Поп опера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “Увертюра” хамтлагийнхан шинэ уран бүтээлийн ажилдаа ханцуй шамлан оржээ. Тэдний мөрөөдлийн нэг болох “Надад үлдсэн найз” мюзиклээ энэ сарын 22, 23, 24-ны өдөр УДЭТ-т тавихаар бэлтгэл ажилдаа оржээ. Эд бэлтгэлийн үеэр очин хамтлагийн ахлагч Г.Пүрэвдагватай ярилцсанаа хүргэж байна.
-Мюзикл тавих санаа хэзээнээс төрсөн бэ?
-Увертюра хамтлаг анх 2009 он байгуулагдахдаа өөрсдөдөө олон зорилт тавьж байсан. Монгол поп урсгалаар дуулна, цомгоо гаргана, анхны бие даасан тоглолтоо оркестортой амьдаар дуулах, мюзикл тавих зорилтыг урдаа тавьсан. Үндсэндээ долоон жилийн хугацаанд мюзиклээ хэрхэн тавих талаар өөр хоорондоо ярилцдаг байсан. Өнгөрсөн жил энэ зорилгоо биелүүлэхээр зорьж ажилласан. Ингээд “Милл” кино компанийнхаа ах нарт санал тавьсан. Ийм утга агуулагтай мюзикл хиймээр байна гэдгээ танилцуулсан. Ингээд мюзиклийн дотрох санааг зохиолч, найруулагч нар гаргасан ингээд өнгөрсөн есөн сарын дундаас бэлтгэл ажилдаа орсон.
-Мюзиклийн гол агуулга юу байх вэ?
-Орчин үед найз нөхөрлөлийн мөн чанар юун дээр оршдог. Мэдээж жаргал, зовлон хүн бүрт тохиолддог. Үүнийг найзууд хэрхэн даван туулж байгааг харуулна. Найз, анд, нөхөрлөл гэдэг зүйл өөр өөр байдаг. Тэгэхээр бид нар эдгээр үгийг салган анд нь хэн юм? найз гэж хэн юм? Нөхөрлөл гэж юуг хэлж байгааг харуулна. Ер нь бол одоо чамд үлдсэн найз хэн юм бэ?, Надад үлдсэн найз хэн юм бэ? Манай үзэгч олон маань яг л энэ асуултыг өөрсдөндөө тавин энэ асуултын хариуг мюзиклээрээ харуулан тавих болно. Таньд үлдсэн найз чинь хэн юм бэ гэдгийг харуулна.
Увертюра хамтлаг түр хугацаанд дээлээ тайлсан байгаа
-Мюзиклийн үеэр хэдэн дуу дулагдах вэ, шинэ уран бүтээл багтсан уу?
-“Надад үлдсэн найз” мюзиклд хуучин дуунуудаас нэг ч дуу дуулагдахгүй. Харин шинэхэн уран бүтээлүүд мюзиклийн үеэр дуулагдана. 2015 онд үзэгч олондоо шинэхэн уран бүтээл хүргэж чадаагүй. Яагаад хийгээгүй гэхлээр уг ажилд шамдан орсон байсан юм.
-Мюзиклд хамтран ажиллаж байгаа уран бүтээлч нараа танилцуулахгүй юу?
-“Милл” кино компани, “Анир” студитэй хамтран ажиллаж байна. “Милл” кино компанийн Б.Мөнхбат зохиолыг бичиж, Лхагважаргал ерөнхий найруулагчаар ажиллаж байна. УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан туслах найруулагчаас гадна туслах дүрт тоглож байгаа. “Анир” студийнхэн хөгжмийн найруулгыг хийж байна. Хөгжмийн зохиолыг Б.Алтанхуяг бичсэн. СУИС-ийн багш Ганбаяр бүжгийн дэглээчээр, зөвлөх найруулагчаар Энхболд, дууны шүлгийг зохиолч, найруулагч Таванбаяр бичсэн.
Надад үлдсэн найз” мюзиклд хуучин дуунуудаас нэг ч дуу дуулагдахгүй
-Танай хамтлагийнхнаас гадна хэн, хэн тоглох вэ?
-“Надад үлдсэн найз” мюзиклийн хувьд нийт найман гол дүртэй. Үүнд Төрийн соёрхот, МУГЖ Ц.Төмөрбаатар, УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан, Б.Нармандах болон СУИС-ийн бүжигчид тоглоно.
-Та дөрвийн хувьд ямар ямар дүрд тоглож байгаа вэ?
-Ж.Ганбаатар Төмрийн дүрд, Л.Рэнчинням Азаагийн дүрд, А.Шинэбаяр Сэргэлэнгийн дүрд, миний бие Итгэлийн дүрд тоглож байгаа.
-“Надад үлдсэн найз” мюзиклийн постерын зурагнаас харахад илүү чөлөөт стильтэй болсон харагдсан. Энэ өнгө төрх чинь уран бүтээлтэй тань хамаатай юу?
-Увертюра хамтлаг түр хугацаанд дээлээ тайлсан байгаа. Манай мюзикл одоо цагийн найз нөхдийн үеэрхэл рүү чиглэсэн учраас орчин үеийн залуусын өнгө төрхийг харуулахыг зорьсон.
Надад үлдсэн найз” мюзиклийн хувьд нийт найман гол дүртэй
-Бэлтгэл яг эд өрнөсөн энэ үед бүжиглээд жүжиглэх хэцүү байна уу?
-Мэргэжил бол мэргэжил сурсан эрдэм бол эрдэм л байдаг юм байна. Бид нарын хувьд Хөгжим бүжгийн сургуулийн мэргэжлийн дуулаачийн ангийг төгссөн. Жүжигчин хүн ямар байх гэдэг анхан шатны зүйлсийг заасан байдаг. Одоо яг тайзан гараад жүжиглэхэд хүнд хэцүү зүйл маш их байна. Гэхдээ жүжигчин Ц.Баясгалан эгчээсээ их зүйл сурч байна даа.
-Мюзиклийн тасалбар хэдэн төгрөг байх вэ?
-УДЭТ-ын касс болон 1900-1950 үнэгүй хүргүүлэн авч болно. Тасалбарын хувьд суудлын зэргээс хамааран 20-30 мянган төгрөг байгаа. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 88683000, 86684000 утаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.
-Тун удахгүй тавигдах мюзиклийн ажилд тань амжилт хүсье.
-Маш их баярлалаа. Бид нарын уран бүтээлийг сонсох дуртай үзэгч олонтойгоо шинэхэн уран бүтээлээрээ уулзах гэж байгаадаа баяртай.
Т.БУЯНАА