Монгол түмний хүсэн хүлээдэг Үндэсний их баяр наадмыг хурдан морины уралдаан, бөхийн барилдаангүйгээр төсөөлөхийн аргагүй. Жил жилийн наадам өөрийн гэсэн өнгө төрхтэй. Энэ жилийн хувьд Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баярыг цар тахлын үед тэмдэглэж буйгаар онцлог. Тиймээс наадамчин олон бөхийн барилдаан, сур харваа, хурдан морины уралдааныг цэнхэр дэлгэцээр үзэхээр болж байгаа юм.
Монголчууд бидний уламжлал болсон эрийн гурван наадмын зарим тоон мэдээллээс хүргэвэл 2019 оны байдлаар Улсын цолтой 102 харваач, 292 уяач, хурдан морь унаач 26 мянга 347 /давхардсан тоогоор/ хүүхэд байна.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр улсын цолтой 186 бөх байдгийн 61.8 хувь нь Начин цолтой. Харцага 16.7 хувь, Заан 8.2, Гарьд 5.4, Арслан 3.8, Аварга 3.2, Дархан аварга цол 1 хувь тус тус эзэлдэг байна. Өөрөөр хэлбэл, начин цолтой бөхчүүд хамгийн их хувийг эзэлж байгаа бол маш бага хувийг Дархан аварга цол эзэлж байгаа юм. Сонирхуулахад өнөөдрийн байдлаар НААДАМ" гэсэн нэртэй 25 хүн байдаг аж.
Холбоотой мэдээ