ОХУ-ын Алс Дорнодын Хабаровск мужид 40 мянга орчим хүн оролцсон жагсаал цуглаан болжээ. Тодруулбал, баасан гаригт /2020.07.10/ Хабаровск мужийн захирагч Сергей Фургалыг 15 жилийн өмнө болсон хүн амины гэмт хэрэгт буруутгаж, баривчилсан юм.
Уг үйл явдлыг эсэргүүцсэн олон арван мянган иргэн Ерөнхийлөгч Владимир Путины эсрэг агуулгатай уриа, зурагт хуудас барин Хабаровск хотод жагссан байна.
Либерал Ардчилсан Намын гишүүн Сергей Фургал нь хоёр жилийн өмнө эрх баригч Нэгдсэн Орос намын нэр дэвшигчийг сонгуульд ялж, мужийн захирагч болж байсан ба иргэд эрх баригчид түүнийг зайлуулахын тулд хүн амины хэрэгт буруутгаж байна гэж үзэж байгаа аж. Тэрбээр төрийн албан хаагчдын тоог бууруулж, өмнөх захирагчийн тансаг завийг дуудлага худалдаагаар зарах зэрэг шинэчлэлт хийж эхэлсэн нь иргэдийн итгэлийг олжээ.
Хабаровск хот нь 600 мянга орчим хүн амтай бөгөөд 40 мянга орчим нь жагсаалд оролцсон гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Хэдийгээр цар тахал дэгдсэн энэ үед болж байгаа ч тус хотын түүхэнд байгаагүй их хүн оролцсон жагсаал цуглаан болж байна гэж мэдээлж байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ