"Дэлхийн улс түмнүүдийн дотроос арван гуравдугаар зууны үеийн Монголчууд хамгийн зөв хооллодог, хооллох өвөрмөц арга ухаантай, соёлт ард түмэн байжээ" хэмээн нэрт аялагч Марка Поло тэмдэглэсэн байдаг. Бидний өвөг дээдэс хоолыг эрхэм болгодоггүй, урт удаан эрүүл амьдрахын тулд хэзээ, юуг, хэрхэн идэхээ мэддэг байж. Жилийн 12 сарын өвлийн гуравхан сард нь ид хүйтнээр жин тээхдээ мах иддэг, бусад хугацаанд идээ цагаа, байгалийн хишиг, рашаан ус, самар, жимсээ түлхүү идэж, гэдэс дотроо цэвэрлэн, уураг кальци, эрдэс амин дэмээ нөхөж авдаг, өнөөгийн анагаах ухааны онол дадлыг хэдэн зууны тэртээгээс мэддэг байсан нь үнэхээр гайхалтай бөгөөд нэн байхархалтай.
"Харсан бол амссанд тооц"
"Амссан бол цадсанд тооц" хэмээн сэтгэлээ цатгахын чухлыг сургадаг бол
"Ухааны сүвийг тос бөглөнө"
"Ухамсрыг амт дарангуйлна" хэмээн өөх тос болон амттаны хор уршгийг мэдүүлдэг байжээ.
Мөн ширээ тойрон тухлан суух нь тун ховор, Монгол гэрт "гал тогоо" гэж байдаггүй, аавын, ээжийн хуваарилж аяганд нь хийсэн хоолыг л иддэг.
Ажил муутай, идэш ихтэй хүнд дургүй
"Залхуугийн гадаа түлшгүй"
"Залгидгийн гэрт хоолгүй" хэмээн шүүмжилдэг.
"Амттанаар бүү цатга", "Өнгөнд бүү умбуул", "Гашуунаар бүү тэтгэ", "Улай бүү үзүүл" хэмээн үрийн үрдээ захиж сургадаг байсныг өнөөгийн эхчүүд бид зайлшгүй мэдэж, хэрэгжүүлэх нь зүйтэй.
Эх сурвалж: www.hiub.mn