Хүй долоо худагт хоёр автомашин мөргөлдсөн осол гарчээ. Тодруулбал Land Cruiser маркийн автомашин Toyota маркийн суудлын тэрэгтэй мөргөлдсөн осол 15.00 цагийн орчимд гарчээ. Ослын шалтгааныг тодруулахаар Тээврийн цагдаагийн алба хаагчид ажиллаж байгаа аж. Албан бус мэдээллээр авто ослын улмаас зорчигчид бэртсэн байж болзошгүй юм байна.Тээврийн цагдаагийн албанд өнөөдөр 15.50 цагийн байдлаар иргэдээс нийт 77 дуудлага мэдээлэл ирүүлжээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 56 дуудлага бүртгэгдсэнээс зургаан хүн гэмтсэн гэх мэдээлэл байна.
Баяр наадмын өдрүүдээр орон нутгийг чиглэсэн иргэдийн урсгал хөдөлгөөн ихэсч, автозамын ачаалал үүсч байгаа тул жолооч нар цаг хэмнэж, зам товчлох гэж урсгал сөрөх, замын хөвөөгөөр явах зөрчил цөөнгүй гарчээ. Мөн замын ачаалал сийрэг болсон үед хурд хэтрүүлэх тохиолдол гарч байгаа аж. Түүнчлэн автомашинд даац хэтрүүлэн зорчих, бага насны хүүхдээ зориулалтын суудалд тээвэрлээгүй зэрэг зөрчил их байгааг ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Ч.Чимэдбат хэлэв.
Тэрбээр “Тээврийн хэрэгслийн ард суусан зорчигч нар огт хамгаалах бүх хэрэглэхгүй байна. Хамгаалах бүс хэрэглээгүй жолооч, зорчигчидтой тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотоос гаргахгүй, замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Ялангуяа, хамгаалах бүс хэрэглээгүй жолооч, арын суудлын зорчигчтой тээврийн хэрэгслийг аймгууд руу оруулахгүй, гаргахгүй буюу замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Мөн бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхгүй ээжүүд өвөр дээрээ авч явах зөрчил их байна. Энэ бол маш эрсдэлтэй. Бага насны хүүхдийг заавал зориулалтын суудалд тээвэрлэх ёстой. Мөн автомашины даац маш их хэтрүүлж байна” гэлээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ