Т.Оюунжаргал: “Халгай эмчилгээ” удахгүй дэлхийд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2016.01.12-нд нийтлэгдсэн

Т.Оюунжаргал: “Халгай эмчилгээ” удахгүй дэлхийд өрсөлдөнө

“Eco Beauty” салоныг сонгож, Т.Оюунжаргал захиралтай хийсэн ярилцлагаа та бүхэнд хүргэж байна.

Үсчин болох хүсэлтэй жирийн нэг охин өмнөө том зорилго тавин 10 жилийн дотор 40 гаран ажилтантай, 3 салбартай томоохон салоны захирал болж чадсан байна. Мөн үс арчилгааны уламжлалт арга ухааныг орчин үеийн технологоор баяжуулан үс уналтын эсрэг “Халгайн эмчилгээ”-г санаачлан хэрэгжүүлжээ .

-Танд уншигчдынхаа өмнөөс энэ өдрийн мэндийг хүргэе. Та яагаад энэ мэргэжлийг сонгох болов, өнөөдрийг хүртэл ямар замаар явж энд хүрэв?

-Баярлалаа. Би ч гэсэн яриа маань эндээс эхлээсэй гэж хүсэж байлаа. Намайг Тэгшжаргалын Оюунжаргал гэдэг. Би үсчин болоод 11 жилийг үдсэн байна. Энэ мэргэжлийг би өөрийн хүсэл сонирхлоороо сонгосон. Бага байхын л найз нөхөд, эгч дүүгийнхээ үсийг янзлах гээд л оролдож байдаг хүүхэд байлаа. Ер нь үсчин гэдэг үнэхээр сайхан мэргэжил. Хүнийг баяр жаргалтай үед нь үргэлж хамт байдаг, үйлчлүүлэгчээ баярлуулаад гаргахад энерги нь өөрт нь шингэж байдаг сайхан ажил даа. Миний нэг хэлэх дуртай үг байдаг юм. “Үс тань үг хэлнэ” гэж. Хүний үс тухайн хүний гоо сайхныг тодотгож өгдөг. Тиймээс үс бол амжилтын нэг хүчирхэг зэвсэг байдаг. “Eco Beauty” салоноо байгуулаад 6 жил болсон байна. Ёстой өөрийн хүсэл сэтгэлээрээ хийж байгаа ажил болохоор хичээж зүтгэсээр яваад өнөөдрийг хүрчээ. Миний үсчин гэж хэлэгдэж байгаад багш нарын маань ач тус их.  Анх миний ажлын гараагаа эхэлсэн газар бол “Сөүл” салон юм. Тэр үед манай захирал солонгос эмэгтэй байлаа. Салоны бизнес хэрхэн явагддаг, үйлчилгээний соёл стандарт ямар байх ёстойг тэндээс л сурсан. Сөүл салоны Тулгаа, Баяраа гэдэг хоёр чадварлаг үсчдийг дагалдаж суралцаж эхэлсэн нь азтай. Энэ хоёрыгоо би мэргэжлийн багшаа гэж бодож хүндэлж явдаг. Хүн ер нь ямар ч амжилтанд хүрсэн бай амжилтын чинь хөтөч болсон ачтай хүмүүсээ мартаж болохгүй гэж боддог. Би тэгж л хүмүүжсэн, одоо үр хүүхдүүдээ ч тэгж хүмүүжүүлэхийг хүсдэг. Манай нөхөр бид хоёр хамтарч бизнесээ явуулдаг. Манай хүн ар талын ажлуудаа хариуцан ажилладаг. Бид хоёр 3 хүүхэдтэй.

-“Eco Beauty” салоны нэрийн хуудас нь халгайн эмчилгээ гэдэг. Анх яаж энэ санааг олов? Яагаад заавал халгай гэж?

-Халгай бол маш олон амин дэмийг агуулдаг гайхалтай ургамал. Энэ шинж чанарыг нь Монголчууд эрт дээр үеэс мэдэж ахуйдаа ашиглаж ирсэн байдаг. Хоол ундандаа хольц болгон хэрэглэж тамир тэнхээгээ сайжруулах, сульдсан малдаа хүртэл өгөөд босгоод ирэх жишээтэй. Миний эмээ их ажилсаг хүн байсан. Хавар цагт халгай цухуйх үед нь түүж авч хатаагаад, түүгээрээ ханд бэлтгээд биднийг үсийг угааж өгдөг байлаа.

Сүүлд өөрөө үсчин болчихоод үйлчлүүлэгчдийнхээ үсийг яавал илүү сайхан болгох вэ гэж бодож байхдаа эмээгийнхээ аргыг санаад халгайн талаар судлаж эхэлсэн. Халгайн химийн найрлага, хүний биед үзүүлэх нөлөөлөл зэрэг олон талаас нь судалсан. Олон ч эрдэмтдийн ажилтай танилцсан. Тэгээд энэ бол үнэхээр онцгой нөлөөтэй ургамал юм байна гэдгийг мэдээд үс арчилгаанд хэрхэн ашиглах талаар технологийг мэргэжлийн хүмүүстэй зөвлөлдөн боловсруулж эхэлсэн юм. Мэдээж шууд үр дүнд хүрчихээгүй, замд нь олон асуудлуудыг шийдвэрлэж байж энэ технологийг гаргаж авсан. Хамгийн гол нь хадгалалтын горим байна. Манай халгайн бэлдмэл хадгалалтын хугацаанд анх ургаж байсан шигээ амин дэмээ алдаагүй байдаг. Одоо манай салоны нэрийн хуудас болсон халгай эмчилгээгээр 2000 гаруй хүн үйлчлүүлжээ.

-Орчин үед хүмүүсийн үс унаад, шингэрээд байгаа нь юутай холбоотой вэ?

-Бидний хийсэн нэг судалгаа байдаг юм. Хотод амьдарч байгаа дундаж насны гурван хүн тутмын хоёр нь үс уналтын асуудалтай байнаа гэж. Энэ нь хэд хэдэн хүчин зүйлээс болж байна. Үүнд: амин дэм муутай, чанаргүй хоол унд, орчны бохирдол, стресс, хөдөлгөөний хомсдол болон чанаргүй үс арчилгааны бүтээгдхүүнүүд голчлон нөлөөлж байгаа. Хүмүүсийн үс маш их гэмтэж, хуйх нь өвчилж байна. Нэгэнт асуудалд орсон бол цаг алдалгүй эмчлэх нь зөв байдаг. Манай салон 10 хоногийн цогц эмчигээ санал болгодог. Энэ арван хоногтоо бид халгайн эмчилгээг үсэнд хийхээс гадна, шар тосны бариа, витаминжуулалтыг хүйханд давхар хийдэг. Энэ нь цаанаа үсний уутанцарыг нээж өгдөг онцлогтой. Тууштай байж, гам сахиж чадсан хүнд эмчилгээ илүү үр дүнтэй болдог ба үс өтгөрөөд, биежээд, өнгө нь сэргээд ирсэн харагддаг. Зарим хүмүүс хэт их ядаргаанд орохоороо үснийх нь хэсэг газрын үс бүгд хүсчихсан юм шиг унадаг. Тийм хүмүүс манай дээр ирээд эмчигээнд ороод үсээ ургуулж аваад баярлаад явдаг. Бид үйлчлүүлсэн хүмүүсийнхээ сэтгэгдэл болон эмчилгээний үр дүнг харуулсан фотоо зургуудыг өөрийн Facebook хаяг дээрээ тавьдаг. Та бүхэн сонирхоод үзээрэй. Eco Beauty Salon гэсэн Facebook ID байгаа.

Хүний төрөлхийн гоёл үс, шүд гэдэг. Төрөлх гоёлоо сайхан авч явахад уламжлалт эмчилгээ хамгаас илүү үр дүнтэй гэдгийг хэлмээр байна.

-Үнэхээр гайхалтай зүйлийг санаж сэтгээд хэрэгжүүлээд явж байгаа юм байна. Та бүхэндээ амжилт хүсье. Цаашид та дэлхийн тавцан дээр энэ бүтээгдхүүнээрээ гарна гэж хэлж байна. Энэ боломжтой юу? Гадаадын улс орнууд энэ үс уналтын асуудлуудаа яаж шийдэж байдаг юм бол?

-Хүсэл мөрөөдөл бол биднийг хөтөлж, чиглүүлж байдаг луужин гэж боддог. Хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн өмнөө тодорхой зорилго тавин зүтгэж байж л хүн амжилтанд хүрнэ. Би хүүхэд байхдаа өөрийн салонтой болно гэж мөрөөдөж байлаа. Тэр мөрөөдөлдөө хүрч чадсан. Тухайн үедээ надад том л байсан.

Одоо цаашдаа манай байгууллагын стратеги бол энэ батлагдсан технологиор бэлтгэсэн бүтээгдэхүүнээр гадны улс орны хүмүүст хүрч үйлчлэх гэдэг зорилго тавиад байгаа. Менежментийн ухаанаар алсын хараа гэдэг зүйл том байх ёстой гэдэг. Энд эрдэмтэд, судлаачид, бизнесийн зөвлөхүүд, баг хамт олон маань гээд маш олон хүмүүсийн хамтлаг ажиллаж байна. Би зорилгодоо хүрнэ гэдэгт итгэдэг. Бусад орны хүмүүс хийж чадаад байхад бид чадах л ёстой. Түүнээс гадна Монгол оронд минь ургаж байгаа энэ гайхалтай ургамал байна. Эх оронд минь халгай шиг ургамал дэлхийн өөр хаана ч ургахгүй. Энэ бидэнд асар том давуу талыг олгож байна. Гадаад улс орнуудад үс уналтын эсрэг ашиглаж байгаа бүтээгдхүүнүүд нь бүгд химийн аргаар бэлтгэж авсан байдаг. Гэтэл орчин үед бүгд эко бүтээгдэхүүнүүдийг чухалчилж байна. Энэ хоёр дахь том боломж гэж үзэж байгаа. Жишээ нь зүүн өмнөд азид химийн үйлдвэрлэл их байгаагаас шалтгаалаад агаар мандал асар их бохирдсон байдаг. Тэнд бороо орохоор шүхэргүй явж байсан хүмүүс шууд л үсээ гараараа халхлаад  хамгийн ор байшин сав  руу гүйчихдэг гэж байгаа. Миний нэг хуурай ах тэнд сурч байхдаа тэднээс яагаад энгэтлээ айгаад байгааг нь асуусан чинь “борооны ус үсийг чинь мулзлана шүү” гэж анхааруулсан гэдэг. Тэнд бол үс уналт бол бүүр манайхаас ч ноцтой байдалд хүрчихсэн. Түүнээс гадна бидний сохирхолыг татаж байгаа өөр зах зээлүүд ч байгаа. Арабын хойгийн улс орнууд, Энэтхэг гэх мэт.

-“Eco Beauty” салонд үсээ засуулсан хүмүүс ам сайтай байдаг. Та бүгдийг шилдэг үйлчилгээг үзүүлж чаддаг гэдгийг танай хэрэглэгчийн амнаас сонслоо. Та бүгдийн давуу талын нууц нь юундаа байна?

-2000 оны ихээр гадны хөрөнгө оруулалттай компаниуд манай салбарт хүч түрж орж ирсэн. Манай Монголчууд ч тэдэн дээр очиж үйлчилгээ авах ихсэж байлаа. Тэд биднээс илүү чадвартай байна уу, эсвэл технологийн дэвшилдээ байна уу гээд аваад үзэхээр биш юмаа. Манай үсчид ур чадварын хувьд тэднээс илүү гарахаас дутна гэж бол байхгүй. Гол нь тэдний үйлчилгээний соёл илүү байгаад л нууц нь байсан. Энэ тал дээр ажиллах нь зөв юм байна гээд баг хамт олныхоо өмнө “бид шилдэг үйлчилгээ үзүүлэх ёстой” гэдэг зорилго тавиад ажилласан. Шилдэг үйлчилгээ гэдэг нь хүлээлтийг давсан үйлчилгээг хэлдэг. Энэ зорилтыг хангахад бизнесийг онол, арга зүйгээр үйл ажиллагаагаа хөтлөн явуулах менежмент хэрэгтэй. Маркетинг, санхүү, хүний нөөцийн бодлогыг орчин үеийн аргачлалаар боловсруулах нь зөв юм. Манай хамт олон алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс дээрээ нягтарч чадсанд би баяртай байгаа. Энэ бүгд нийлээд байгууллагын хүчирхэг соёлыг бүрдүүлдэг болохыг үзсэн нь миний ажлын нэг ололт байлаа.

Бүтээлч соёл, байнгын сайжруулалт, ажлаа гэсэн чин сэтгэлтэй, чадварлаг баг “Eco Beauty”-ийн давуу тал юм. Энэ хамт олныхоо хүчээр л тавьсан зорилгодоо хүрэх тул хүмүүсээ халамжлах нь чухал гэдгийг ойлгож ажилладаг. Ирээдүйд манай салон Монгол орны өнцөг булан бүрт хүрсэн 30 салбартай том хамт олон болно. Эдгээр зорилгодоо хүрэхэд тасралтгүй суралцаж, мэдлэгээ арвижуулах нь чухал юм.

www.ecobeauty.mn

www.facebook.com/www.ecobeautysalon.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж