Х.Баттулга: Түүхийг тасалж, ёс алдахгүйг хичээн наадмаа зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2020.07.12-нд нийтлэгдсэн

Х.Баттулга: Түүхийг тасалж, ёс алдахгүйг хичээн наадмаа зохион байгууллаа

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн үндэсний их баяр наадмыг хааж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.

Төрийн тэргүүн

“Наадамчин олон монголчууд аа,

Дэлхий даяарт тархан суурьшсан монгол туургатнууд аа,

Өвгөд дээдэс минь тулгар төр байгуулагдсан цаг үеэс эхлэн эрийн гурван наадмаа алгасалгүй хийж ирсэн уламжлалыг баримталж, түүхийг тасалж, ёсыг алдахгүйг хичээн энэ жилийн наадмаа зохион байгууллаа. Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулсан нийт байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийлье.

Монгол наадам бол монгол түмний цэнгэлийн манлай, өв их соёл, барагдашгүй уламжлал, үгүйсгэшгүй ёс заншлын цогц юм. Наадам монголчуудын эв нэгдлийг бататгаж, үндэсний бахархлыг сэрээдэг. Түмэн жилд мөхөөгүй нүүдэлчдийн аугаа их соёлоо үеэс үед уламжлан, Төрийн их сүлдийг цэнгүүлж, наадамчин олноо баясган хүч, хурд, цэц мэргэнээ сорьдог зон олны маань соёл уламжлал билээ.

Энэ жилийн онцлог байдлыг харгалзан талын монголчууд маань тал нутагтаа сайхан наадаж, 21 аймаг, 330 сумандаа Монгол орон даяар эрийн гурван наадмаа үзэж баясан ард олноороо нэгэн зэрэг наадлаа.

Эрэмгий бөхчүүдээ үзэн баясаж, шандаст хүлгийнхээ хурд хүчийг сорьж, эрхий мэргэд цэцээ гайхуулахыг харж баясахаас илүү сайхан зүйл үгүй билээ. Монгол үндэстэн байсан цагт монгол наадам тасалдах ёсгүйг бид баттай ойлголоо.

Тусгаар тогтнол юуны өмнө өөрийн гэх түүх, өв соёлоор, үндэсний их бахархлаар хэмжигдэнэ. Тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд үндэстний эв нэгдэл юунаас ч илүү үнэтэй бөгөөд үүнийг цаг мөч бүр тордон бататгаж байхын чухлыг энэ жилийн наадам дахин нотлон харууллаа.

Үүнийг би энэ жилийн наадмын гол ололт хэмээн үзэж байна. Наадамчин олондоо баярлалаа. Сайхан наадаарай.

Мөнх тэнгэрийнхээ хүчин дор мянга мянган жил үргэлжлэх монгол наадам маань ийнхүү жаргаж байна” гэлээ.

Одоо Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан, сур харваа, шагайн харваа болсон XIII зуун цогцолбороос Есөн хөлт цагаан тугийг Төрийн ордон руу залах ёслол болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
11
ХөөрхөнХөөрхөн
11
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж