Таван жилийн өмнө Зимбабвен Сесил нэртэй арсланг агнаж асар их шүүмжлэл дагуулж байсан америк шүдний эмч өнгөрсөн жил Монголд ирж ховордсон, дархан цаазат аргаль агнасан нь илэрчээ. Түүний нэрийг Уолтер Палмер гэдэг бөгөөд аргаль агнахын тулд 80 мянган паунд төлсөн гэнэ.
Палмер 2015 онд Зимбабве улсын Хванге үндэсний хүрээлэнд Сесил нэрээрээ олонд танигдан, хайрлагдсан арсланг агнаж, улмаар африкчууд төдийгүй америкчуудын дургүйг хүргэж, дуулиан тарьсан ч зохих шийтгэл авалгүй мултарсан аж. Тэгтэл өнгөрсөн жил цахим орчинд тарсан нэгэн зураг дээрх хүнийг Палмер мөн болохыг тогтоожээ. Тус зураг дээр хоёр анчин дэлхийн хамгийн зэрлэг хонь буюу Алтайн аргаль агнасан нь харагдана.
Чухамдаа аргаль нь албан ёсоор ховордсон амьтдын жагсаалтад орсон бөгөөд Монголд дархан цаазтай, агнахыг хориглосон амьтан юм.
Палмер өнгөрсөн жилийн наймдугаар сард Миннесота дахь гэрээсээ Монголруу аяласан аж. Тиймээс зураг дээрх хоёр анчны нэгийг нь Палмер, нөгөөг нь түүний найз Брент Синклейр хэмээн таньжээ. Мөн тэр хоёр нутгийн хөтчийн тусламжтайгаар ууланд гарч, ан хийсэн нь тэр гэнэ. Daily Mirror сонинд нийтэлснээс үзвэл хоёр анчин дэлхийгээр аялан, зугаагаа гаргахын тулд төрөл бүрийн амьтан агнах хоббитой аж. Мөн тэд ихэвчлэн нум сум ашигладаг бөгөөд Алтайн аргалыг ч харваж агнасан байна.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Палмер бага наснаасаа эхлэн ан сонирхож эхэлсэн бөгөөд Сесил арслангаас өмнө ч, хойш ч хэд хэдэн хууль бус ан хийсэн гэнэ. Мөн Монгол руу аялан аргаль агнах нь түүний санаа байсан бөгөөд аль эртнээс агнахыг хүсдэг амьтныхаа жагсаалтад аргалийг оруулсан байжээ.
Тэрбээр 2015 оны долдугаар сард Сесил арсланг агнахын тулд Зимбабвен хөтөч нарт 32 мянган паундын хахууль өгөн үндэсний хүрээлэнгийн хашаанаас гаргуулж байгаад агнасан аж. Сесил арслан хиймэл дагуулаас хянадаг байршил тогтоогчтой байсан аж. Тэрээр харвуулсныхаа маргааш албаныханд олдож аргагүйн эрхэнд буудуулж үхтэлээ нийт 40 цаг цус алдан тарчилжээ.
Харин Монгол дахь аяллын талаар Синклейр нүүр номондоо “Би сүүлийн 20 жил Палмертай хамт тоолж барахааргүй олон ан хийсэн. Бид хоёр хамтдаа маш олон алс нутгуудаар явсан” хэмээн бичжээ. Мөн дээрх зургийг нийтэлсэнд 19 хүн таалагдаж буйгаа илэрхийлж, зарим найзууд нь баяр хүргэжээ. Тэрбээр уг нийтлэлдээ Палмерийн нэрийг нууцлан “найз” хэмээн бичсэн байна. Түүнээс гадна тэрбээр өмнө нь 30 метр зайнаас заан агнаж байснаа дурсаад, “гэхдээ хамгийн хэцүү ан бол аргаль байлаа” хэмээн тодорхойлсон байна.
Палмер ийнхүү аргаль агнаснаас хоёр долоо хоногийн дараа АНУ-ын Ерөнхийлөгчийн ууган хүү Дональд Трамп Жр мөн Монголд ирж 60 мянган паунд төлөн аргаль агнасан билээ.
Эх сурвалж: INDEPENDENT
Холбоотой мэдээ