NEWS агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох ярилцлагуудыг багцлан хүргэж байна.
Ц.УЯНГА: ХОРИХ ГАЗАРТ Ч ХҮНД ИНГЭЖ ХАНДАХ ЭРХГҮЙ
Эх орондоо ирэх хүсэлтэй, гадаадад “гацсан” олон монгол бий. Тэдний нэг, жиргээнд "элийрэгч" нэрээр алдаршсан Ц.Уянгатай цахимаар холбогдож цөөн хором ярилцлаа.
-Таны хувьд хэзээ, ямар зорилгоор гадаад явсан бэ?
-Миний хувьд гэрээний дагуу ажиллаж байгаа газраа буюу Мьянмарт өнгөрсөн арваннэгдүгээр сард очоод, тайлангаа хүлээлгэж өгсний дараа энэ оны нэгдүгээр сард Тайландын Чианг Май хотод ээжийгээ тосож аваад энд өмнө хийлгэсэн хагалгааг үргэлжлүүлэх, дараагийн шатны эмчилгээг нь хийлгээд буцах байсан.
-Гадаадад байгаа монголчууд хэрхэн аж төрж байна вэ?
-Гадаадад байгаа монголчуудын аж амьдрал төрөл бүрээр өрнөж байна. Зарим нь над шиг дижиталаар ажлаа хийдэг, тогтмол орлоготой, суурин амьдралтай. Ихэнхдээ энд эмчилгээний журмаар ирсэн хүмүүс урт хугацаанд буюу гурван сараас дээш, зарим нь оюутан, зарим нь тэмцээнд түр ирээд гацсан, аялж яваад гацсан хүмүүс байна. Суурин байгаа хүмүүсээс бусад нь тун хүнд байгаа. Төлөвлөсөн хугацаанаасаа илүү олон сараар үлдсэн учраас санхүүгийн хувьд эх үүсвэргүй болсон нь хамгийн тулгамдсан асуудал болоод байна.
-Хэдийгээр тусгай үүргийн онгоцоор иргэдээ авчирч байгаа ч цаана нь эх орондоо ирэх хүсэлтэй олон мянган иргэн бий. Тусгай үүргийн онгоцоор яг зорилтот бүлгийн хүмүүсийг авчирч чадаж байгаа болов уу?
-Миний ажиглалтаар таван шаардлага гэгчид илэрхий багтах, нэн яаралтай буцах хүмүүс багтахгүй байгаа нь эгдүүцэл төрүүлж байна.
-Гурван тэрбум төгрөгөөр үзэгчгүй наадам зохион байгуулахын оронд бусдад өгөөжтэй олон ажил хийж болно гэж эсэргүүцэх хүн нэлээд байна. Тухайлбал, энэ мөнгөөр гадаадад гацсан олон хүнийг авчирч болно. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Зөвхөн Зүүн Өмнөд Азийн бүс бус дэлхий даяар тархсан газруудад бүртгэлтэй 11 мянга, нийт 30 гаруй мянган Монгол Улсын иргэд 3-6 сарын турш хилийн чанадад түр хугацаагаар явж байхдаа гацсан. Түүнчлэн ажил хөдөлмөр эрхэлж, сурч байгаа хүмүүсийн ар гэрт уй гашуу тохиолдох, өөр бусад шалтгаан үүсэх, сэтгэл гутрал, айдас, түгшүүр орсон энэ хүнд үед Монгол Улсын Засгийн газар шуурхай арга хэмжээ авч, санхүүгийн эх үүсвэр гаргах бүрэн бололцоотой байгаа нь илт байхад хүний наад захын амьд явах, аюулгүй байдлаа хангагдах, чөлөөтэй зорчих зэрэг үндсэн эрхүүдийг санаатай хөсөрдүүлж байгаад эгдүүцэл төрж байна. Түүнчлэн өөрсдийн баталж гаргасан Онц бэлэн байдлын журмаараа эдгээр хүмүүсийн эх орондоо очих эрхийг хязгаарлаж, амь насыг нь эрсдэлд байгаа атлаа өөрсдөд нь тэр журам, хууль нь огтоос үйлчлэхгүй, хуулийг ялгамжтай хэрэгжүүлж, иргэдээ ялгаварлан гадуурхаж байгаа нь Үндсэн хуулийг зөрчсөн асуудал.
-Тусгаарлах хугацааг хэтэрхий урт байна гэж үзэх хүмүүс байна. Таны хувьд энэ нь зохимжтой хугацаа мөн үү?
-Тусгаарлах хугацаа урт байхаас гадна төлбөртэй, хүнд хавдрын шатны эмчилгээ нэн шаардлагатай, харвасан, төрсөн гэх зэрэг нэн шаардлагатай эрүүлийг хамгаалах зохицуулалт дутуу байж иргэдээ айлган сүрдүүлэхээс биш илүү нөхцөлийг сайжруулж, хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр бүтэн хагас жил болж байхад нэг ч арга хэмжээ аваагүй. Халдваргүй, эрүүл иргэдэд хүний наад захын шаардлагыг хангасан хоол хүнсний илчлэг нормыг хангах бүү хэл, нэг хүнд оногдох зай талбай, агааржуулалт, салхилах, нарлах хуваарь, хөдөлгөөний орчин үүсгээгүй, онц байдлын үед халдваргүйжүүлэлт, ариутгал бүү хэл ариун цэврийн наад захын жишгийг хангаагүй байгаа нь цэвэр доромжлол. Хорих газарт ч хүнд ингэж хандах эрхгүй. Тогтоосон норм, норматив байдаг.
-Тусгаарлагдаж байгаа хүмүүст шавьжтай хоол өгч байна, байр нь шаардлага хангахгүй, тусгаарлаж хэтэрхий бохир байгаа талаар иргэд ярьж байна. Хэрэв тийм орчин таныг угтвал та тэр бүхнийг хүлээн зөвшөөрч тусгаарлагдах уу?
-Хүмүүсийг 20 ам метр өрөөнд гаднаас нь түгжээд нар салхи үзүүлэхгүй, хорвоо ертөнцөөс таслаад, эрүүл байх нөхцөлийг нь хангахгүй, сэтгэл зүйн дарамт үзүүлж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, шаардлага тавих эрхийг нь хурааж, хорьж байгаа нь цэвэр сэтгэцийн туршилт, яргалал үйлдэж байгаатай адилтгаж үзнэ. Олон улсын хүний эрхийн түгээмэл тунхаглалд зааснаар үүнийг эрүүдэх, тарчлаах, сэтгэцийн дарамтаар яргалах гэж үздэг. ДЭМБ-ын гаргасан дүрэмд тусгаарлах нөхцөл, шаардлага, хоол хүнс, зай талбай байтугай хоног хугацааг нарийн зааж өгсөн байтал үүнийг бүрэн утгаар нь зөрчиж дэлхийд байхгүй нөхцөлөөр иргэдээ зориудаар тарчлаан зовоох ажиллагаа болголоо.
“НИСЛЭГ, ТУСГААРЛАХ БАЙРЫГ ӨӨРСДӨӨ ГАРГАЯ ГЭСЭН Ч ХҮЛЭЭЖ АВААГҮЙ”
Covid-19-ийн халдвартай холбоотойгоор Монгол Улс хилээ хааснаас хойш гадаад оронд гацсан 10 мянга гаруй монголчууд эх орондоо ирэх хүсэлт гаргасан бөгөөд өдөр ирэх бүр энэ тоо нэмэгдэж байгаа. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед гадаадад гацсан монгол иргэд орох орон, идэх хоолгүй шахам хүнд нөхцөлд аж төрж байгаа билээ. Энэ байдлаа амьдарч буй улсдаа илэрхийлж, учир байдлыг тайлбарласны хүчинд тухайн улсаас нислэг гаргуулахаар болдог ч Улсын онцгой комисс (УОК) гадаадын нислэг хүлээж авахаас татгалздаг байна. Энэ талаар “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” төрийн бус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга З.Ариунтэнгэртэй ярилцлаа.
-Одоогоор танай байгууллагад хэчнээн монгол иргэн эх орондоо ирэх хүсэлт өгөөд байна вэ?
-Хилийн чанадаас 3000 гаруй иргэн холбогдож, эх орондоо ирэх хүсэлтэй байгаагаа манай байгууллагад илэрхийлсэн. УОК-т 10 мянга гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан гэдэг ч энэ тоо өдөр бүр нэмэгдэж байгаа. Шалтгаан нь тухайн улсад нөхцөл байдал хүндэрч, ажиллах, амьдрах, сурах боломжгүй болж байгаатай холбоотой.
-Байдал хүндэрч БНСУ-д байгаа монгол иргэд Элчин сайдын яаманд хоноглож байгаа гэсэн. Аль орноос хамгийн олон иргэд эх орондоо ирэх хүсэлт гаргаад байна вэ?
-Эх орондоо ирэх хүсэлтэй байгаа иргэдийн олонх нь БНСУ, АНУ-д амьдарч буй иргэд юм. Зөвхөн манай байгууллагад ирж буй мэдээллээр бусад орнуудаас тухайлбал, Европын холбооны орнуудаас улс бүрээс багадаа 300 гаруй иргэн хүсэлт ирүүлсэн байна. Мөн жирэмсэн, бага насны хүүхэдтэй, эмчилгээнд явсан зэрэг шалтгаантай, эх орондоо очих хүсэлт гаргасан ч явж чадахгүй БНСУ-д байгаа 130 гаруй иргэний мэдээлэл бидэнд байна. Тухайн орноос эх орондоо очих хүсэлт өгсөн 800 хүнээс наймыг нь эсвэл тавыг нь авч байгаа.
-Гадаадад гацсан иргэд тухайн орноос нислэг гаргуулаад эх орондоо ирэх гэхээр УОК гадаадын нислэг хүлээж авахгүй байна гэсэн үү. Одоогоор хэчнээн орноос нислэг гаргуулахаар ярилцаад байна вэ?
-Гадаадад гацсан иргэд үндэсний дээлээ өмсөөд тухайн орны түүх дурсгалын газарт очиж, нутагтаа очмоор байна, хүний эрхээ эдэлмээр байна гэх лоозон бариад жагсч байна. Хүний эрхийн байгууллагуудад хандаж байна. Гадаадад байгаа монголчууд эх орондоо ирэхийн тулд боломжтой бүх хувилбарыг ашиглаж байна. Ингээд олон улсын нислэг үйлдэхээр холбогдох байгууллагуудтай нь тохиролцоод асуудлыг шийдвэрлээд байхад Монгол Улсын Засгийн газар, УОК олон улсын нислэг хүлээж авахаас татгалзаж байгаа. Германаас гэхэд гурван онгоц нисгэхээр тохиролцоод байсан ч Монгол Улс хүлээж аваагүй. Мөн Истанбул, Москва, Сөүл гээд дурдвал олон нислэг байна.
Олон улсын нислэгийн зардал МИАТ компаниас хямд, хоёр талаа бодолцсон өртөгтэй байгаа. Гэтэл МИАТ-ийн нислэгээр нэг гэр бүлийн дөрвөн хүн ирэхэд 20 сая төгрөг төлж байгаа.
-Нислэгээс татгалзаж байгаа шалтгаан нь юу вэ. Гадаад орноос нислэг гаргуулахад Засгийн газраас ямар нэгэн зардал гарахгүй биз дээ?
-Гадаад орноос эх орондоо ирэх гэтэл Монгол Улсын Засгийн газар, УОК маш олон тодорхой бус асуудлууд үүсгэж байгаа. Үүний нэг жишээ нь таны асуултын хариулт. Бид хоёрдугаар сарын сүүлээс иргэдийг татах асуудлыг хөөцөлдөж байна. Тэр үед УОК тусгаарлах байр, эмч нар хүрэлцэхгүй байна гэх тайлбарыг өгч байсан. Түүнээс хойш гурван сар өнгөрсөн байна. Асуудал шийдэгдээгүй, бидэнд гарц, шийдлийг тодорхой хэлээгүй байна.
Унгарт гэхэд сургуулиа дүүргээд долдугаар сарын 1-нээс хойш тэтгэлэггүй, амьдрах байргүй болсон 78 оюутан бий. Унгарын Элчин сайдын яам нь Унгарын үндэсний агаарын тээвэр болох Wizz Air болон Польш улсын LOT-д Монгол руу нислэг хийх санал тавихад зөвшөөрсөн. Гэтэл Монголын тал нислэгийг хүлээж авахгүй гэсэн. Унгарт эх орондоо очих хүсэлтэй 241 иргэн бий. Эдгээр иргэд зардлаа өөрсдөө гаргаад тусгай нислэг хүлээлгүйгээр Унгарын онгоцоор очих боломжтой байна. Нислэгийн зардлыг өөрсдөө гаргаж байгаа болохоор Засгийн газраас ямар нэгэн зардал гарахгүй.
Цар тахалтай холбоотойгоор үйл ажиллагаа нь саарсан тул олон улсын нислэгийн аль ч компанид хүсэлт тавихад бүгд нааштай хариу өгч байгаа. Хэрэв олон улсын нислэгээр очихыг зөвшөөрвөл олон мянган иргэн эх орондоо очиж, хайртай гэр бүлийнхэнтэйгээ уулзахаас гадна иргэдийн эдийн засагт ч хэмнэлттэй байна.
“ЭЕШ-ЫН ДААЛГАВАР ХЯЛБАР БАЙСАН”
Энэ жилийн ЭЕШ-д математикийн шалгалт дээр улсын хэмжээнд 27 сурагч 800 оноо авсан. Тэдний нэг Н.Мөнх-Эрдэнэ, Д.Цэцүүхэйтэй ярилцаж, шалгалтаа амжилттай өгсөн туршлагаас нь хуваалцлаа.
-Математикийн шалгалтад 800 оноо авсанд баяр хүргэе. Энэ жилийн ЭЕШ-ын математикийн хичээлийн даалгаврыг тун хүнд байсан гэж сошиалаар шүүмжилсэн. Математикийн хичээлийн аль даалгавар нь хүнд байсан бэ?
-Баярлалаа. Үнэнийг хэлэхэд, шалгалтын материал надад амар санагдсан. Шалгалтаа өгөөд гарч ирэхэд хүүхдүүд сошиалд даалгаврыг хүнд байсан зэргээр нэлээд сөргөөр илэрхийлж байсан. Энэ жилийн математикийн шалгалтын даалгавар, тавилт өнгөрсөн жилүүдийнхээс огт өөр байсан болохоор тэгсэн байх. Өмнө нь ЭЕШ-д бэлдэж байна гээд өнгөрсөн жилүүдийнхээ тодорхой хэдэн материал дээр л ажилладаг байсан бол энэ жилийн шалгалтад тэдгээр зүйлийг хасаад огт өөр суурь мэдлэг шаардсан бодлогууд орж ирсэн. Ажиглалт хийхэд, математикийн шалгалтын эхний 37-д манай сургуулиас 12 сурагч орсон байгаа харагдсан. Энэ нь суурь мэдлэг сайн байсантай холбоотой болов уу. Тухайлбал, миний хувьд зургадугаар ангиасаа эхлээд математикийн сонгонд явж эхэлсэн, математикийн хичээлийн суурь маш сайн тавигдсан. Тийм болоод тэр үү, энэ жилийн математикийн шалгалтын даалгаврууд надад хялбар санагдсан. Манай сургуулиас математик дээр дөрөв, нийт хичээлүүд дээр 11 сурагч 800 оноо авсан.
-Математикаас бусад хичээлийн даалгавар ямар санагдсан бэ?
-Миний хувьд математик, физик, англи хэлний шалгалт өгсөн. Математик дээр 800, физик дээр 717, англи хэл дээр 756 оноо авсан. Даалгаврууд надад хялбар санагдсан. Цар тахалтай хүнд үед Боловсролын үнэлгээний төв шалгалтыг сайн зохион байгуулсан гэж бодож байна. Өнгөрсөн жилүүдийнхтэй төстэй материал ирээгүйг сошиалд хүмүүс шүүмжилж байх шиг байсан. Цөөн төрлийн даалгаврууд дээр л ажиллаж чаддаг байх нь сайн зүйл гэж бодохгүй байна. Харин миний хувьд бодлогын тавилт, даалгаврыг шинэчлэх нь зөв гэж бодож байгаа.
-Унаган англи хэлтэй хүн ч англи хэлний шалгалтад унахаар байсан, ямар хэлбэрийн уруултай хүн өөртөө итгэлтэй байсан бэ гэсэн асуулт ирсэн гэсэн шүүмжлэл нэлээн яригдсан. Англи хэл дээр 756 оноо авсан чамд энэ даалгавар ямар санагдсан бэ?
-Нийгмийн сүлжээнд тэр талаарх постын дор нь нэлээд урт сэтгэгдэл бичсэн байсан. Даалгавраа сайн уншиж, ойлголгүйгээр сошиалд тэгж хуурмаг мэдээлэл тарааж болохгүй. Даалгавраа гүйцэд уншсан бол маш хялбар, нөхөх даалгавар байсан.
-Цар тахалтай холбоотойгоор танхимын сургалт хаагдсан. Энэ үед шалгалтдаа хэрхэн бэлтгэсэн бэ?
-Цар тахлын үед хичээлүүдээ бататгаад, ойлгохгүй зүйлээ интернетээс хайж, шалгалтдаа бэлдэж байсан. Би хоёр дүүтэй, бага дүү маань таван настай. Дүү нар үймүүлээд хичээл хийхэд асуудалтай байсан ч энэ бүхнийг шалтаг гэж бодоод боломжоороо шалгалтдаа бэлдэж байлаа.
-Зургадугаар ангиасаа математикийн сонгонд яваад, мэргэжлээ эртнээс тодорхойлчихсон байсан уу?
-Бага байхдаа одон оронч болно гэж боддог байсан. Одоо бол хиймэл оюун ухааныг сонирхдог. Мэдээллийн технологи хөгжсөн энэ үед хиймэл оюун ухааны талаар маш сонирхолтой олон мэдээлэл олон сувгаар гарч байгаа нь миний сонирхлыг маш их татдаг. Мөн хиймэл оюун ухаан нь ирээдүйд маш эрэлттэй байна. Одоогоор МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд бүртгүүлсэн.
–Математик дээр 800 оноо авснаа мэдээд хамгийн түрүүнд хэнд энэ мэдээг дуулгасан бэ?
-Шалгалтын байрнаас лайваар дүнг мэдээлж байсан. Намайг 800 оноо авсныг манай найзууд надад дуулгасан. Энэ мэдээг хамгийн түрүүнд аав, ээждээ дуулгахад тэд “Болж байна” гэсэн.
12 ЖИЛИЙН ТУРШИД ҮЗСЭН ХИЧЭЭЛИЙН МЭДЛЭГИЙГ СОРЬСОН ДААЛГАВРУУД БАЙСАН
-Математикийн шалгалт дээр 800 оноо авсанд баяр хүргэе. Энэ туршлагаас хуваалцахгүй юу?
-Баярлалаа. ЭЕШ өгөхөд тактик чухал санагдсан. Мөн өөрийн бугуйн цагтай ороод даалгавруудаа хуваарилах нь зохимжтой санагдсан.
-Чиний хувьд ямар тактик ашигласан бэ?
-Математикийн шалгалтын даалгаврыг би 60 минутад бодож дуусгаад, баттай гэж бодсонуудаа шууд дугуйлсан. Үлдсэн минутад нь эргэлзэж байгаа зүйлсээ дахин дахин бататгасан.
-Математикаас өөр ямар хичээлээр шалгалт өгсөн бэ. Шалгалтын даалгаврууд ямар санагдсан бэ?
-ЭЕШ-ыг физик, математик, англи хэлний хичээлээр өгсөн. Математик дээр 800 оноо авсан бол физик дээр 706, англи хэл дээр 679 оноо авсан. Энэ жилийн шалгалтад өнгөрсөн жилд гэхээсээ илүү 12 жилийн туршид үзсэн хичээлийн мэдлэгийг сорьсон даалгаврууд түлхүү орж ирсэн. Мөн даалгаврууд анхаарлаа бүрэн төвлөрүүлж, сайн уншихыг шаардаж байсан. Зөвийг нь бодож олсон байхад, даалгаврын гүйцэтгэл дээр бурууг нь ол гэсэн байх жишээний.
-Танхимын сургалтгүй үед ЭЕШ-даа хэрхэн бэлтгэж байсан бэ?
-Багшийн өгсөн чиглэлийн дагуу даалгавруудаа хийж гүйцэтгэж байсан. Даалгавар дээр ажиллаад алдсан бодлогоо хэн нэгнээс асуулгүйгээр өөрөө ухаж ойлгож байсан. Ингэж ойлгосон бодлого мартагддаггүй.
Манай гэр хөдөө байдаг болохоор интернет орж хичээл хийхэд хүндрэлтэй байсан. Бас дүү нар үймүүлээд хичээлээ давтахад саад учирч байсан. Харин тавдугаар сарын 11-нд танхимын сургалт эхлэх үеэс эрчимтэй бэлтгэж, багшийн өгсөн чиглэлийн дагуу ажилласан.
-Шалгалтад тавдугаар сараас эхлэн эрчимтэй бэлтгэсэн гэхэд маш сайн амжилт үзүүлсэн байна. Суурь мэдлэг нь сайн байсан уу?
-Математикийн хичээлд сайн, суурь сайтай байсан нь ЭЕШ-д 800 оноо авахад нөлөөлсөн байх гэж бодож байна.
-Математик дээр 800 оноо авснаа мэдээд ямар мэдрэмж төрсөн бэ?
-Эхлээд итгээгүй. Лайв руу дахин дахин орж, хянасны дараа итгэсэн. Энэ баярт мэдээг ээж, аавдаа хамгийн түрүүнд дуулгаж, тэднийгээ баярлуулсан.
-Одоо ямар мэргэжлээр суралцах вэ?
-Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр эсвэл IT инженерээр суралцана гэж боддог байсан. Сая МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд бүртгүүлсэн. IT инженер болохоор болсон.
Холбоотой мэдээ