Израильд Тел Авивийн хамгийн том талбайд олон мянган хүн цугларч Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн коронавирусийн эсрэг арга хэмжээ эдийн засгийг асар их доройтуулж байгааг эсэргүүцэн жагсчээ.
Тус жагсаал үргэлж жагсаал цуглаан болж байдаг Рабин талбайд болсон бөгөөд хувиараа ажил эрхэлдэг, жижиг дунд бизнес эрхлэгчид, цагийн ажил хийдэг оюутнууд ихээр оролцож, засгийн газраас амласан санхүүгийн тусламж хэзээ ч эзэддээ хүрээгүйг шүүмжилсэн байна.
Жагсагчид зай барих дүрмийг үл баримтлан, “Бид амьсгалмаар байна” хэмээх самбар барьцгаажээ. Иерусалимийн нэгэн сонинд бичсэнээр тус жагсаалд нийт 80 мянга орчим хүн оролцсон хэмээн мэдээлсэн байна.
Жагсаал зохион байгуулагчдын нэг болох Ронен Мили “Цаашид биднээр тоглохоо боль. Бид дөрвөн сар хүлээлээ юу ч өөрчлөгдсөнгүй” хэмээн ярьжээ. Израиль гуравдугаар сард коронавирусийн халдварыг зогсоохын тулд хөл хорио тогтоон олон хүн цуглурах, соёлын бүх арга хэмжээг хориглосон билээ. Хожим тавдугаар сард ажилгүйдэл 21 хувьд хүрснээр хөл хориог сулруулсан ч өвчний хоёр дахь үе ирсэнд хөл хориог буцаан чангалсан аж.
Нийт есөн сая хүн амтай тус улсад халдвар авсан нийт 37 мянга гаруй хүн бүртгэгджээ.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ