ажлаа ч бүтээсэн юмгүй гардаг. Одоо энэ талын хэл ам арилж, мөн даргын үүд ч сахих шаардлагагүй болж буй аж. Учир нь “Төрийн үйлчилгээний супер маркет” хамаг ажлыг таны өмнөөс гүйцэтгэх юм байна. Нөгөө талдаа энэ төвөөр орж ирээгүй өргөдлийг аль ч дарга шийдвэрлэхгүй. Хамаатан садан, танил тал татаж асуудлаа шийдвэрлүүлнэ гэх арын хаалга ч энэ үйлчилгээгээр дамжиж хаагджээ.

Хаягийг нь танд зааж өгье. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт “Дүнжингарав” худалдааны төвд “Төрийн үйлчилгээний супер маркет” нээгдсэн байгаа бол Хан-Уул дүүргийн “Мишээл экспо”, Сонгинохайрхан дүүргийн “Содон хороолол”-д тус бүр нээгдэх аж. “Төрийн үйлчилгээний супермаркет” ажлын өдрүүдэд 08.00-20.00 цаг хүртэл ажиллах бол бямба гаригт ч мөн ажиллах нь. Ажлын өдрүүдэд очиж амжихгүй бол амралтын бямба гаригт тааруулан очиход та олон төрлийн үйлчилгээг нэг дор авах нь.

Танд Архивын газар, Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар, Байгаль орчин ногоон хөгжлийн газар, Улсын бүртгэлийн газар зэрэг газруудаас үзүүлж байгаа үйлчилгээг харьяалал харгалзахгүйгээр авах боломжтойгоороо бас нэгэн давуу талыг бий болгожээ.

ТҮЦ машин ажиллах болсноор шөнийн 23.00 цагт иргэний үнэмлэхийн хуулбараас эхлээд гэрлэлтийн баталгаа зэрэг олон төрлийн үйлчилгээг авдаг болсон. Одоо харин үл хөдлөх хөрөнгө, архив гэхчлэн олон төрлийн үйлчилгээг “Төрийн үйлчилгээний супер маркет”-д хандсанаар авах боллоо.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж