Ус цаг уур орчны шинжилгээний газраас баяр наадмын өдрүүдэд аянга цахилгаантай, усархаг бороо үргэлжлэн орох төлөвтэйг анхааруулж буй. Өнөөдөр баруун болон төвийн аймгуудаар дуу цахилгаантай усархаг аадар бороо орох төлөвтэй байгаа бол 12, 13-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Иймд хөдөө орон нутгийг зорьж буй иргэд гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхинаас болгоомжлохыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлжээ. Мөн усархаг борооны улмаас гол усны түвшин 55 см хүртэл даван үерлэсэн тул наадамчин олныг голын эрэг дагуу амрахгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол руу орохгүй байх, хүүхдээ голын эргээр тоглуулахгүй байхыг онцгойлон анхаарууллаа. ОБЕГ-аас иргэдэд дараах зөвлөмжийг өгөв.
– Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, хувийн аюулгүй байдлаа сайтар хангах,
-Аялж зугаалж, амарч яваа иргэд гол, ус, үерийн аюулаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
-Гол, ус гатлахдаа баталгаатай зам, гарцаар гарах зэргээр өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ