Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 07 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Бэлтэс, Хангай нурууны арын Идэр, Чулуут, Орхон, өврийн Богд, Онги, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Тэрэлж, Улиастай, Сэлбэ, Сөгнөгөр, Бороо, зүүн хажуугийн Хэрлэн, Алтай нурууны Ховд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-70 см нэмэгдэж, Бэлтэс, Сөгнөгөр, Тэрэлж, Хэрлэн, Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг 5-15 см даван хүчтэй үерлэж байна.
Маргааш буюу 11-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 60 см нэмэгдэж , үерийн түвшинг 10 см, Чулуут гол Өндөрулаан орчимд 55 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 10 см тус тус даван үерлэх төлөвтэй байна.
Мөн өнөө, маргааш буюу долдугаар сарын 10,11-ний өдрүүдэд төвийн нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар усархаг бороо, цаашид ихэнх нутгаар түр зуурын аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол, мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэнэ.
Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага болон аялаж зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Үүнд,
- Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх.
- Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах.
- Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх.
- Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих.
- Хот суурийн газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
Холбоотой мэдээ